Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 12 сар 07
АСЕМ-ын Дээд түвшний 11 дэх уулзалтыг ирэх оны долдугаар сард Монгол Улсад зохион байгуулахаар болж, бэлтгэл ажилдаа хэдийн ороод байгаа. Уулзалтад 51 орны төр засгийн тэргүүнүүд, Гадаад хэргийн сайд нар, олон улсын байгууллагын төлөөлөгчид хүрэлцэн ирнэ.
Түүнчлэн хэвлэл мэдээлэл, ёслол, хамгаалалт, бизнесийн төлөөлөл гээд нийт 5000 гаруй зочныг хүлээж авна гэсэн урьдчилсан төсөөлөл байдаг. “Саалиа бэлдэхээр саваа бэлд” гэдэгчлэн Монгол Улсад дээд хэмжээний олон тооны зочин хүлээн авах зочид буудлын нөхцөл байдлыг сайжруулахаар багагүй арга хэмжээ авч байгаа. Мэдээж эхний ээлжинд хаана байрлуулах вэ гэдэг асуудал яригдаж, сүүлийн байдлаар 44 зочид буудлыг шалгаруулан, батламжийг нь гардуулан өгөөд байгаа. Гэхдээ эдгээр буудлууд нь шуудхан л тавтай морил гээд зочдоо хүлээгээд авчихаж бас болохгүй.
Тиймээс нэмэлт засвар хийх, үйлчилгээг нь сайжруулах, олон улсын зэрэглэлд хүргэх шаардлага тулгараад байна. Түүнчлэн дэлхийн зочид буудлын сүлжээний дөрвөн буудлыг шинээр нээх саналаа аж ахуй нэгжүүд ирүүлсэн байдаг. Тэдгээр буудлыг барихад мөн л багагүй хөрөнгө шаардагдахаар байсан.
Зочид буудлуудын хөрөнгийн асуудлыг судалж үзээд 150 тэрбум төгрөгийн эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлийг “Хөгжлийн банк”-ны эх үүсвэрээр арилжааны банкуудаар дамжуулан олгоё гэсэн шийдвэрийг Засгийн газраас өнгөрсөн зургаадугаар сарын 3-ны өдрийн хуралдаанаар шийдвэрлэсэн байдаг. Ингэхдээ зээл нь тав хүртэлх жилийн хугацаатай 7-9 хувийн хүүтэй байхаар тусгасан юм.
Гэтэл Гадаад хэргийн яамнаас энэ сарын 1-ний өдөр мэдээлэл хийхдээ АСЕМ-ын бэлтгэл ажлын албаны ахлах Л.Оргил “АСЕМ-ын бэлтгэл ажлын хүрээнд 44 зочид буудалд 150 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай гээд 77 тэрбумыг “Хөгжлийн банк”-наас “Голомт”, “Худалдаа хөгжлийн банк”-аар дамжуулаад олгож эхэлсэн. Зочид буудлуудад олгох санхүүжилтийг “Хөгжлийн банк”-наас гаргаж байгаа бөгөөд буцаж төлөгдөх нөхцөлтэй зээл юм. 150 тэрбум төгрөг бол сонгогдсон 40 хэдэн буудлаас хүссэн хөрөнгө оруулалтын зээлийн нийлбэр дүн юм.” гэж мэдэгдсэн.
Өөрөөр хэлбэл АСЕМ-ын зочдыг хүлээн авах буудлуудад хүссэн зээлийнх нь мөнгийг олгосон гэж хэлсэн. Харамсалтай нь АСЕМ-ын зочдын хүлээж авахаар бэлтгэл хангаж буй 40 гаруй зочид буудал дээрх зээлээс ганц ч төгрөг аваагүй байгаа юм. Түүгээр ч зогсохгүй Зочид буудлуудын холбооны тэргүүн С.Мөнхбатаас энэ талаар асуухад “Би ч өөрөө тухайн мэдээллийн учрыг олоогүй. Гайхсан. Тэр үед андуурагдсан байх.
Манай холбоонд байдаг буудлууд зээлийн мөнгө гэж аваагүй шүү дээ” гэсэн юм. Харин “Хөгжлийн банк”-ны тухайд “Манай банк санхүүжилт хийх мөнгөтэй. “Хөгжлийн банк”-наас санхүүжүүлж буй төслүүдийнхээ жагсаалтад бүгдийг нь бичээд явж байгаа. Тэр зочид буудлуудын хувьд бол олгогдоогүй. Наад асуудал чинь Засгийн газрын түвшинд л яваа байх” гэв.
Үнэхээр ч “Хөгжлийн банк”-ны тайланд “АСЕМ Велла цогцолбор хотхонд 60 тэрбум төгрөг” гэж бичсэн байна билээ. Харин бусад зочид буудлуудын талаар бол нэгэнт өөрсдийнх нь хэлснээр Засгийн газрын түвшинд яваа учраас тайлан мэдээнд нь юу ч байхгүй байгаа аж.
Уг нь буудлуудыг санхүүжүүлэхэд Засгийн газраар шийдвэрлээд байх асуудал ердөө ч байхгүй. Учир нь нийт буудлуудад шаардлагатай 150 тэрбум төгрөгийг “Хөгжлийн банк”-ны эх үүсвэрээр олго гээд аль хэдийн шийдвэрлэчихсэн.
Харин санхүүжилт авсан гээд байгаа нь “АСЕМ Велла” цогцолбор хотхон. Тэдний зээлийн мөнгийг Засгийн газар өнгөрсөн наймдугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаараа “АСЕМ Вилла” цогцолбор хотхоны төслийг хэрэгжүүлэхэд олгох хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрт шаардагдах санхүүжилтийг төслийн орлогоос эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр Монгол Улсын “Хөгжлийн банк”-ны эх үүсвэрээр арилжааны банкаар дамжуулан санхүүжүүлэх гэрээ байгуулан ажиллахыг “Хөгжлийн банк”-ны ТУЗ-д зөвшөөрье” гэж шийдвэрлэсэн байдаг. Ингэснээр тус хотхоныг бүтээн байгуулахад зориулж 60 тэрбумыг “Хөгжлийн банк”-хан гэрлийн хурдаар гаргаад өгчихсөн байгаа юм.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.