XXI зууны монголчууд хормойн өвчинд дарлуулж суух нь эмгэнэл

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 12 сар 09
-10 мянган хүн тутмын 24 нь тэмбүү өвчнөөр өвчилж байна-


Бэлгийн замын халдварт өвчний гаралт эрс нэмэгдэж байна, улаан тарианы үе эргэн ирлээ гэх зэргээр сэтгэл өвтгөсөн мэдээ мэдээлэл, тоо баримт хэвлэл мэдээллээр цацагдах боллоо. Албан тоо баримтууд ч айдас төрүүлэм байгаа нь нууц биш. Тиймээс манай сонин энэ удаагийн “Дугаарын сурвалжлага”-аар үнэхээр манай улсад тэртээ 1940 оных шиг буюу улаан тарианы үе эргэн ирээд байгаа эсэхийг сурвалжиллаа.
 

Тэмбүү өвчин Монголд 1700-аад оны үед орж ирсэн


Тэмбүү өвчин хамгийн анх хэзээ, хэрхэн дэлгэрсэн талаар нэлээд маргаантай байдаг аж. Гэхдээ 1400-аад онд Европ тивд анх бүртгэгдэж, улмаар 1500 он гэхэд дэлхий нийтээр тархсан гэж эрдэмтэд үздэг байна. Тэмбүү нь цайвар гэж нэрлэгдэх нянгаар үүсгэгддэг бөгөөд үүнээс даруй 400 жилийн дараа буюу  1906 онд Вассерман, Нейссер, Брук нар тэмбүүг оношлох шинжилгээг гаргаж ирж байжээ. Харин орчин үед тэмбүүг цусны шинжилгээгээр илрүүлэх бөгөөд Вассерманы гэдэг шошготой хэвээр байдаг гэнэ. 



Харин Монгол Улсад хэдий үеэр тэмбүү өвчин дэлгэрсэн болох нь гүйцэд судлагдаагүй ч, өмнөд хөршөөс орж ирсэн гэх таамгийг гадаадын болон монголын эрдэмтэд дэвшүүлдэг байна. Энд нэгэн жишээ дурьдвал, 1960 онд Ч.Долгор, Ц.Нямдорж нар нэгэн сонирхолтой өгүүлэл хэвлүүлж, түүндээ гэлэн эмч Чойндонгийн өргөх бичгийг нийтэлсэн байжээ. Тэрхүү бичгийг сийрүүлбэл “Цахарын өртөөний цэргийн хэргийг хавсран захирагчийн харьяат гэлэн эмч Чойндонгоос дээд журганы сайд дор өргөх бичиг. 

Манай хошууны цахарын өртөөний пүүсийн данжаад Лю Ще Цеогийн бөгс муу махны яр хэмээх дотор газрын өвчин сэдрэн харьяа газрын зарим нэгэн эхнэрүүдийн ба уламхүү цэрэг Сампил нар дор халдварлан тархаж, энэ нутаг орноо засахуй дор бэрхтэй болсон ба алдалгүй туслан анагаах эмгүй болно. Учир ийм дор өвчтэй иргэн Лю Ще Цеог нутагт нь даруй буцаан зайлуулж өвчнөө хэлмэгдэн буй хүмүүсийг өтөр түргэн засахуй дор туслах мөнгөний ус, жонсын нунтаг зэргийг тус газраа ирүүлэхийг гүнээ эрэн өргөв. Тэнгэр тэтгэсний 50 он, намрын дунд сарын 13” гэсэн байдаг аж. Манжийн хааны тэнгэр тэтгэсний 50 он нь Европын тооллоор 1736 оноос эхэлдэг байна. Гэлэн эмчийн энэхүү өргөх бичиг Монголд тэмбүү өвчин хэрхэн дэлгэрснийг гэрчлэх баримт болж үлджээ. 

Энэ мэт түүхэн баримтуудаас үзэхэд, Монгол улс Манж Хятадын эрхшээлд орсон 17 дугаар зууны сүүл үеэс тэмбүү өвчин манай оронд тархсан гэж үзэж болохоор байгаа юм. Зарим түүхчдийн хувьд Манжийн дарлалын үед шарын шашныг өргөн дэлгэрүүлэх, хүн амын дунд өнгөний өвчнийг тараах нь тухайн үедээ хятадын колоничлогчдоос монголын хүн амыг устгах гэсэн өвөрмөц маягийн биологийн дайны арга байсан гэж ч үзэх нь бий. Ямартай ч, Монголд тэмбүү өвчин 1700-аад оны үед дэлгэрсэн байх магадлалтай байгаа юм. 

Хуучин Монголын эмч нарын хувьд тэмбүү өвчнийг “Дотор газрын яр” гэж нэрлэж ирсэн бол  орчин үеийн Монголын анагаах ухаанд тэмбүү хэмээн томьёолсон байгаа юм. Тэмбүү гэдэг үг нь монгол үг биш бөгөөд хятад хэлний Тяньбу гэх үгнээс гаралтай аж. Тянь гэдэг нь тэнгэр гэсэн утгатай бол Бу нь өвчин гэх утгатай  гэнэ. 
 

