Цаг үе – Асуудал
Сонгуулийн хугацаа дөхлөө. Өмнөх сонгууль болоод өнгөрснөөс хойш дараагийнхаа сонгуулийн эрх зүйн зохицуулалтын асуудлыг мартчихсан юм шиг явж, явж, хугацааг нь тулгаж ирээд л хуулинд өөрчлөлт оруулах хэрэгтэй боллоо хэмээн хам хум юм хийдэг явдал дахиад давтагдав. УИХ-ын 2016 оны сонгуулийн хуулийг өөрчлөх боломжит хугацаа 2015 оны арванхоёрдугаар сарын 31-нээр дуусна .
АН, МАН гэх хоёр намын Засгийн газарт хамтрах үеэрээ гарын үсэг зурсан зөвшилцлийн баримт бичгээр бол 2015 оны наадмаас өмнө буюу хаврын чуулганаар сонгуулийн хуулийг шинэчлэн батлахаар байсан боловч тэр нь биелсэнгүй өдийг хүрэв. УИХ-аас сонгуулийн хуулийг өөрчлөх ажлын хэсэг байгуулагдаж, өөрчлөлтийн төслийг нэгэнт боловсруулсан ч хэзээ батлагдах нь тодорхойгүй хэвээр байна.
Энэхүү төсөлд тусгагдсанаар бол 2016 оны зургадугаар сарын сүүлийн долоо хоногийн ажлын өдөр сонгуулийн санал хураалт болж, УИХ-ын болон орон нутгийн сонгуулийг анх удаагаа хамт явуулах аж. Өмнө нь, 2012 онд УИХ-ын болон нийслэлийн ИТХ-ын сонгуулийг хамт явуулж байсан бол, энэ удаа аймаг, сумын ИТХ-ын сонгуулийг ч хамт явуулахаар эхний төслөө боловсруулсан. УИХ-ын сонгуулийг ямар хувилбараар явуулахаа эцэслэн тохироогүй ч ажлын хэсэг одоогийн тогтолцоог хадгалахаар төсөл боловсруулжээ. Өөрөөр хэлбэл, УИХ-ын 76 гишүүний 48-ыг 48 тойргоос сонгож, үлдсэн 28 гишүүн нь намын жагсаалтаар УИХ-д орж ирнэ гэсэн үг. Тэгтэл энэ нь ард нийтээс хамгийн их шүүмжилж, хамгийн ихээр эсэргүүцэж байгаа зүйлсийн нэг Харин МАН-ын хувьд 76 гишүүнийг бүгдийг нь 76 тойргоос сонгох буюу 1996, 2000, 2004, 2008 онд явуулж байсан сонгуулийн тотолцоогоо хадгалах хүсэлтэй байгаагаа илэрхийлснээс гадна УИХ-ын сонгуулийг ямар тогтолцоогоор явуулах тухайд ард нийтийн санал асуулга явуулах тогтоолын төсөл санаачилж өргөн барьсан боловч эрх баригч АН энэ санааг дэмжихгүй гэдгээ /намын дарга нь/ мэдэгдсэн. Харин орон нутгийн ИТХ-ын төлөөлөгчдийг 3/1 жагсаалтаар, 3/2 нь тойргоос сонгогддог байсныг болиулж бүх төлөөлөгчдийг мажоритар буюу тойргоос нэр дэвшүүлж сонгох хувилбар гаргасан гэх.
Дээр үгүүлсэнчилэн зөвхөн тогтолцооны асуудлыг өөрчлөлтийн төсөлд тусгасныг нь харахад л манай улс төрийн намынхын тэр тусмаа эрх барьж буй хэсэг сонгуулийг бид л мэдэх ёстой ард олонд хамаагүй зүйл гээд ойлгочихсон эсвэл тийм биш гэдгийг мэдэж байгаа ч эрх мэдлээ ашиглаад сонгуулийн хуулинд иргэдийг оролцуулахгүй байхыг хичээдэг урьд нь ч байсаар ирсэн мөнөөх “бузар” арга барилаа улам лавшруулж байгаа бололтой.
