Автобусанд “ургасан” эрээвэр бодлын араас АН, МАН-ыг ээрэхүй

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 12 сар 15
 
Н.БАТ

Хэдхэн хоногийн өмнө фейсбүүк найз сэтгүүлч Б.Номинчимэд гуайн “Ингэхэд тэр их мөнгө хаашаа орчихов?” гэж асуултын доорх нийтлэлийг үзсэн юм. Гэтэл тэр асуултанд хоёр намын дарга маань твиттерээр хариулаа юу гэлтэй зүйл ч олж харлаа.

МАН-ын дарга М.Энхболд “Тооцоо судалгаагүй зарцуулсан их мөнгө, өр зээл улс орны эдийн засгийг тэтгэх бус, хямралт байдалд орууллаа”
АН-ын дарга З.Энхболд: “Харин тийм, тооцоо судалгаагүй тараасан 21000, 1 сая, 1,5 сая аль нь ч буцаж төлөгдөхгүй” гэжээ.

Эндээс харвал хоёр “том” намын дарга ард түмний амьдрал хэцүүхэн хямралтай байна гэдгийг мэдэрч л байгаа бололтой. Толгой дохин ам нийлэн “буу халсан” ч энэ бүхэн юунаас үүдэлтэй вэ гэдгийг л аль алин руугаа чихэх маягтай үг чулууджээ. Яахав ээ, ард түмнийхээ амьдралыг мэдэрч л байгаа бол бие биедээ үг чулуудах ч яамай.

Энэ жил дампуурлын тухай үгийг дэндүү олонтаа сонсч байгаа учраас хоёр даргыг иймэрхүү мэдрэмжтэй байгаад бас баярлаад л байна.
Автобусанд сонссон ярианаас болж хямарч байсан сэтгэл ч уужрав. 
Өглөө ирэхдээ л автобусанд сонссон түмэн зовлон өдөржингөө дагаад байгаа мэт хачин оргиод ,болдогсон бол эрхэм гишүүдийг оройдоо хуваагаад автобусаар явуулж байхсан гэх бодолд ээрэгдэж явсан учраас дарга нар амьдрал хэцүү байгааг мэдэрч буйг мэдрэх сайхан байлаа гэж...

Өглөө 10 км замыг автобусаар туулж ажилдаа ирэхдээ айл айлын л зовлон сонсоно. Найз хоёр хүүхэн цалин буухгүй байгаа, хүүхдийн сургуулиас мөнгө нэхсэн тухай, нөхрийн ажил дампуурсан, зээлээ төлөхөд хэцүү байгаа, шинэ жил болох гээд хүүхдэдээ ядаж бэлэг авах ёстой тухай дуусашгүй зовлон тоочиж, автобусаар дүүрэн хүнийг толгой дохиход хүргээд бууж одтол оюутнууд шинэ жилийн нийллэг, хувцас эцэг эх мөнгө өгөхгүй байгаа талаар ярьж эхлээд араас нь ажил хайсан залуугийн утсаар ярих залгуулаад толгой дотор түмэн болохгүй, бүтэхгүй, ядарч, зүдэрсэн тухай мэдээлэл чихээд өрөөндөө орж ирээд компьютерээ асаатал хоёр даргын “дулаахан” зураг угтав.

Харин банкны хэдэн захирлууд маань “Таны үл хөдлөх хөрөнгийг бид барьцаалах хууль эрхзүйн орчин үгүй болсон учраас зээл олгохгүй” гэдгийг чадах ядахаараа тайлбарлаж, төвийн хэдэн сонины нүүрэнд залрав. Тэр бүр олны нүднээ гараад байдаггүй банкны захирлууд өөрсдөө ингэж учирлан тайлбарлаад байгааг харвал ҮХЦ хэчнээн эсэргүүцээд ч банк санхүүгийн салбарын “баадуу”-г сулруулж байгаад буцаагаад 10 гаруй жилээр эргүүлчихсэн нь тодорхой болов.

Ингээд банк дээрэмдсэн тухай, банкууд цалингийн болоод хадгаламж барьцаал­сан зээлээс бусад зээлээ хаасан тухай мэдээлэл олны анхааралд байсан учраас банк, санхүү, эдийн засгийн статистик мэдээг тусгайлан харлаа. 2015 оны 11 сарын байдлаар Монгол Улсын нийгэм эдийн засгийн байдал хэмээх эмхэтгэлд аж ахуйн нэгж, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2015 оны арваннэгдүгээр сарын эцэст 11,9 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 20,7 тэрбум төгрөг буюу 0,2 хувь, өмнөх оны мөн үеэс 759,1 тэрбум төгрөг буюу 6 хувиар буурчээ хэмээх нааштай мэт мэдээгээр эхэлсэн ч хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл өмнөх сарынхаас 37,8 тэрбум буюу 4,4 хувиар, өмнөх оны мөн үеэс 454,9 тэрбум буюу 2 дахин өсчээ. 
 
Үргэлжлэлийг эндээс уншина уу 
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх