Т.Эрдэнэбилэг: С.Зоригийг хөнөөсөн хэргийг казиногийн дуулианаар замхруулсан

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 12 сар 08 ・ 4

Ч.ҮЛ-ОЛДОХ

 

Манай сонины ¹243 (5169) дугаар тнийтлэгдсэн С.Зориг агсны амь насаа алдсанхэргийг мөрдөн байцаах ажилд туслах чигүүрэг бүхий УИХ дахь Ажлын хэсгийг ахалжбайсан УИХ-ын гишүүн асанТ.Эрдэнэбилэгийн ярилцлагыг үргэлжлүүлэнхүргэж байна.

-Ардчилсан холбоо эвслийн  эрх мэдлийнхуваарилалт ямар байсныг жаахантодруулахгүй юу?

-1996 оны сонгуулиар Ардчилсан холбоо эвсэл 50 суудал авсан. Эвсэл дотроо Социал демократ нам (15), Үндэсний ардчилсан нам (35), Ногоон нам, Шашинтны ардчилсан нам гэсэн дөрвөн намтай, сүүлийн хоёр нам нь суудалгүй байсан.  Ардчилсан холбоо эвслийн 50 суудал дотроо МҮАН-аас С.Зориг, МСДН-аас А.Ганбаатар нартай нэг фракц болж явдаг нөхөд гэж тодорхой тооны хүмүүс байлаа. Тэр дотроо фракцын цөм нь гэх үү дээ байнга дагагсад гэж над мэтийн арван хэдэн хүн байсан юм. Үлдсэн хэсэг нь бол сайн дураа хүрэхээр орж ирдэг, дургүйгээ хүрэхээр гараад явчихдаг, нэг дээрээ тогтохгүй шилжиж явах дуртай хүмүүс л дээ. Нэг удаа тоо гаргаж үзэхэд бидэн дээр цуглардаг УИХ-ын гишүүдийн тоо нийт 50-аас тал хувь нь буюу 23-24 хүрч байсан юм даг. Тэр утгаараа их хүчтэй хэсэг болж байлаа. УИХ дээр бүгд суухад ямар нэгэн шийдвэрийг унагах чадвартай, босгох ч боломжтой. Одоо бол фракц гэдэг ойлголт жижгэрсэн байх. Тэр үед битүүхэн иймэрхүү үйл ажиллагаа явж байгааг мэдсэн Э.Бат-Үүл зэрэг намын зарим нэг нь унтуу нь хүрсэн янзтай мань мэтэд дургүйцлээ  гаргана. 

 

Хэсэг хүнийг нэгтгэн  кноп даруулж чадаж байгаад атаархдаг байсан уу, ямартай ч нам дотор фракц үүсгэлээ гэхчлэн дайрч давшлах маягтай. Түүнээс болж хааяа “Чи, би”-дээ хүрэх  явдал тохиолддог л  байлаа.

-Ер нь бол эрх мэдлийн асуудлаас, тухайлбал Ерөнхий сайдын томилгоотой холбоотойгоор 1998 оныаравдугаар сарын 2-ны аймшигт аллага үйлдэгдсэн гэсэн ойлголт нийгэмд байдаг шүү дээ?

-Тэр ортой. Тухайн үед Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга байсан С.Баяр хэргийн учрын талаар өөрийн таамаглалыг дэвшүүлээгүй боловч, болсон процессыг нэлээн тодорхой ярьсан шүү дээ. 1998 оны аравдугаар сарын 2-ны орой уулзсан тухайгаа, тэр үед Н.Багабанди гуай  Ерөнхийлөгч байсан, түүний үгийг дамжуулснаа.  Ерөнхийлөгчийн зүгээс С.Зоригийг Ерөнхий сайдад дэмжих юм байна гээд тохиролцчихсон байсан байгаа юм. Миний хувьд иймэрхүү битүү хэлэлцээр, хөшигний ар дахь үйл явдалд оролцож байгаагүй. Өөрөө харсан, сонссон юм шиг гэрч байж чадахгүй, тэр асуудалд. Гэхдээ мэдэх хүмүүс нь ярьчихсан учраас, талийгаачийг Ерөнхий сайдад жиг, жуг хийх янзаар биш, бүр хамгийн дээд түвшинд яригдаж байсныг огт тийм юм болоогүй мэт царай гаргаж  үгүйсгэж болохгүй. Гэтэл тас үгүйсгэсэн яриа Ардчилсан холбоо эвслийн удирдлага дотроос нэг бус удаа сонсдож байгааг ажаад тэр бүрт гайхаш төрдөг байсан. Бүр “Тийм асуудал нам дээр яригдаагүй шүү дээ” гэж хэлдэг юм билээ, зарим нь. Тэр бол олон түмнийг төөрөлдүүлэх гэсэн асуудал. Ерөнхий сайдын асуудал байсан уу гэвэл, байсан л байхгүй юу. Ганц С.Зориг дээр ч биш, өөр хүмүүсийн тухайд ч байсан. Гэхдээ Ерөнхийлөгчийн зүгээс татгалзахгүй, харин ч дэмжүүлнэ гэсэн хариу авсан ганц хүн нь С.Зориг байсан байдаг. Да.Ганболдын нэр зургаан удаа буцаагдчихаад байсан цаг. Талийгаачаас хойш долоо дахь удаагийнх нь болж бас л буцсан. Ерөөс  Ерөнхийлөгчийн босгыг давж чадахгүй байсан. Тэр үеийн дэгтэй холбоотой хуульзүйн орчин ч нэлээд хатуу, чанга талдаа. Тэрийгээ ч Ерөнхийлөгч бүрэн утгаар нь ашигласан байх. Тэрийг нь би буруутгаж ярьж буй юм биш, зөвтгөх үүднээс ярих санаа бодол бас алга. Сөрөг намын, дээр нь 1996 оны ялагдлынхаа хорслыг тайлж чадаагүй хүн байсан шүү дээ, Ерөнхийлөгч. С.Зоригийн хувьд бүх намтай жигд харилцаатай байж чаддагаараа  улстөрчийнхөө хувьд бусдаас жинтэй байсан гэж би дотроо дүгнэдэг юм. Их хурлын төвшинд хувь хүн гэдэг утгаар ч юм уу, намд нь дургүйцэх гэхчлэн асуудал С.Зоригийн хувьд огт байгаагүй. Бүгдтэй нь адил тэгш харилцдаг. О.