Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 01 сар 04
Засгийн газар энэ оныг “Дотоодын үйлдвэрлэлийг дэмжих жил” болгон зарлахаар болсныг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат мэдэгдэв. Ингэхдээ борлуулалтыг нь ч дэмжих гэнэ.
Борлуулалтыг нэмэгдүүлэх санаачилга нь шинэлэг сонсогдож байгааг онцлууштай. Өмнөх хэд хэдэн Засгийн газар “Үйлдвэрлэлийг дэмжих жил” зарлаж, бодлого хэрэгжүүлж байсан.
Гэхдээ хөнгөлөлттэй зээл олгох төдийгөөр тэдний дэмжлэг хязгаарлагдаж байв. Түүнтэй харьцуулбал, энэ удаад арай өөр арга барилаар ажиллах бололтой.
Өмнөх Засгийн газруудын үйлдвэрлэлийг дэмжих бодлого холион бантан хутгахаас хэтрээгүй гэхэд хилсдэхгүй. “Үйлдвэрлэлийг дэмжих жил” гэж зарлаад, сайд, дарга нар “ингэж дэмжинэ”, “тэгж хөнгөлнө” гэж баахан ярина.
Гэвч бодлого нь шал түүхий агаад сэтгэлийн хөөрөлд автсан байдаг гэмтэй. Ингээд эцэст нь хий хоосон сүр дуулиан дэгдээж, нийгэмд хүлээлт үүсгээд л “Үйлдвэрлэлийг дэмжих жил” өндөрлөдөг.
Дараа жил нь дахиад л үйлдвэрлэлийг дэмжинэ гэж хашгирна. Гэгээн сайханд хүрэх тухай гэгэлгэн яриа тараадаг ч бахь байдгаараа хоцордог тул үлгэр мэт санагдана. Үлгэр үргэлжилсээр байх бололтой. Хэзээ жаргаж, Монгол үйлдвэржсэн улс гэж дуудуулах юм, бүү мэд.
Н.Алтанхуягийн Засгийн газар 2014 оныг “Үйлдвэрлэлийг дэмжих жил” болгон зарлаж, экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох төслийг Хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэх бодлого баримталсан нь саяхан.
Эдийн засгийн хөгжлийн яам санхүүжилт горилсон төслүүдийг хүлээн авч, 888-д нь зээл олгох боломжтой гэж дүгнэсэн. Ингэж бидний сайн мэдэх 888-ын будлиан эхэлсэн.
Тэнгэр шүтлэгт, бэлгэдлийн сэтгэлгээт, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярын санаанаасаа бодож гаргасан тоо гэж 888-ыг зарим улстөрч шүүмжилж байв. Төслийн санхүүжилтээр мэргэшсэн эдийн засагчид “888 реферат”, “Бизнесийн сургуулийн оюутны курсийн ажлууд”, “Бизнес мөрөөдлийн хураангуй” гэж шоглож байсан.
Үнэн хэрэгтээ эдгээрээс шалгуур хангах төсөл тун цөөн байв. Цемент, шохой зэрэг барилгын материал, тосны ургамал боловсруулах гэх мэт хөдөө аж ахуйн чиглэлийн цөөн үйлдвэр л шалгуур хангаж, зээл авсан.
Бусад нь хөлөө чилтэл явж хөөцөлдөөд хоосон хоцорцгоов. Амьдрах чадваргүй төслүүдийг санхүүжүүлэхээс Хөгжлийн банк татгалзах нь ойлгомжтой. Ингээд 800 хүн бодлогын алдааны золиос болох нь тэр.
Амьдрах чадвартай төслийг санхүүжүүлэх нь хамгийн чухал. Амьдрах чадваргүй төсөл санхүүжүүлбэл зээлээ эргүүлэн төлж чадахгүй. Тиймээс амьдрах чадварын үзүүлэлтээ тодорхойлж, түүндээ тэнцэх төслийг сонгох шаардлагатай байв. Шалгуур тавиагүй тул маш олон төсөлд зээл хүссэн хэрэг.
