“Олдох”-ын хүүхдүүд

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 12 сар 05

Түрүүч нь http://www.polit.mn/content/72627.htmhttp://www.polit.mn/content/72907.htm

Өнгөрсөн онд улсын хэмжээнд 83618 эх шинээр жирэмсний хяналтад оржээ. Тэдний 86.3 хувь нь эрт буюу гурван сар хүртэлх үедээ эмчийн хяналтад хамрагдсан бол 1.1 хувь нь хожуу буюу долоогоос дээш сартайдаа хяналтад оржээ.

 

Нэрт сурган хүмүү­­­жүүлэгч В.А.Сухомлинский ‘‘Хүн болгон математикч болох албагүй ч хүн бүр аав, ээж болдог” гэсэн суут үг хэлсэн байдаг. Энэ хорвоод хүн болж төрснийх үрээ үлдээх туйлын хүслэн хүн бүрт бий. Гэвч хүсэл нь хясал болж, гэрийг нь гийгүүлэх үргүй бэдэрч яваа монгол залуус нэмэгдсээр байгааг эрүүл мэндийн байгууллагууд анхааруулах болсон. Үргүйдэл гэгч аюулын төвшин олон улсад 10-17 хувьтай байгаа бол Монгол Улсад 8-12 хувьд хүрсэн албан бус мэдээлэл байна. Удмыг нь үргэлжлүүлэх үргүй шаналж яваа нэгэн байхад төрүүлсэн хүүхдээ нүд үзүүрлэн хээр хаяж, амьдралаа хөнгөвчлөх гэсэн бэртэгчин зантан­гууд олширох болжээ.

Өмнөх дугаарт бид олдмол хүүхдүүд хаана хүргэгддэг, тэдний амьдрал хэрхэн өрнөдөг, тэднийг ямар ирээдүй хүлээдэг талаар өгүүлсэн. Асрамжийн газар эсвэл үрчлэгдэх ирээдүйтэй багачуудыг элэг бүтэн амьдруулах ямар боломж байж болохыг эрэлхийлж энэ удаагийн сурвалжлагыг бэлтгэлээ.

Хүүхдүүд хаягдах шалт­гаан янз бүр. Ээж аав нь архи дарсанд толгойгоо мэдүүлж хүүхдээ хайхардаггүйгээс хаягддаг бол хөгжлийн бэрхшээлтэйг нь голж гоочилж хаядаг нь ч бий. Мөн насанд хүрээгүй, оюутан охид хүсээгүй жирэмслэлт, амьдралын нөхцөл тааруугаас ч алаг үрээ төрөнгүүт нь айлын үүд орц, гудамж талбайд хаяж байна. Гэр бүл, эцэг эх байх үүргээ умартаж гэмт хэрэг үйлдэж байгаа эцэг, эхчүүдийг олоход бэрхшээлтэй байдгийг  цагдаа нар хэлдэг. Тэд тайлбарлахдаа үүний шалтгаан нь ч манай төрөх эмнэлгүүдийн бүртгэлийн системтэй холбоотой гэсэн.

Тухайлбал, хүсээгүй жирэмслэлтээс үүдэж хүүхдээ хаяхаар урьдаас төлөвлөсөн нэгэн нэр, хаягаа нуухын тулд өвдөлт өгөх хүртэл эмнэлэгт ханддаггүй. Төрөхөөр болоход 103 дуудан Эх хүүхдийн эрүүл мэндийн төвд хүргэгдэн очиж нэр, хаягаа хуурамчаар бүртгүүлээд эмнэлгийн тусламж авдаг гэж байна. Ингээд төрснийхөө дараа хүүхдээ хаяхад хуурамч хаяг нь “асуудал” болдоггүй гэх юм билээ. Энэ байдлыг нягтлахаар  Эх хүүхдийн эрүүл мэндийн төвд очлоо.

Тус төвийн Тандалт судалгааны албаны дарга Т.Гантуяа “Өнгөрсөн онд улсын хэмжээнд 83618 эх шинээр жирэмсний хяналтад оржээ. Тэдний 86.3 хувь нь эрт үедээ буюу гурван сар хүртэлх үедээ эмчийн хяналтад хамрагдсан. Хожуу буюу долоогоос дээш сартайдаа хяналтад  орсон нийт эхийн 1.1 хувь байна. Төрөлтийн хувьд өнгөрсөн жил 81228 эх амаржсан. Үүнээс Эх хүүхдийн эрүүл мэндийн төвд 11142 эх байна. Тэдний 48 хувь нь орон нутгаас ирж амаржсан эхчүүд” гэсэн мэдээллийг өглөө.

Уг нь эрт үедээ хяналтад орвол эхэд хүүхдээ тээх болон төрөхөд эрсдэлгүй. Гэтэл өнгөрсөн жилийн хувьд жирэмсэн эхчүүдийн 1.1 хувь буюу 1000 орчим эх хожуу хяналтад оржээ. Эмэгтэйчүүд жирэмсний хяналтад хожуу ордгийг олон талаар тайлбарлаж болох ч хүсээгүй жирэмслэлт байх нь элбэг.

Монгол Улсын эрүүл мэндийн салбарын бүртгэлийн систем олон улсдаа ч дээгүүр ордог гэж байна. Тэр дундаа улсын хувийн аль ч төрөх эмнэлэгт төрсөн эхийн мэдээлэл программд заавал орж, нярайн түүх нээгддэг. Төрөхөөр ирсэн эхээс иргэний үнэмлэх, хаяг байршлын мэдээллийг заавал шаарддаг учраас ийн эрсдэл гарах боломж­гүй гэсэн юм. Зөвхөн Эх хүүхдийн эрүүл мэн­дийн төв ч биш нэг, хоёрдугаар төрөх, хувийн эмнэлгүүдэд бүртгэлийн программ ижил юм байна. Гэхдээ бусдын нэрээр төрсөн тохиолдол гараагүй биш гарчээ. Энэ нь өдрийн од шиг, иргэний үнэмлэх нь байхгүйгээс бусдын үнэмлэхээр бүртгүүлж байсан удаатай юм байна. 

Харин эх, нярай эмнэлгээс гарсны дараа нэр, хаяггүй хүүхэд ирсэн тохиолдолд эцэг, эхийг нь тодорхойлох боломжгүйг эмнэлгийнхэн хэллээ. Энэ талаар эмч нар “Эмнэлгээс гарсны дараа хүүхэд олдвол хэн болохыг нь тодорхойлох хэцүү. Цагдаа нар ойролцоо насны хүүхдүүдийн бүрт­гэ­лийг төрөх эмнэлгүүдээс шүүлгээд авдаг. Бодвол хаягаар нь нягталж хайдаг байх. Олох эсэх нь цагдаагийн ажил” гэж байна. Гэвч тэдгээрээс шүүгээд хаягдсан хүүхдүүд гэр бүлдээ эргэж очих тохиолдол олон биш болох нь Хүүхдийн төв сувилалд асруулж буй багачуудын амьдралаас харж болохоор юм билээ. Тус төвд ирсэн хүүхдүүдийн 10 орчим хувь нь л төрсөн гэртээ очиж чаддаг. Үлдсэн нь эцэг, эх нь олдоогүй гэсэн үг.

Үргэлжлэлийг эндээс уншина уу 

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх