Ойртдоггүй зай, өөрчлөгддөггүй бодлого

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 01 сар 11

Эрүүл, урт удаан, аз жаргалтай амьдрахсан. Илүү ч үгүй, дутуу ч үгүй чин хүсэл минь энэ. Саяхан эмч нарын амнаас “Хүнсний аюулгүй байдал болон орчны бохирдлоос болж үр хүүхдүүд минь биднээс богино наслах магадлалтай”-г сонсоод цочирдов.

 

Хорвоогийн хамгийн сайн сайхныг хүсдэг алдрайхан үрсээ хороор тэжээж, бохирдлоор бүчүүлчихээд алт, зэс, нүүрсний ашиг яриад ч яах билээ.

Хүнсний тухай хуульд “Хүнсний аюулгүй байдал гэж хүн ам амьдралынхаа туршид чанартай, шим тэжээллэг, аюулгүй хүнсийг улсын эдийн засаг, нийгмийн нөхцөл байдал, газар зүйн байршлаас үл хамааран тогтвортой, хүртээмжтэй сонгон хэрэглэх боломж бүрдсэн байхыг хэлнэ” гэж заажээ.

Оновчтой бөгөөд тодорхой заалт. Гэвч бодит амьдрал, хуулийн заалт хоёр хэр хол зөрж байгаа бол. Хилээр оруулахыг хориглосон хүнс нь зах, дэлгүүрийн лангуун дээр хөглөрч, харсан ч хараагүй мэт, мэдсэн ч мэдэхгүй юм шиг дөжирсөн чих, гөлийсөн нүдэндээ дасаж явсаар олон он жилийг үдэж байгаа нь ч бидний буруу.

Ямар ч том бодлого, стратеги төлөвлөлтөөс илүү иргэд эрүүл хоол хүнсээр хэрэгцээгээ хангаж чадаж байна уу гэдэг л үндэсний аюулгүй байдалтай холбогдох чухал асуудал.

Хэдэн сая хүнд ганц тохиодог цусны хавдар, онош нь тогтоогддоггүй өвчин, төрөл бүрийн хавдрын өвчлөл нэмэгдэж байгаагийн учир шалтгаан ч хоолойгоор давдаг бүхэнтэй холбогдох нь маргаангүй.

Тиймээс бид “Хүнсний аюулгүй байдал”-ыг байнгын сэдэв болгож, шим тэжээллэг, аюулгүй хүнс хэрэглэхийн төлөө цуврал сурвалжлага бэлтгэхээр боллоо. Энэ удаа бид сүүг “онилов”.

Хөдөө аж ахуйн орон гэгддэг манай улс 50 гаруй сая малтай. Сүү, цагаан идээнд умбаж амьдардаг хүмүүс гэж харагдахаар хэдий ч бодит байдал дээр үгүй.

Төрөл бүрийн судалгаа, шим тэжээлийн тооцоолол дээр үндэслэн хүн өдөрт хоёр аяга буюу хамгийн багадаа 175 гр сүү уух ёстойг Эрүүл мэндийн сайд 2008 оны 257 тоот тушаалаараа баталсан ч энэ нь амьдралаас хол зөрнө.

Сүү, сүүн бүтээгдэхүүний 20 гаруй үйлдвэрлэгчтэй манай улсын нэг иргэн өдөрт 40 гр л сүү уудаг тооцоо гарчээ. Харамсалтай биш гэж үү. Тэгвэл хүмүүс яагаад сүү хэрэглэхгүй байна вэ.

Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн мэргэжилтний ярьснаар бол “Хүмүүс сүүтэй цай ууж байгаагаа л сүү хэрэглэж байна гэж эндүүрдгээс гадна өдөр тутам хэрэглэх ёстой хүнс гэж ойлгоогүй”-тэй холбоотой аж.

“ХУУРАЙ СҮҮ ИМПОРТЛОХ ХЭМЖЭЭГ БАГАСГАЖ БАЙГАА”

 

Хүнс, хөдөө аж ахуйн яамны Сүү, сүүн бүтээгдэхүний үйлдвэрлэлийн салбар хариуцсан мэргэжилтэн Н.Нямдоржтой уулзав. Эрүүл мэндэд тустай цэвэр сүүг иргэдэд хэрхэн тогтмол хүргэх боломжтойг түүнээс асуулаа.

Харамсалтай нь, яамны мэргэжилтэн ямар ч тоо дурдах боломжгүй гэдгээ хэлээд, бодлого, чиглэлээ танилцуулсан юм.

Түүний хэлснээр тархан суурьшсан малчдаас сүү авах нь амаргүй байдаг бөгөөд сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид сүүгээ нийлүүлж байгаа хэрнээ өөр хэн нэгэн хувь хүн, байгууллага өндөр үнэ санал болговол тийшээ хуйларчихдаг болохоор тогтвортой хамтын ажиллагаа байдаггүй гэнэ.

Хотын захиргаатай хамтран шингэн сүүг ариутгалгүй, задгай байдлаар буюу литрээр зарахыг хориглосон бөгөөд цаашид үйлдвэрлэгчдэд сүүгээ нийлүүлэх нь илүү ашигтайг малчдад ойлгуулах, мөн ямар нэгэн урамшууллын механизм бий болгох чиглэл баримталж буйгаа дурдсан.

Сүү нь амархан муудаж, исэлддэг хүнс болохоор хот орчмын 150-200 км тойргоос үйлдвэрлэгчид шингэн сүүгээ авах боломжтой аж. Энэ тойрогт тээвэр ложистикийг бий болгож чадсан ганц, хоёрхон аж ахуй нэгж байгаа гэнэ.