Үүнтэй холбогдуулаад би 2011 онд мөн л сонгуулийн хуулийн өөрчлөлтийн асуудал яригдаж байх үед бичиж нийтлүүлж асан үгүүллээсээ иш татаж уншигчидтай санал бодлоо хуваалцахыг хүсэв
“Хэзээнээс нааш манайхны зарим нь сонгуулийн хууль гэдэг нь маньд хамаагүй, улс төрчдийн “дээдсийн хүрээнийхэн”-ий явдал. Сонгуулийн хуулийг мань мэт нь биш мэдлэг чадвартай тэр том хүмүүс л зохиож, үйлдвэрлэх ёстой байлгүй гэж ойлгосоор дасал болсон гэхэд хилсдэхгүй. нийгмийн сэтгэл зүйд байгаа иймэрхүү идэвхгүй хандлага мэдээж эрх баригчид, хууль тогтоогчдод аятайхан гэгчийн өөш болж буй нь боловсруулж байгаа хуулийн төслийг нийт сонгогч олондоо толилуулж, хэлэлцүүлэх, санаа оноог нь авч тусгах, буруу зөрүүг нь хянуулах талаар ган хийж ганц үг дуугарахгүй байгаагаас харагдана. Тэрээр сонгууль гэдэг бол улс төрийн намуудын эрх мэдэлд хүрэх өрсөлдөөний талбар, сонгуулийн хууль бол тэрхүү талбар дээрх эрх ашгийн өрсөлдөөнийг зохицуулах тоглоомын дүрэм нь байх ёстой гэсэн ганц эшт, баригдмал, зарим хэсгийнхний ард олонд зориудаар хүч тулган хүлээлгэхийг хүсдэг гажууд ойлголт нэгэнт хэвшээд, тэрхүү бугшмал, ягшмал байр сууриа эвдэхээс айж чичрэн, хувалз мэт зөөлөн хоол руугаа улам гүн шигдэн паразитлах мэт санагдана Хуулийн төсөлд тогтолцооны хувьд холимог системээр сонгууль явуулахаар тохирсон ч эрх баригч хоёр нам тооны харьцаан дээр тохирч чадахгүй хэдэн сарын нүүрийг үзсэн. Энэ мэдээж намын эрх ашгаас үүдсэн гацаа. Сүүлчийн мэдээгээр МАН-ынхан АН-ын саналыг зөвшөөрч тохиролцохоор шийдлээ гэсэн мэдэгдэл хийсэн ч бас л эрх ашгийнхаа үүднээс заль зохиосон хэмээн хардах болов. Тэрээр хэвлэлүүдээр гарч буй мэдээлэл нийтэллүүдээр ихэнхдээ сонгуулийн хуулийг намууд, тэр дундаа эрх барьж буй хоёр нам өөрт ашигтайгаар батлуулах гэсэн хамгийн чухал зорилгынхоо төлөө гацааж байна гэдгийг онцолсоор байна” хэмээн тэр үед бичиж байж. Тэгээд юу болсон сонгуулийн хууль гээч нь намын эрх ашгийг хамгаалах хууль болон батлагдаж, одоо ард олны эсэргүүцээд байгаа мөнөөх УИХ-ын гишүүдийн 48-ыг нь тойргоос 28-ыг нь намын жагсаалтаар гэдгийгээ оруулж хэрэгжүүлсэн. Харин одоо түүнээсээ салах дургүй байна. Түүндээ хүрэх юм бол сонгуулийг зөвхөн намаар дамжуулж, өөрөөр хэлбэл зөвхөн “нам” –аас нэр дэвшүүлж иргэд олон түмний төлөөллийг сонгоно гэдэг нь зохисгүй, “гажуудмал” зүйл гэдэг нь амьдралаар батлагдсаар байгааг анзаарч, үндсэн хуулинд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөлд энэ асуудал хөндөгдөх болоод байгааг авч үзэх хэрэгтэй байх.