Тэмбүү өвчний нийт гаралтын 10 гаруй хувийг оюутнууд эзэлдэг гэв 

 

Сүүлийн жилүүдэд ХӨСҮТ-д бүртгэгдэж байгаа халдварт өвчний дотор бэлгийн замын өвчин зонхилох болсон байна. Ялангуяа бэлгийн замын зонхилон тохиолдох халдварт өвчин буюу тэмбүү, заг хүйтэн, трихоманиаз, ДОХ гэсэн өвчлөл их байгаа аж. 2001-2015 оны хооронд хамгийн их өвчлөл нэмэгдэж байгаа нь тэмбүү өвчин гэнэ. Тодруулбал, 2001 онд бүртгэгдэж байснаас даруй дөрөв дахин ихэссэн байх юм. 2001 онд 10 мянга хүн тутмын долоон хүн тэмбүүгээр өвчилж байсан бол одоо 10 мянган хүн тутмын 24 нь өвчилж байгаа гэсэн мэдээлэл албаны хүн өглөө. Энэ талаар ХӨСҮТ-ийн их эмч Ч.Уртнасангаас зарим зүйлийг тодрууллаа. 


-Тэмбүү өвчнөөр өвчлөөд байгаа хүмүүсийг судлаад үзэхээр хүйсийн ялгаа байна уу?
-Ер нь тэмбүү өвчний хүйсийн харьцаа тэнцүү байдаг. Сүүлийн жилүүдэд үзлэгт хамрагдаж байгаа байдлаас хамаарч байгаа эсэхийг нь мэдэхгүй байна. Эмэгтэйчүүд тэмбүү өвчнөөр өвчлөх нь их байгаа. Тухайлбал, энэ оны эхний хэдэн сард өвчилсөн хүмүүсийн хүйсийг харьцуулахад эмэгтэй 65, эрэгтэй 35 орчим хувийг эзэлсэн байна. 

-Тэмбүү өвчин хаанаа хамгийн их тархаж байна. Мөн аль насныхан илүү олноороо өвчлөөд байгаа вэ?
-Хаана өвчлөөд байна гэхээр хөдөө орон нутгийн хүмүүс 50, аймаг, нийслэл буюу төв суурин газрын хүмүүс 50 хувийг эзэлж байгаа. Насны хувьд 15-49 насны хүмүүс 94 хувийг эзлэж байгаа юм. Ажил эрхлэлтийн хувьд ажилгүй хүмүүс 40, оюутнууд 13, ажил эрхэлж байгаа хүмүүс 30, гэр бүлгүй буюу гэр бүлээсээ салсан, хамтран амьдрагчтай хүмүүс 42 хувийг эзэлсэн. 
 

Тэмбүү өвчин хүний бүх эд эрхтэнүүдэд нэвтэрч, гэмтээдэг


Тэмбүү өвчтэй хүмүүс эмчлүүлэхгүй буюу өвчтэй гэдгээ мэдэхгүй удаан хугацаанд явдаг юм байна. Өөрөөр хэлбэл, бэлгийн хавьталд орох үед нян ихэвчлэн бэлэг эрхтэний салст бүрхэвчээр дамжин биед нэвтэрдэг тул эрчүүдийн тээрхий, шодойн дээр нь гардаг. Харин эмэгтэйчүүд ихэвчлэн умайн хүзүү, үтрээний дотор талд нь гардаг тул халдвар авснаа мэдэхгүй байх нь бий гэнэ. Хэрэв тухайн хүн халдвар авснаас 3-4 долоо хоногийн дараа өвчин үүсгэгч нэвтэрсэн газарт нь хөндүүргүй, нягт суурьтай тод улаан шархлаа буюу хатуу яр бий болдог байна. Хэсэг хугацааны дараа хатуу яр нь аниж алга болдог. 

Гэвч энэ нь өвчин алга болсон гэсэн үг биш төдийгүй харин ч эсрэгээр харин ч идэвхитэй үржиж эхэлсний шинж гэнэ. Энэ үед өвчин судсуудыг ашиглан бие махбодиор тархдаг байна. Энэ үеэс л өвчтөнд бие эвгүйцэх, толгой өвдөх, халуурах зэрэг шинж мэдрэгдэх аж.Өвчин нь цаашид арьсан дээрх тууралт гарах, гарын алга, хөлийн ул болон салстууд дээр жижиг хэмжээтэй шархлаа үүсэх шинж тэмдгээр илэрнэ. Хэрэв өвчнийг эмчлэхгүй бол үе үе сэдэрч, тууралт нэг гарч нэг оргүй алга болох зэргээр хоёр жил орчим ужгирах ч тохиолдол байдаг аж. Ямар нэгэн зовиур илрэхгүй байх ч тохиолдол байдаг аж. 