Металл баяжуулалтын талаар ажилласан туршлагагүй, ямар ч ойлголтгүй хүн зэс хайлуулах үйлдвэрийн төсөл бичээд зээл авахаар хөөцөлдөж явах жишээтэй. Өнөөх нь цөөхөн хуудсанд багтаасан, судалгаагүй тоо.
888 төсөл нийт 7.3 их наяд төгрөг нэхсэн юм. Хоёр тэрбум төгрөгөөс бага хэмжээний зээл хүссэн төслийг Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас санхүүжүүл гэсэн шийдвэр Засгийн газар гаргаснаар 888 замхарсан.
С.Баярын Засгийн газар 2009 оны “Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих жил” болгон зарласан. Ингэхдээ Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаар дамжуулан үйлдвэрлэгчдэд санхүүжилт олгов. Тухайн онд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд улсын төсвөөс 30 тэрбум төгрөг шилжүүлсэн байдаг.
Түүнийг нь таван жилийн хугацаа, долоон хувийн хүүтэйгээр дамжуулан зээлдүүлсэн. 2010 онд улсын төсвөөс тус санд мөн л 30 тэрбум төгрөг олгожээ. Засгийн газар 2011 онд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөрөнгийг 150 тэрбум төгрөгөөр зузаалсан байх юм.
Тус сан үйлдвэрлэлийг дэмжих чиглэлтэй ч бичил бизнест санхүүжилт олгоход үйл ажиллагаагаа илүүтэй чиглүүлж байлаа.
Дугуй засвар, оёдлын цехээ өргөтгөх гэх мэт хүсэлтийг Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас санхүүжүүлж байв. Бас л алдаа завхралаас ангид байгаагүй. Цөөн хүн амтай суманд дугуй засвар нээх зургаан төсөлд зээл олгосон удаатай.
Газар дээр нь очоод шалгахад тухайн суманд нэг ч дугуй засвар ажилладаггүй байж таарсан. Иргэд дугуй засвар байгуулах төсөл бичин зээл авчихаад худалдааны бизнесээ санхүүжүүлж байгаад баригдах нь тэр. Ер нь нэг суманд зургаан дугуй засвар ажиллана гэж юу байх вэ.
Томоохон бизнесмэнүүд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авч, гадаад худалдаа эрхэлдэг гэсэн хэл ам тасардаггүй л байсан. Одоо Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санг Аж үйлдвэрийн яам хариуцаж байгаа.
Тус яамны баттай эх сурвалжийн мэдээлснээр сангийн хөрөнгийг хууль бусаар зарцуулсан олон тохиолдол илэрсэн гэнэ лээ. Үйлдвэрлэлийг дэмжсэн өөр нэгэн үлгэр энэ. Засгийн газар 2001 оныг “Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, хөгжүүлэх жил”-ээр зарласнаас хойш дуусдаггүй үлгэр эхэлжээ.
Үйлдвэрлэлийн дэмжих бодлого хэрэгжүүлэх нь чухал уу гэвэл чухал. Хөгжсөн дэвжсэн бүх л улс орны түүх үндэсний үйлдвэрлэлийн хөгжилтэй нь холбоотой. Аж үйлдвэрийн хувьсгал хийснээр XIX зуунд Англи улс дэлхийн эдийн засаг, санхүүгийн төв болсон.
Үйлдвэрлэлээ хөгжүүлж чадсан Өмнөд Солонгос, Япон Азийн бар болж тодорсон. Эдгээр улсын хувийн хэвшил нь төрийн дэмжлэгтэйгээр хөл дээрээ боссон байдаг. Үйлдвэрлэлийг дэмжих нь чухал ч байгаа онох нь хамгаас чухал.
Аж үйлдвэрийн яам өнгөрсөн жил Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг санаачлан батлуулсан. Уг хууль энэ жилээс хэрэгжинэ
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.