“Хар машин” гэдэг нь амь, нас уу?
Хамгийн их маргаан дагуулдаг зүйл нь санал тоолох процесс гэдгийг бүгдээр мэднэ. Одоо боловсруулсан гэх төслөөр бол саналыг урьдын адил автомат машинаар тоолно. Хэрвээ маргаан гарвал хяналтын тооллогыг сугалаагаар аль нэгэн хэсгийн хороог сонгож тоолно гэж АН үзэж байгаа бол МАН-ынхан тойргоор нь тоолох, зөрүү гарвал гар тооллогыг үндэслэх санал дэвшүүлжээ. Мөн МАН-ынхан ялж ялагдсан нэр дэвшигчдийн авсан саналын зөрүү саналаа өгсөн нийт сонгогчдын нэг хувиас бага байвал заавал гараар тоолно гэж байгаа юм. Санал тоолох машин буюу хар машин гээчийн тухай асуудлыг 2012 оны сонгуульд нэврүүлэхээр завдаж байх үед нь л иргэд олон нийт таатай хүлээж аваагүй. Одоо бол бүр ч эсрэг саналтай байцгаана. Хоёр сая хүрэхгүй сонгогчын санал тоолдог манай улс байтугай хорь гучин сая хүнийхийг тоолдог орнууд саналын хуудсыг гараараа тоолж болоод байхад заавал хар машинаар тоолно гэж дөргүй бух шиг зүтгэдэг нь ямар учиртайг нийтээрээ ойлгохоо байчихаад байгаа. Өндөр хөгжилтэй хэд хэдэн орон энэ машиныг туршин хэрэглэж үзээд болохгүй юм байна гээд орхисон гэхээс гадна уг машины үйлдлийн системд ямар сул талууд байгаа, практик дээр шалгаж үзэхэд ямар ямар алдаа гаргаж байгаа талаар мэргэжилтнүүд нотлож, “но”-той мэдээллүүд гарсаар байхад үүнийг огт мэдээгүй, сонсоогүй дүр эсгэн нүдээ анин мугуйдлах нь юуны ёр вэ. Бас нэг бодож үзүүштэй зүйлийг энд дурьдая. Нийгмийн ардчиллын хүрээлэн (хуучнаар Прогноз төв)-өөс 2011 онд хийсэн нэгэн судалгаагаар “хэрэв маргааш сонгууль болвол та улс төрийн аль намд саналаа өгөх вэ” гэсэн асуултанд олон нийтийн хариулсан байдлыг сонирхвол судалгаанд оролцогсдын 33.1 хувь нь тухайн үед нь шийднэ. 20,3 хувь нь ямар нэг намыг дэмжихгүй гэж хариулсан ба эрх баригч хоёр намыг дэмжсэн нь 15 буюу 13.1 хувьтай байжээ.
Намуудын рейтинг ийм доогуур байсан атал сонгууль болмогц тийм өндөр санал авдаг нь нэг л үнэмшилгүй. Тэгвэл энэ 2015 оны 10 сард MEG гэх байгууллагын хийсэн судалгаагаар оролцогсдын 33.5 хувь нь ямар ч намыг дэмжихгүй гээд УИХ-д суудалтай намуудыг дэмжсэн нь мөнөөх 2011 оныхтой адил байна. Хар машинаар тоолно гээд “дөргүй бух” шиг зүтгээд байдгийн учрыг олох гаргалгаа дээрх баримтан дотор нуугдаж байж ч мэдэх юм. Одоо дахиад 2011 оны нийтлэлээс иш татъя. Уг нийтлэлд нэр дэвшүүлэх үйл явцын талаар ийнхүү хөнджээ.
