Өмчийг эзэнгүйдүүлж, хувьчлалыг шууруулах нь

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 01 сар 06 ・ 4

Он гарсаар ажлын өдрүүд эхэлж, 2016 оны Төсвийн тухай хуульд заасны дагуу зарим байгууллагыг нэгтгэж, нөгөө хэсгийг нь татан буулгах үйл явцыг өрнүүллээ. Тэдгээрийн нэгд Төрийн өмчийн хороог татан буулгах ажил зүй ёсоор орж, ажиллагсад нь алмайрч, хувьчлалд оролцохоор зэхэгсэд алгаа үрчиж эхлэв бололтой. Тодруулбал, Засгийн газрын хуралдаанаар нэгдүгээр сарын 15-ны дотор Төрийн өмчийг хороог татан буулгах шийдвэрийг гаргаж энэ ажлыг ЗГХЭГ-ын дарга Ц.Баярцогтод даалгасан байна. Мөн тус хорооны дарга Ц.Нанзаддоржийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргаад амжжээ. Харин эрхэлж байсан чиг үүргийг Сангийн яаманд шилжүүлж, ТӨХ-ноос 15 ажилтанг сонгон ажиллуулахаар болсон. Төрийн өмчийн хороог татан буулгах тогтоолын дагуу ажлын хэсэг байгуулж, уг ажлын хэсгийг Сангийн яам, Хууль зүйн яам, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Төрийн өмчийн хороо, Архивын ерөнхий газрын төлөөллийн бүрэлдэхүүнтэйгээр байгуулахаар болжээ. Тус ажлын хэсэг Төрийн өмчийн хороог татан буулгаж, төрийн өмчийн хувьчлал, дуудлага худалдаа, төрийн өмчийн төлөөлөл, бүртгэл, тооллого зэргийг Сангийн яаманд шилжүүлэх гэнэ.
Ингээд үндсэндээ Монгол Улсын өмчид хамаарагддаг төрийн томоохон байгууллага, аж ахуйн нэгжийг нэгтгэн зангидаж, үйл ажиллагааг нь хянадаг газрыг үгүй хийж байгаа юм.
Энэ асуудлыг хувь байсан бол “Лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү хамаагүй” гээд орхичихож болохсанж. Харамсалтай нь энэ төртэй холбоотой учраас хэдэн хүн ажилгүй болох эсэх асуудлаас ч чухал үйл явцууд цаагуураа өрнөхөд бэлэн болж буйг учир мэдэх хүмүүс хэлэх юм билээ.
Татан буугдаж байгаа Төрийн өмчийн хороо уг нь 51 албан хаагчтай, бүх зардал нь жилдээ 800 гаруй сая төгрөг байдаг гэнэ. Гэхдээ энэ байгууллагын улсын төсөвт төвлөрүүлдэг мөнгөн дүн нь зардлаасаа хэд дахин их юм билээ. Жишээлбэл, 2014 онд нийт 35 орчим тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэх үүрэг хүлээснээс 52 орчим тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн байдаг. Өнгөрсөн 2015 онд мөн л 50 гаруй тэрбум төгрөгийн орлогыг улсын төсөвт оруулжээ. Мэдээж үүнд чиг үүргийнхээ дагуу компаниудын ногдол ашиг, концесс, түрээс, дуудлага худалдааны орлогууд багтдаг. Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 28 дугаар зүйлд заасны дагуу төрийн өмчийн үл хөдлөх хөрөнгийг түрээслүүлж, төрийн өмчит хуулийн этгээдийн илүүдэлтэй, ашиглалтгүй автомашинуудыг худалдан борлуулж орлогыг улсын төсөвт төвлөрүүлдэг. Өөрөөр хэлбэл улсын төсөвт 50 гаруй тэрбумыг төвлөрүүлдэг байгууллагаа татан буулгаж байгаа нь цаагуураа Төрийн өмчийг эзэнгүйдүүлэх эхний алхам гэж хардах нөхцөл бүрдээд байгаа юм. Учир нь энэ 2015 оны долоодугаар сард УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн баталсан. Ингэхдээ Засгийн газар хувьчлалаас 170 орчим тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэхээр төлөвлөсөн байсан ч нийгмийн салбарын хувьчлал буюу нэгдсэн I, II, III эмнэлэг, их, дээд сургууль, мөн Монголын Хөрөнгийн бирж, “Мэдээлэл, харилцаа холбооны сүлжээ” Төрийн өмчит компани зэрэг хэд хэдэн аж ахуйн нэгжийг хувьчлах асуудлыг тогтоолын төслөөс хассан байдаг.
Харин хувьчлалд эрчим хүч үйлдвэрлэгчид болон томоохон нүүрсний чиглэлийн Төрийн өмчит компаниудын эзэмшилд өөрчлөлт орохоор болсон юм.
Тухайлбал “Дулааны цахилгаан станц” 2, 3, 4 ТӨХК, “Дарханы дулаан цахилгаан станц” ТӨХК, “Эрдэнэт дулааны цахилгаан станц” ТӨХК, “Шивээ овоо” ХК, “Багануур” ХК, Хөтөлийн Цемент Шохой, Монгол Шуудан, Монголын Цахилгаан Холбоо ХК-ийг тодорхой хэсгийг нь хувьчлахаар болсон.
Оргил рашаан сувилал, Кино Урлагийн дээд сургууль, Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Хөдөө аж ахуйн бирж, Авто Импэкс, Мэдээлэл Холбооны Сүлжээ зэрэг байгууллагыг бусад хэлбэрээр хувьчилна.
Тэгэхээр дээрх байгууллагуудын хувьчлалыг зохион байгуулах учиртай Төрийн өмчийн хороо татан буугдчихаар дараагийн асуудлуудыг хэрхэн зохицуулах бол гэдэг нь олны анхаарлыг татах нь гарцаагүй. Мэдээж Сангийн яаманд тус хорооны ажлыг шилжүүлж тодорхой ажлын хэсэг байгуулахаар болсон ч одоогийн байдлаар яам дуудлага худалдаа зохион байгуулдаг субьект бол биш. Тиймээс дээрх байгууллагуудын дуудлага худалдаа хэрхэн явагдах бол гэдгийг хэнбугай нь хянах болж байна вэ.

 

үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

4 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • сонгогч / 2016 01 сар 07/

    энэ луйварын байгууллага хэдэн жил наслав ? ум маани бад ни хум. дарга удирдагчдаасаа л аваад луйварчин хулгайчаараа дуудуулсан байгууллага байлаа. олны уг ортой л биз.

    Хариулах
  • ургэлжлэл / 2016 01 сар 07/

    байгаагийн гол шалтгаан уунд л байгаа. тэр эдийн засгийн хямрал энэ тэр гэдэг шал худал тэдний маань мэгзэм,

    Хариулах
  • ургэлжлэл / 2016 01 сар 07/

    байгаагийн гол шалтгаан уунд л байгаа. тэр эдийн засгийн хямрал энэ тэр гэдэг шал худал тэдний маань мэгзэм,

    Хариулах
  • эдийн засагч / 2016 01 сар 07/

    70 жил монголчуудын зовж зудэрч бий болгосон эмчийг эзэнгуйдуулж унэгуйдуулж сонингийн цаасаар луйвардаж авдаг нь тэрд гарсан луйварчидын сонгодог арга. эхний том луйвар 1959 оноор дуусвар болсон бол дараагийнх нь 1990 оноос эхэлсэн. яндаж дуусдаггуй ямар баян ард тумэн вэ? ард тумэн эсэж эндийхгуй

    Хариулах