Дашбалбартай ч дотно юман дээрээ дотно нөхөд явсан. Тэгээд ч улстөрийн тогоо гэдэг зах дээр наймаа хийж буй юм шиг үнэ хаялцдаг, наймаалцдаг үзэгдлээр дүүрэн. Бусад улс орны жишиг ч ийм. Түүнд гайхах, эгдүүцэх юм байхгүй. Тэгж байж улстөрийн хоол буцалж, бүтээгдэхүүн гарч байдаг жамтай. Өгөө, аваагүйгээр юу ч гарахгүй. Улстөрийн намуудын хооронд зөвшилцөх, тохиролцох асуудал хийгдэж байж л улстөрийн зах зээл дээр үнэлэгдэх бүтээгдэхүүн гаргана гэсэн үг.

-Аллага болсон тэр шөнө та хэргийн газарт, талийгаачийн гэрт  очсон уу?

-Бид юу ч мэдээгүй. Ер нь тэр шөнө манай фракцаас хүн очоогүй, үүнийг би баттай хэлж чадна. Бас нэг зүйлийг баттай хэлж болно. Тэр нь юу вэ гэвэл, маргааш нь буюу аравдугаар сарын 3-ны орой Булган руу ярихад биднийг “Хүрээд ир” гэсэн. Нар арай жаргаагүй байсан, очиход  гэрээ цэвэрлээд дуусч байсан. Тусласан хүн байхгүй байх, ганцаараа цэвэрлэгээгээ хийсэн болов уу. Тэгээд “Та нар түр зогсч бай, энэ булан үлдчихэж” гээд шалны алчуураар босгоны шалан дээрх цусны толбыг арчиж байсан. Сүүлд “Хүн орж ирэх байх гээд гэрээ цэвэрлэсэн” гэж өөрөө ч ярьсан байдаг. Хүн орж ирэх байх гэдэг нь биднийгээ хэлсэн байх. Ойр дотныхон гэдэг юм уу, алагдсан хохирогчийн талын улсууд. Бид “Ингээд хамаагүй орж болох юм уу, ус хүргэж арчиж болж байгаа юм уу” гэж асууж байсан. Тэр үед бүгдээрээ шоконд орчихсон, уй гашуудлаа хуваалцахаар цугласан нь тэр.Талийгаачийнхаас гараад гэртээ харихдаа би машинаа байрны гадаа манаачид захиж үлдээгээд өглөө босоход, цонх шилийг нь хагалаад, дотроос нь салгаж болох юмыг нь тайлаад  аваад явчихсан байсан. Цагдаа шалгаж, хурууны хээ авсан, бас л шалгах илрүүлэх талд хөдлөөгүй дээ.Тэгэхээр УИХ-ын гишүүний байр, унаа халдашгүй байх хуулийн зарчим цаасан дээрээ л байдгаас цаашгүй, хэрэгжүүлдэг юм байгаагүй тэр үед. Одоо ямар болсон юм бүү мэд. Харин 2-ны шөнө яах гэж тийшээ хүмүүс очсон, тэднийг хэн зохион байгуулалттайгаар дуудаж цуглуулсан тухайд, би хувьдаа тэр асуудлыг ердөөсөө ойлгодоггүй, санамсаргүй тийм юм болсон гэдэгт ч эргэлзээ төрдөг. Үүнийг судлах хэрэгтэй. “Цагдаагийн нэг дарга над руу утасдаад, би яваад очсон” гэж зарим нь хэлдэг юм байна лээ. Цагдаагийн дарга яагаад тэр хүн рүү утасдсан юм. Тэр хүн ямар учир холбогдолтой юм. Эдгээр асуултад хангалттай хариулт өгч байгаа албан тушаалтан байна уу?