“…. хэдийгээр хуулийн /2011 онд батлагдсан хууль/ 29.5.4-д УИХ-ын гишүүн байх мэдлэг боловсрол, туршлага, ур чадвартай эсэх, эх орон, ард түмнийхээ тусын тулд оюун ухаан хүч хөдөлмөрөө зориулж, Монгол улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхэт байдлыг хамгаалан бэхжүүлэх төгс эрмэлзлэлтэй эсэх, шудрага ёс, хууль дээдлэх ёс, УИХ-ын гишүүний ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлэх чадвартай эсэхийг харгалзан үзэх” гэсэн гоё, сайхан үгүүд оруулсан ч намууд үүнийг хэлбэрэлтгүй дагах баталгаа нь хаана билээ? Намууд үүнийг нэг их ойшоодоггүй гэдэг нь өнгөрсөн хийгээд өнөөгийн амьдралаас харагдсаар байгаа шүү дээ. Үүнтэй холбоотой болгоомжилвол зохих нэг зүйл гэвэл намууд нэр дэвшигчийнхээ босго алхах боломжийг мөнгөөр хэмждэг явдал. 2008 оны сонгуульд МАН болон АН-ууд УИХ-д нэр дэвших гишүүнээсээ тавь, зуун сая төгрөг хурааж авсан гэдэг. Бусад намуудын хувьд ч ийм жишиг адилхан үйлчилдэг. Саяхан АН-ын дарга Н.Алтанхуяг хэвлэлээр энэ тухай байр сууриа илэрхийлэхдээ “…энэ тийм шинэ зүйл биш 2003 оноос эхэлж манай намын дүрмэнд орсон. 2004, 2008 оны сонгуульд нэр дэвшсэн хүмүүс бүгд татвараа төлсөн. Үүнийг намын ажилд зарцуулдаг. Буруу гэж бодохгүй байна. Харин ч Засаг барьж байна гээд компаниас хэдэн төгрөг авч, буцаагаад тендерээр өгдөгөөс хамаагүй эрүүл, ил тод зүйл хэмээжээ. Мань хүн өөрсдийнхөө зөв болгох гэж хэт улайрсны улмаас долоон булчирхайгаа тоочиж, “зүүдээ ярих гээд хулгайгаа” гэдэг болов бололтой. Өөрөөр хэлбэл “урьд нь бид компаниас хандив нэрээр мөнгө аваад эрх мэдлээ ашиглаж, тендер авч өгч хариуг нь барьдаг байсан. Харин одоо бол нэр дэвшигчдээсээ өөрсдийнх нь нэрээр хандив татвар авч байна. Би буруу гэж бодохгүй байна” хэмээжээ. Гэхдээ энэ чинь ав адилхан зүйл гэдгийг мань хүн мэдсэн ч ард олныг мулгуу гэж бодсон, эсвэл ингээд хэлчихвэл хууртаад өнгөрнө гэж бодсон бололтой. Нэр дэвшигчээсээ мөнгө авчихсан намын дарга эргээд тэр хүндээ хариу барихгүй өөрийнх нь хэлсэнчилэн “эрүүл, ил тод” царайлаад сууна гэдэг хэр үнэмшилтэй вэ? хэмээжээ. Зөвхөн их мөнгөтэй хүн л нэр дэвшиж болно, мөнгө өгч чадахгүй боль хохь чинь гэдэг энэ зарчим нөгөө үндсэн хуулиас эхлээд юм болгон дээр байдаг “….гарал үүсэл, шашин шүтлэг, хэл, нийгмийн байдал, арьсны өнгө, хөрөнгө чинээ, баян ядуугаар ялгаварлаж үл болно” хэмээх тунхагийг зөрчөөгүй байна гэх үү. Тэгээд ч эрх барьсан намын энэ ялгаварлал төр Засгийн бүрэлдэхүүнийг юу болгож хувиргасныг бид хангалттай харсан. Дээрээ ч, доороо ч албан тушаалын томилгоо боловсон хүчний бодлого гэдэг юм ёстой жинэхэнэ “хандив мөнгөний хариу барих хар захын арилжаа” шиг юм болж хувирсан.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.