Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 12 сар 07
・ 1
-“Хар жагсаалт”-д нэмэрлэх баримтууд-
Цуврал-1
Өнгөрсөн онд “Авлига үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх нь” судалгаанд оролцогчдын 67 хувь нь “Нийгмийн бүх салбарт авлига хэвийн үзэгдэл” гэж хариулсан байлаа. Мөн 44.8 хувь нь “Авлига Үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байна” гэжээ. Сайн аргачлалаар хийгдсэн судалгааны дүн ер нь бодит байдлаас хол зөрдөггүй. Тиймээс ч “…УИХ-ын гишүүний суудлыг 500 саяас 1 тэрбум төгрөгөөр худалдан авах нь энгийн үзэлдэл” гэсэн зарим судлаачдын үг үнэний ортой юм.
Улс төрийн хүрээнийхэн дунд авлигатай тууштай тэмцэх хүсэл зориг илэрхий дутаж байна. Оюу толгой, Таван толгой зэрэг том төслүүд элдэв маргаан, хардлага, хуйвалдаан дагуулж буй нь авлигаас л болоод байгаа нь нууц биш. Иймээс Монголын залуучуудын холбоо ирэх сонгуулийг угтаж “Хар, цагаан жагсаалт” гарган нийтэд мэдээлэх ажлыг хийж эхэлсэн нь харин ч буянтай сайн үйл болж байна. Авлигыг өөгшүүлдэг хэсэг нь тэдний энэ ажилд их л дургүйцэж байгаа бололтой. Гэлээ ч гэсэн олон нийтийн дийлэнх нь 2016 оны сонгуулиас урьтаад улс төрд нэгэнт орон зайгаа алдаж буй нөхдийн “эмзэг” сэдвүүдийг хөндөх, тэдний тухай илүү ихийг мэдэхийг хүсч байна. Энэ нь нэг талаас нийгмийн захиалга биз ээ.
Өнөөдөр олны чихийг дэлдийлгэж, гайхлыг төрүүлсэн олон гэмт хэргийн жагсаалт хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчдийг цас шиг дарж байна. Тэдгээрээс энд бид цувралаар нийтэлж Монголын залуучуудын холбооны санаачлагад тус нэмэр болохыг хичээлээ. Тухайлбал, өнгөрсөн онд дампурлаа зарласан “Хадгаламж” банкны 14.2 тэрбумын хэрэг болон тус банкыг авч ажиллуулж байсан “Жаст” группын эзэн Ш.Батхүүгийн хэргийг уншигчид санаж байгаа байх. Одоо энэ тухай эргэн саная.
“Хадгаламж” банкны 14.2 тэрбумын хэрэг нь Ш.Батхүүгийн одоо шалгагдаж буй Эрдэнэт үйлдвэрийг гадаадын банканд барьцаалж хуурамч баримт, гэрээгээр их хэмжээний мөнгө хуссан хэргээс цаг хугацааны хувьд хол зөрүүтэй л дээ. Гэхдээ эдгээр хэргүүдэд хоорондоо ямар нэгэн далд сэжмээр холбогдон “нууцлагдаж” үлдсэн зүйл цөөнгүй бий.
УИХ-ын 2005 оны 48 дугаар тогтоолоор баталсан “Төрийн өмчийг 2005-2008 онд хувьчлах үндсэн чиглэл”-ийн дагуу 2006 онд Засгийн газрын шийдвэр гарсан байдаг. Энэ шийдвэрээр төрийн эзэмшлийн “Хадгаламж” банкыг хувьчлах уралдаант шалгаруулалтыг Төрийн өмчийн хороо зохион байгуулсан юм. Шалгаруулалтанд Чингис хаан банк, ОХУ-ын Братскийн ардын банк, “Монгол даатгал” ХХК-ийн консерциум ялсан. Төрийн өмчийн хороо үүргээ муугүй биелүүлсэн. Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 2006 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Төрийн өмчийн хорооны тогтоолоор өмчлөх эрхийг шилжүүлсэн. Гэвч ингэж хувьчилсны дараа тус банкны актив хөрөнгөөс их хэмжээний мөнгө дутагдсан асуудал гэнэт босоод иржээ. Хувьчлалд сайн бэлтгэх нь хэдийгээр Төрийн өмчийн хорооны чиг үүрэгт хамаарах боловч нөхцөл байдлыг сайтар анзаарч харвал “Хадгаламж” банкны тухайн үеийн удирдлага 14.2 тэрбум төгрөг дутаасан будлиантай баримтаа яагаад олж илрүүлсэнгүй вэ гэдэг асуулт зайлшгүй тавьж байна. Уралдаант шалгаруулалтаас өмнө ч хууль хяналтын байгууллагад хандах боломж байж л байсан байна. Энэ бол маш хариуцлагагүй явдал.
Мөнгөний хулгайчууд нь “Хадгаламж” банкны Бүртгэл тайлан тооцооны газрын орлогч, нягтлан бодогчоор толгойлуулсан гэдэг боловч чухамдаа хяналтын албаныхан юугаа харж суусан юм бэ. Тэгээд эцсийн дүнд хэрэг шалгагдаж, шүүхээр шийдэгдэхэд хэргийн эзэд буруугаа хүлээн, зохих ял шийтгэлээ биеэр эдлэхэд яагаад заавал тэрхүү 14.2 тэрбум төгрөгийн хохирлоос 13.2 тэрбумыг нь Төрийн өмчийн хороо хариуцах болов. Бас л гайхалтай зүйл энэ мөнөөс мөн байлаа.
2008 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн Чингэлтэй дүүргийн анхан шүүхийн тогтоолд “…тус банкыг хувьчлагдахаас өмнө Ц.Чимэдцэрэн нарын учруулсан 13.5 тэрбум төгрөгийн хохирлыг Төрийн өмчийн хороонд, хувьчлагдсаны дараах 700 сая төгрөгийн хохирлыг шинэ худалдан авагч Хадгаламж банканд тус тус олгуулах…” гээд “…иргэний хуулийн 497, 498, 510 дугаар зүйлд зааснаар иргэний хариуцагч Төрийн өмчийн хорооноос 13.5 тэрбум төгрөгийг гаргуулж хохирогч Хадгаламж банканд олгосугай” гэжээ. Банкыг луйвардсан уг хэрэгт 12 хүн оролцсон байдаг. Тэдгээрийн дотор Ц.Чимэдцэрэнгээс тухайн үед Хөвсөл аймагт болсон УИХ-ын нөхөн сонгуульд пургон автомашин хандиваар авсан УИХ-ын гишүүн асан У.Хүрэлсүх байлаа. Анхан шатны шүүх түүнд 5.1 жилийн ял оноож, 3 жилийг нь Өршөөлийн хуульд хамруулсан бөгөөд удалгүй хэргийг хэрэгсэхгүй болгосон юм.
Ц.Чимэдцэрэн нарын хулгайн эхний үйлдлүүдийн дараагаар “Хадгаламж” банкыг “Жаст” группын Ш.Батхүү худалдаж авсан байлаа. Ц.Чимэдцэрэн нь хэдэн жил шоронд суугаад гарсан. Харин улсад учруулсан дээрх 14.2 тэрбумын хохирол төлөгдсөнгүй. Лав л Төрийн өмчийн хорооны дансанд 13.5 тэрбум төгрөг нь орж ирээгүй гэдэг. Төрийн өмчийн хороо ч ийм хэмжээний мөнгийг Хадгаламж банканд төлөөгүй. Хамгийн гайхалтай нь Хадгаламж банк иргэний шүүхэд маргаан үүсгэж, өнөөх 13.5 тэрбум төгрөг төлөхийг шаардсан бичгээр Төрийн өмчийн хороог “дарж” байв.
2009 онд шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаныхан Төрийн өмчийн хорооны өмч хувьчлалын орлого болох 3.5 тэрбум төгрөгийг данснаас нь шууд татан авчээ. Үүний дараа 9.9 тэрбум гаруй төгрөг буюу дээрх 13.5 тэрбумынхаа үлдэгдэл гэх мөнгөө төлөхийг “Хадгаламж” банкныхан мөн Төрийн өмчийн хорооноос шаадсан юм. Уг нь Төсвийн тухай хуулиараа бол өмч хувьчлалын орлого улсын төсөвт төвлөрөх ёстой. Төрийн өмчийн хороо хулгайч нарын гайгаар Хадгаламж банкны дүрмийн сангийн хэмжээнээс давсан хохирлыг шууд хариуцан барагдуулах үүрэггүй ч гэсэн нэгэнт санхүүгийн хүнд байдалд орсон банкыг дампууруулахгүйн тулд боломжтой бүх арга хэмжээ авсан байв. Сангийн яам ч чардайтлаа зүтгэжээ. Сангийн яамныхан ямартаа л Эрдэнэт үйлдвэрийн хадгаламжаас 8 сая ам.долларыг /зарим бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварт төлснөөр тооцсон гэж тайлбарладаг/ Хадгаламж банканд хадгалуулах мөнгөн хадгаламжийн гэрээ байгуулсан байх билээ дээ.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.