-Өнөөдөр та бид хоёрын ярилцаж суугаа арванхоёрдугаар сарын 2-ны өдөр хэргийг илрүүлэх УИХ-ынАжлын хэсгийн ахлагчаар таныг томилж байсан юм билээ. Ажлын хэсгийн ажил ямар байдлаар явж байвдаа?

-Хэрэг гараад хоёр сар өнгөрчихөөд байхад хүчний байгууллагынхан мэдэгдэл  хийдэггүй, алуурчныг олох ажил цаанаа нэг л битүү байгаад байдаг. Сэтгүүлчид тэднээс асуухаар “Шалгаж байгаа” л гэдэг.Эсвэл “Мөрдөн байцаалтын нууц” гэх мэт жижүүрийн үгээр аргацааж өнгөрүүлнэ. Дээр нь манай парламент, Монгол Улсын түүхэнд тийм асуудлаар комисс байгуулж байгаагүй. Бариад авах туршлага байдаггүй. Тэгээд Америкт  Ерөнхийлөгч Ж.Ф.Кеннеди алагдахад Уоррены комисс байгуулагдаж байснаас санаа авч зүгээр нэг ажлын хэсэг ч биш бүр яг комисс нэртэй тийм хөндлөнгийн хяналт шалгалтын бүтэц зохион байгуулж ажилд оруулах нь зүйтэй гэж бидний хэсэг нөхөд үзсэн. Санаачлагчдын нэг нь би. Хэн орж, ямар үүрэгтэй ажиллах нь явцын дунд шийдэгдээд явсан. Анхны санаа нь хянах үүрэгтэй гэж оруулж ирсэн юм. Мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих, илрүүлэхийн төлөө ажиллаж байна уу, үгүй юу гэдэгт түлхэц болох зорилготой. Эцсийн бүлэгт парламент ямар ч асуудлаар хяналт тавих Үндсэн хуулиар олгогдсон эрхтэй шүү дээ. Гэтэл үүнийг, яагаад ч юм, тэр үеийн МАХН-ын бүлгийн гишүүд цөөнхийн зүгээс жигтэйхэн эсэргүүцэж баахан юм болдог юм байна. Тэд 26-уулаа, зангидсан гар шиг, дээр нь Уламжлалын нэгдсэн намын нэг гишүүн О.Дашбалбар нэмэгдэхээр 27 болчихдог, Ардчилсан холбоо эвслийн хувьд М.Чимэдцэрэн гишүүн тэр  хавар золгүй явдлаар нас барсан учраас 50 биш 49, С.Зориг алагдаад 48 гишүүнтэй болчихсон байсан үе. Цөөнхийн зүгээс “Та нар мөрдөн байцаах ажиллагаанд хамаагүй орж болохгүй” гээд л гэдрэгээ суучихсан. Тэгээд ч  коммунист сахилга арилаагүй үе. Дотроо яриад нэг шийдчихсэн л бол ямар ч чухал асуудал байсан гацаагаад зогсоочихно. Хуульч гишүүд нь үүргүүдээ хуваагаад авчихдаг. Ж.Бямбадорж, Ц.Нямдорж, С.Төмөр, Ц.Шаравдорж нар дараалаад л  хууль сахиулах ажлын онцлог ийм байдаг, тийм байдаг, хутгалдах л юм бол болохоо байчихна гэж номчирхож өгнө, элдэв  үндэслэлээр булна. Тэднийхээр бол алуурчныг хэзээ хэзээгүй олох гэж байхад нь эд нар гарч ирээд улс төрийн аргаар нөлөөлж талаар болгох аюултай гэж  ойлгогдохоор яриад байсан. Ингээд комисс гэдгийг Ажлын хэсэг болгоод, ажлын хэсгийн хянах үүрэгтэй гэдгийг хасуулж, зөвхөн туслалцаа үзүүлнэ гэсэн томъёоллоор санал хураасан. Чиг үүргийн хувьд, нэгдүгээрт, мөрдөн байцаалтад саад тотгор учирвал арилгах, хоёрдугаарт, байгууллагуудын уялдаа холбоог хангах гэсэн үүргийг тусгаж, дөрвөн хүний бүрэлдэхүүнтэйгээр баталсан. Дөрөв гэдгийн учир нь гол гол намуудаас тус бүр нэг төлөөлөл оруулъя гээд МҮАН-аас намайг, МСДН-аас Р.Бадамдамдинг (бас манай фракцид ордог байсан), МАХН /МАН/-аас Д.Дэмбэрэлийг сонгож, дөрөв дэх хүн нь Ажлын хэсгийн нарийн бичгийн дарга байх ёстой гээд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны референт  Батдэлгэр гэдэг нууц хариуцдаг Тамгын газрын ажилтныг тавьсан. Цагдаагийн зүгээс мөрдөн байцаалтыг улсын хэмжээнд удирдан зоион байгуулах ажлыг хангаж байсан ажлын хэсгийн ахлагч нь тэр үеийн Улсын мөрдөн байцаах газрын дарга, хурандаа Д.Алтангэрэл, ЦЕГ-ын дарга нь хурандаа Д.Мөрөн, орлогч нь А.Дулаанжаргал байсан. Намын харъяалал ярих юм бол энэ хүмүүс бүгд МАХН /МАН/-ын угшилтай. Ажлын хэсэг сар болгон хуралддаг. Цагдаагийн ажлын хэсэг 20-30 хүнтэй, гүйцэтгэх ажлын шугамаар ч цөөнгүй хүн ажиллуулдаг. Мөрдөн байцаагч гээд аймаг бүрт ажлын хэсгийн хүн томилчихсон. Улс орон даяар тэр чиглэлд ажил зохиож байсан. Хааяа ахуйн хүрээний материал-техникийн шинжтэй, жишээ нь гар утсаар хангуулах, төсвөө нэмүүлэх ч гэдэг юмуу ойр зуурын асуудал тавибал,  Сангийн сайдыг ч хамаагүй барьж аваад уулзаж яриад шийдээд өгдөг л байсан. Харин мөрдөн байцаалтынх нь ерөнхий чиглэлд, тухайлбал,  та нар энийг л шалга гээд үүрэг буулгах,чиглэл өгөх эрхгүй.

-Гэхдээ л хэргийн талаар тулж ярьдаг, асуудаг байсан биз дээ?