Өвчин эхэлсэн үеэс холдох тусам түр намдаж үе нь улам урт хугацаатай болох ч өвчний өдөөгч нь аль хэдийнэ тухайн хүний бүх эд эрхтэнүүдэд нэвтэрч, мэдрэлийн систем, элгийг гэмтээхээр болсон байдаг талаар мэргэжлийн эмч нар хэлж байсан юм. Хэрэв өвчтөн огт эмчлүүлэхгүй, эсвэл эмчилгээг тохиолдлын чанартай хийлгэвэл өвчин даамжирч 3-4 жилийн дараа арьсны гүн давхаргыг хамарсан шархлаа биеийг нь бүрхэнэ. Аажмаар дотор эрхтэн, яс болон мэдрэлийн систем эвдэрдгээс зүрх болон судаснууд тэдгээрийн дотроос гол судас хамгийн их гэмтэнэ. Энэ үед гол судасны хана нь үрэвсч, дээр нь кальци хуримтлагддаг байна. 

Өвчний энэ шатанд нь эмчилгээ хийвэл эмгэг үйл явцыг зогсоож болох ч гэмтсэн эрхтэний үйл ажиллагааг бүрэн сэргээх боломжгүй байдаг байна. Тиймээс ямар нэгэн байдлаар тохиолдлын байдлаар бэлгийн харьцаанд орсон бол шинжилгээ хийлгэж тэмбүү өвчнийг эрт илрүүлэх нь чухал гэдгийг эмч, мэргэжилтнүүд анхааруулж байлаа.
 

Тэмбүү өвчнийг эхэн үед нь ганцхан удаа тариа хийгээд л эмчилдэг


Мэдээж халдварт өвчин тэр дундаа бэлгийн замаар дамждаг тэмбүү өвчин ихсэх болсон олон шалтгаан байгаа. Тухайлбал, төр засгийн бодлого хангалтгүй, нийгэм, байгууллага аж ахуйн нэгж, хувь хүн, эрүүл мэндийн байгууллагын тусламж үйлчилгээний хүртээмж зэргээс хамаарч буй. Тиймээс улаан тарианы үе эргэн ирж хаалга тогшоод байгаа энэ цаг үед нэлээн өргөн хүрээтэй арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай гэдэг нь ойлгомжтой юм. Тухайлбал, улаан тарианы эрин үед манай улс 500 орчим мянган хүн амтай байсан бөгөөд 50 хувь нь буюу хоёр хүн тутмын нэг нь тэмбүүтэй байсан гэдэг. 

Тухайн үед хүн ам цөөхөн учраас тэмбүүгийн өвчлөл их байсан гэдэг. Харин өнөө цагт хүн ам ихсэхийн хэрээр энэ өвчлөл нэмэгджээ. Тухайн үед Орос, Монгол эмч нар “Соёлын довтолгоон” өрнүүлж, бүгдийг нь албадан эмчилснээр улсын хэмжээнд тэмбүү өвчнийг бүр мөсөн устгасан түүхтэй. Тиймээс тухайн үе шиг нарийн чанга арга хэмжээ авч чадахгүй юм гэхэд өнөөгийн нийгэмд нь тохирсон төрийн бодлого шаардлагатай байгаа юм. Тэгээд ч тухайн үед тэмбүү өвчнийг эмчлэхийн тулд өвчтэй иргэдийг сумын төв дээр нь албадан байлгаж, доод тал нь 21 хоног өглөө, орой хоёр тариа хийж эмчилдэг байсан байх юм.

Харин одоо бол эм тариа, техник технологи гээд бүгд хөгжчихсөн. Тиймээс 1-2 дугаар үеийн шинэ тэмбүү өвчинд ганцхан удаа тариа хийчихдэг болсон байна. Хүндэрсэн буюу 1-2 дугаар үе өнгөрсөн бол долоо хоногийн хугацаатай гурван удаа тариа хийдэг гэнэ. Түүнчлэн, тэмбүү өвчний илрүүлэлт буюу оношлогоо нь маш тодорхой болчихсон. 

Гэтэл уг өвчнөөр өвчлөгсдийн тоо буурахгүй харин ч өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа нь харамсалтай. ХӨСҮТ-ийн эмч мэргэжилтнүүдийн хэлж буйгаар жилдээ шинээр тэмбүү өвчин туссан 5000 хүнийг эмчилчихээд байхад л дараа жил нь түүнээс ч олон хүн шинээр тэмбүү өвчин тусаад байдаг гэнэ. Өөрөөр хэлбэл, уг өвчнөөс өөрийгөө хамгаалаад байх насны буюу 15-49 насны мэдлэг, мэргэжилтэй хүмүүс тэмбүү өвчнөөр өвчилдөг байна. Маш бага хувийг тэмбүүтэй эхээс төрсөн төрөлхийн тэмбүүтэй хүүхдүүд эзэлдэг аж. Тиймээс өнөөгийн нийгэмд тохирсон “Соёлын довтолгоон” өрнүүлж, тэмбүү нэртэй чимээгүй тахлыг дарчих боломж бүрэн дүүрэн байгаа ч энэ талаар дорвитой ажил хийлгүй өнөөдрийг хүрчээ.

Үргэлжлэлийг эндээс уншина уу 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх