Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 12 сар 07
・ 7

Б.ЗАЯА, С.УЯНГА
Бүхээгтэй, бүхээггүй маяти, портер загварын дунд оврын ачааны автомашинууд 5:00 цаг гэхэд зам дагуу урт дараалал үүсгэжээ. Тэдний түрүүч нь 3:00 цагт ирсэн, зарим нь урд шөнө хөдөөнөөс нийслэлд орж ирүүтээ энд хоносон жолооч нар ч байна. Уг нь хаалга аль эрт нээгдсэн ч урт дараалал мөд шингэрэх шинжгүй. Хамгийн урт шөнө үргэлжилж байгаа өдрүүд болохоор таван цагт тас харанхуй байх аж. Өвлийн тэргүүн сар шувтраагүй ч ес эхлэх сургаар дараалал дунд жаахан зогсоход л нуруу руу хүйт даана. Гэвч зах руу орсон эхний автомашины эзэд хүйтнийг үл ажран байраа эзлэн, бүхээгээ нээж, бүхээггүй нь хучлагаа хуу татан худалдаанд бэлдэнэ. Махны гэх тодотголтой “Хүчит шонхор” буюу бидний нэрлэдгээр Дэнжийн мянгын захын өчигдөр өглөөний дүр зураг энэ.
Энэ жил хөдөө аж ахуйн салбарт гамшиг гэмээр зүйл тохиолдсон нь махны үнэ. Худалдааны төв, дэлгүүрийн лангуун дээр 6000-аас буудаггүй хонины мах 3500, 8000-аар худалдаалдаг үхрийн мах 4500 төгрөг болтлоо унаад байгаа. Ямаа, адуу, тэмээний махны хувьд ч ярилтгүй. Иргэдийн гар дээр ийм үнэтэй очиж байгаа махны наймаа малчин, ченжүүдийн хооронд хэрхэн өрнөж байгааг сурвалжлахаар бид “Хүчит шонхор” захыг зорьсон юм.
Өглөө эрт нийслэлийн худалдааны төв, дэлгүүрийн наймаачид голдуу худалдаа хийж байна. “Булганы Могодын сайхан адууны мах байна”, “Хэнтийн Биндэрийн тарга сайтай хонь шүү. Хэдийг авах юм. Олноор авбал ярина”, “Архангайн Цэнхэрийн үхэр заръя” гэсэн ченжүүд машиныхаа дэргэд хоёр, гурваараа эргэлдэж, нэг хэсэг нь тэргэн дээр хонь ямааны гулууз, үхэр, адууны өрөөл махыг овоолчихсон хаа нэг тийш “Зам тавь, зам тавь” хэмээн орлилдон зөрнө. Захын ченжүүдээс махны үнийг сонирхлоо. Хонь кг нь 2800, адуу ч ялгаагүй 2800 төгрөг, ямаа олноор авбал 1700, үхэр нэг кг нь 3800 төгрөг гэж байна. Худалдаанд үхэр, хонины мах дийлэнх. Ямаа, адууны мах арай татуу ирдэг бололтой. Тэмээний мах бүр зарагддаггүй гэх. Гэтэл Булганы Могодоос ирсэн гэсэн ченж портерын чиргүүл дээрх ганц тэмээний махаа зааж нэг кг-ийг нь 2000 төгрөгөөр өгнө гэлээ. Гэхдээ энэ ханшууд өдөр бүр өөр гэнэ. 100-200 төгрөгийн хэлбэлзэлтэй байдаг юм байна. Наймаа хэр байгааг ченжүүдээс асуулаа. “Худалдан авагч эрс цөөрсөн. Бараг алдагдалтай наймаа хийж байна. Хөдөөнөөс ачаад ирсэн зардлаа арай ядан барьж авч байна” гэсэн аястай тайлбарыг хэлэх юм. Тэднээс мах худалдаж авч байгаа жижиглэнгийн наймаачид ч ийм үгээр ам таглалаа. “Хямрал болоод худалдаа эрс муудсан. Хоёр хоногтоо эргэдэг байснаа долоо хонож байж махаа татаж байна. Анхны үнэ дээрээ 200-400 төгрөг нэмдэг болохоор гавьсан ашиг хардаггүй” хэмээн СХД-т худалдааны төвд махны лангуу ажиллуулдаг С.Эрдэнэ хэллээ. Тэднээс гадна Дэнжийн мянгын өөрсдийнх нь жижиглэнгийн худалдаачид ч ченжүүдээс, үнэ буулгахыг гуйж зогсоо харагдав.

“Малчид бид махаа ченжүүдийн гараар оруулахгүй зарах сонирхолтой байдаг. Мал, махны үнэ уначихаар амьдрал хүндэрч байна”
Ченжүүдийг малчдын гар дээрээс хэдэн төгрөгөөр махаа авдгийг асуухад “Бид өөрсдөө малчид. Хотныхоо хэдийг хагалаад авчирч зарж байна” гээд өөрийг хэлэх шинжгүй. Хүчит шонхор захад ченжүүд л зогсдог юм байна. Малчид хотноосоо, эсвэл Эмээлт дээрээс худалдаагаа хийгээд буцдаг ажээ. Цөөн тооны малчин л зах дээр худалдаа хийдэг бололтой. Шуудай зардаг эмэгтэй “Малчин ченж хоёр ялгардаггүй. Олонх нь ченжүүд байгаа” хэмээв Булганы Могодоос ирсэн малчин залуу н.Болдтой уулзлаа. “Малчид бид махаа ченжүүдийн гараар оруулахгүй зарах сонирхолтой байдаг. Мал, махны үнэ уначихаар амьдрал хүндэрч байна. Зээл, оюутны сурагчдын төлбөрөөс эхлээд ахуйн хэрэглээний мөнгө ч хүрэлцэхэд бэрх болж байна. Ченжүүд малчдаас авсан махан дээрээ 500-1000 төгрөг нэмж зардаг. Адууны гэдэс өнгөрсөн жил 30 мянгатай байсан бол одоо 18-20 мянгаар авч байна. Бидний бүтэн жилийн хөдөлмөр, идэш тэжээл гээд багагүй зардалтай малын махны үнэ ингэж унах ч гэж дээ” гэж халагласаар одов. Түүний ярьснаар бол ченжүүд малчдаас ямааны махыг нэг кг нь 800-1000, адууных 1800-2300, үхрийн махыг 2800 төгрөгөөр авдаг болж таарах нь. Хонины мах ч адил 1800-2300 төгрөгөөр авч байгаа гэсэн үг. Гулуузаар бодвол ямааных 20 гаруй мянган төгрөг, хониных 30 гаруй мянган төгрөг болж байна.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.