-Ер нь бол уулзаж байгаагийн хувьд асуудаг л байсан. Эрдэнэтийн асуудлыг асууна. Яагаад гэвэл. “Алуурчид бие биеэ Батаа, Оюун гэж дуудаж байсан. Тэгээд  Эрдэнэтийн эхлэл гээд хашгираад явсан” гэж Булганы мэдүүлэгт байдаг. Тиймээс “Үүнийг ямар шатанд шалгах гэж байна” гэж асууна. Тэр болгонд хариу өгөхгүй. Хариулсан болоод өнгөрөх, ганц хоер жижүүрийн үгээр аргацаах, эсвэл огт хариулахгүй . Бид болохоор хэлж, дэлгэж болохгүй юмыг нь асууж дээ гээд өнгөрнө. Мэргэжлийн үүрэг, мөрдөн байцаалтын нууцлал гэж мэдээж байсан л байх. Тиймээс бие биедээ хүлээцтэй хандая, үр дүнд хүргэе гэсэн зорилго тавьж байлаа. Зарим талаар цагдаагийн дарга нартай ам мурийх юм ч гарч л байсан. Ажлын хэсгийг ахалж байсны хувьд, ажил санаачлаад явуулъя гэхээр цагдаагийн дарга нар “болохгүй шүү” гэж хатуухан хэлчих маягтай. Гэхдээ харилцаагаа муутгаж болохгүй, хүлээцтэй  хандаж, хамтарч ажиллах үүднээс хэнийх нь зөв юм гэдгийг ухаж төнхөхгүйгээр тэр бүр дээр биеэ барьдаг байсан. Зарим зүйлийг хэлж болохгүй байна. Хүмүүсийн зан харилцааны асуудал учраас, хов жив ярьсан мэт болчих гээд, нөгөө талаар мөрдөн байцаалттай холбоотой асуудал. Гэхдээ айхтар нууж хаах юм байхгүй. Ер нь бол гадны янз бүрийн хүмүүсийг дуудна уу гэхээс дуртай нь ажлын хэсгийн хуралд орж ирж суугаад, бичлэг энэ тэр хийх эрхгүй. Ажлын хэсэг сонин хэвлэлд өөрсдөө хандаад ч юмуу хамтарсан хурал боллоо, уулзалт хийлээ, энэ тэр  гэж нэг ч удаа мэдэгдэл өгөөгүй шиг санаж байна. Өөрсдийгөө сурталчлах ч гэдэг юм уу, шоудна гэдгээс ёстой хол, гаднаас нь харвал бидний ажил гадагшаа халихгүйгээр зөвхөн дотроо л явдаг байв.

-Хэрэгтнийг эрж хайх, олох хамтын ажиллагаа гэдэг нь тэгээд чухам юу байв?

-Хэргийг илрүүлэхэд байгууллага, албан тушаалтны хоорондын уялдаа холбоог хангаж ажиллана гэдэгт цэргийн анги нэгтгэл, хорих газраас оргон зайлсан хүмүүсийн судалгаа гаргах, мэдээлэл цуглуулах гэхчлэн Их хурлын зүгээс хандахад арай шуурхай өгөхөөр, тийм байдлаар бодит туслалцаа хүргэх ажил мэр сэр гардаг л байсан. Саад тотгор арилгана гэдэг дээр тогтож ярихад цагдаагийнхантай нийлж хурал хийх тоолонд, Ажлын хэсгийн ахлагчийн хувьд хурлаа нээгээд л ерөнхийдөө тийм утгатай асуултаас эхэлдэг байсан. Өнөөдрийн байдлаар ямар саад бэрхшээл байна, ялангуяа улстөрийн зүгээс танай ажилд тээг болсон юм байна уу, бүр тийм хүмүүс байх юмуу гэж ирээд л асуудаг. Байвал дор нь мэдэгдээрэй гэж сануулж бишгүй л хэлдэг байлаа. Тэгэхэд “Ямар ч саад алга”. “Илрүүлэх бололцоо байна.  Хайж байна. Олохын төлөө бүхий л чадлаараа ажиллаж байна” гэж хариулдаг байсан. Тэгэхдээ тийм машиныг шалгалаа, тэр хүнийг сэжиглэж байна гэж цухас дурдахаас биш, бас дэлгэрүүлээд яриад байхгүй. Мэдээлэл нь ч тийм их уялдаа холбоотой биш. Түүнийг нь бид гадагш гаргадаггүй байсан, ямар ч байдлаар хэнд ч юу ч ярьж болохгүй гэдгээ ажлын хэсэгт орсон бид анхнаасаа хоорондоо яв цав тохирсон юм.

-Цагдаагийн ажлын хэсэг, УИХ дахь Ажлын хэсгээс гадна  өөр ажлын хэсэг байсан уу. Байсан бол ямартөвшинд хамтарч байв?

-Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба гэж байдаг. Одоо ч бий. Тэр үед одоогийнх шиг том аппарат байгаагүй ч нарийн бичгийн дарга гэж байсан (дараа нь ТТГ-ын дарга болсон Р.Болд гуай). Тэр ажлын хэсэгтэй хамтарч бид нэг удаа Ж.Наранцацралт Ерөнхий сайдын үед, Хууль зүйн сайд Л.Цогийг оролцуулан хүчний байгууллагынхны  ганц нэг төлөөллийг оролцуулсан уулзалт хийж, хэрэг илрүүлэлтийн явцын талаар санал бодлоо солилцох маягаар маш товчхон мэдээлэл авсан, би тэгэхэд тэсэхгүй “Цаг хугацаа их алдаж байна шүү, нөхөд өө”  гэж  жаахан зэмлээд гарсан. Энд бас нэг юм дурдах хэрэгтэй байх. УИХ-ын Ажлын хэсэг байгуулагдахаас өмнө мөрдөн байцаагчид Төрийн ордонд орж ирээд гишүүдээс УИХ, ЗГ-ын гишүүдээс хэрэгтэй холбогдуулж юм асуугаад явдаг байсан. Би бүх юмаа нууж хаалгүй бүгдийг ярьсан. Ямар цааш нь дамжуулах биш, анализ хийгээд, завсраас нь ямар нэгэн сэжүүр гарах ч юм бил үү гэж бодоод ёстой далан булчирхайгаа тоочиж өгсөн. Цагдаагийн тэмдэглэлд байгаа байх, байх ч ёстой. Тэр бол цагдаагийнхан хэргийн халуун мөрөөр ажиллаж байх үе шүү дээ. Тендертэй холбоотой мөнгөний асуудал яригдаж байсан ч цаг.

-Ардчилсан холбооныхон хоорондоо үзэлцэж байсан гэдэг. Одоо ч нууцхан толхил­цоон байдаг шиг ээ?

-Тэр үед өмнөх Ерөнхий сайд М.Энхсайханыг буруут­гаж, бараг л зохион бай­гуулж, аллагыг захиалсан гэх утгатай зүйлүүд гарч байсан. Ардчилсан холбооныхон дотроо талцаж, бие биеэ хардаж сэрдэх асуудал ч байх нь байсан шүү.Байцаагчид Их хурлын гишүүдэд  асуулт тавьж, хариу авах маягаар материал нэлээд ихийг л цуглуулсан байх учиртай. Дараа нь Их хурлын ажлын хэсэг байгуулагдах үед тэр байцаагчаас ажил хэр явж байгааг асуухад “Зарим гишүүн юу ч ярихгүй байна. Нас барсан орой нь хамт байсан хүмүүс ч хүртэл юу ч ярихгүй юм” гэсэн. Зарим хүн өөрөөсөө асуудлыг хөндийрүүлж, тэр үйл явдалд ямар ч байдлаар оролцож болохгүй юм байна, өөртөө халтай зүйл болно гэж сэрэмжилсэн байдлаар огт мэдээлэл өгөхгүй, мөрдөн байцаах ажилд туслахгүй хаалт хийх арга барилаар явсан шиг байгаа юм. Үүнийг би улс төрийн саад тотгор байсан гэж боддог. Гэхдээ тэр бүгдийг цагдаагийн ажлын хэсэг бидэнд ярьдаггүй байсан. Харин байнга ярьдаг зүйл нь олох гэж хичээл зүтгэл их гаргаж, амрах цаггүй хөөцөлдөж гүйж байна гэж  ярих их дуртай.Бид ч үнэхээр л тийм байж таарна гэсэн шүү юм бодоод өнгөрнө, ариун шударгаар хэлэхэд, нэг ёсондоо өөрийгөө тайтгаруулаад гэх үү дээ, одоо бодоход  тийм юмыг нь сонсоод суух дуртай л байж л дээ...

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

4 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • сонгогч / 2015 12 сар 11/

    тэр уеийн эрх мэдэл горилогчид л алсан мэдэж ядаад байх юмгуй.97 онд наранацралт ерэнхийлэгч болох нь тодорхой л байсан. тумний санаа сэтгэл туун руу л болчихсон байсан.

    Хариулах
  • сонгогч / 2015 12 сар 11/

    тэр уеийн эрх мэдэл горилогчид л алсан мэдэж ядаад байх юмгуй.97 онд наранацралт ерэнхийлэгч болох нь тодорхой л байсан. тумний санаа сэтгэл туун руу л болчихсон байсан.

    Хариулах
  • сонгогч / 2015 12 сар 11/

    тэр уеийн эрх мэдэл горилогчид л алсан мэдэж ядаад байх юмгуй.97 онд наранацралт ерэнхийлэгч болох нь тодорхой л байсан. тумний санаа сэтгэл туун руу л болчихсон байсан.

    Хариулах
  • сонгогч / 2015 12 сар 11/

    тэр уеийн эрх мэдэл горилогчид л алсан мэдэж ядаад байх юмгуй.97 онд наранацралт ерэнхийлэгч болох нь тодорхой л байсан. тумний санаа сэтгэл туун руу л болчихсон байсан.

    Хариулах