 

Сүү нь амархан муудаж, исэлддэг хүнс болохоор хот орчмын 150-200 км тойргоос үйлдвэрлэгчид шингэн сүүгээ авах боломжтой аж. Энэ тойрогт тээвэр ложистикийг бий болгож чадсан ганц, хоёрхон аж ахуй нэгж байгаа гэнэ.

 

Малчид-үйлдвэрлэгч-хэрэглэгч гэсэн гурвалсан холбоо хүчтэй байх тусам малчид тогтмол орлоготой, үйлдвэрлэгчид сүүний тогтмол нийлүүлэлттэй, иргэд эрүүл хүнстэй учран золгоно.

Өсвөр насны хүүхдүүдийн дунд шүд цоорох өвчин, кальцийн дутагдал, ясны сийрэгжилт элбэг байгаа нь энэ эргэх холбоо үүсээгүй, иргэд сүү хэрэглэж дадаагүй байгаатай холбоотой аж.

Үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих, экологийн эрүүл, цэвэр хүнс зах зээлд нийлүүлэх зорилгоор ХХААЯ-наас импортын хуурай сүүнд квот тогтоож, жилд 5-10 хувиар бууруулж байгаа аж.

Мөн сүүний чиглэлийн фермийг дэмжиж, “Чингис” бондоос санхүүжүүлсэн байна. Цаашид сурагчдын “Үдийн цай” хөтөлбөрт сүү багтааж, өдөрт 150-200 гр сүү уулгадаг болговол хэтдээ ирээдүйн иргэдийн эрүүл мэндэд ч чухал нөлөө үзүүлэх аж.

МОНГОЛ МАЛЫН СҮҮ ТОСЛОГ ӨНДӨРТЭЙ,

ШИМ ТЭЖЭЭЛ ИХТЭЙ

Албаны хүний тайлбарыг сонссоны дараа энэ чиглэлээр судалгаа хийж, ажиглалт явуулдаг Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнг зорилоо. Тус төвийн мэргэжилтэн Б.Түвшинбаяртай уулзав.

2013 онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв хамтран “Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын эрүүл мэндийн зан үйл” судалгаа хийхэд өсвөр насныхны 31 хувь нь л өдөрт сүү, цагаан идээ тогтмол хэрэглэдэг гэсэн дүн гарчээ. Үлдсэн 69 хувь нь хааяа хэрэглэдэг, огт хэрэглэдэггүй аж.

Мөн эл судалгаанд хамрагдсан 13-17 насны сурагчдын 36.3 хувь нь осол гэмтэлд өртсөн бөгөөд яс хугарах, үе мултрах гэмтэл түлхүү тохиолдсон байна.

 

2013 онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв хамтран “Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын эрүүл мэндийн зан үйл” судалгаа хийхэд өсвөр насныхны 31 хувь нь л өдөрт сүү, цагаан идээ тогтмол хэрэглэдэг гэсэн дүн гарчээ. Үлдсэн 69 хувь нь хааяа хэрэглэдэг, огт хэрэглэдэггүй аж
 

Түүнчлэн “Интермед” эмнэлгийн Хүүхдийн тасгийн эмч, клиникийн профессор, тэргүүлэх зэргийн эмч Д.Гэрэлмаа 2014 оны гурваас арванхоёрдугаар сарын хугацаанд эмнэлгээрээ үйлчлүүлсэн 239 хүүхдийг эцэг эхийнх нь зөвшөөрлөөр шинжилгээнд хамруулахад 80 хувь нь Д витамины дутагдалтай байсан тухай нэгэн ярилцлагадаа дурджээ.

Д витамин нь кальцийг биеэр тархуулан зөөвөрлөх үүрэгтэй. Загасны тос, өндөгний шар, сүү, сүүн бүтээгдэхүүнд энэ аминдэм агуулагддаг аж.

Мөн монгол малын сүү тослог өндөртэй учраас ямар ч сэргээсэн сүүнээс илүү ач холбогдолтой аж. Хуурай болон шингэн сүүний найрлагад гойд их ялгаа байхгүй ч хатаасан сүүг дахин сэргээхэд усанд уусдаг аминдэмүүд нь алдагддаг аж.

Түүнчлэн сэргээсэн сүүний шошгон дээр үүнийг тэмдэглэсэн байх учиртай гэнэ.

ТӨӨРӨГДӨЛ ЭНДЭЭС ЭХЭЛДЭГ

 

Шууд уух зориулалттай, эсвэл хоол хүнсэндээ хэрэглэх ёстой сүүгээ хэрхэн ялгахаа хэрэглэгчид мэддэггүй. Зуны улиралд сүүний нийлүүлэлт огцом өсөж, өвөл, хавар буурчихдаг манай улсын хувьд шимт малынхаа шингэн сүүг шинээр нь хэрэглэх боломж хомс.

Гэхдээ сүүг хуримтлуулан, ариутган боловсруулж, нийтээрээ хэрэглэж байсан туршлага бидэнд бий. Мартах шахсан өнгөрсөн зууны үед хийгдсэн том соёл, бүтээн байгуулалт энэ байв.

Одоо улсын хэмжээнд 20 гаруй сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч байгаа ч тухайн үеийн тээвэр ложистикийг гүйцсэн эсэхэд эргэлзэж байна. 2014 оны байдлаар 452.6 сая литр сүү бэлтгэгдсэний 17.5 хувь нь л үйлдвэрийн аргаар боловсруулсан байгаа юм.

 

Одоо улсын хэмжээнд 20 гаруй сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч байгаа ч тухайн үеийн тээвэр ложистикийг гүйцсэн эсэхэд эргэлзэж байна. 2014 оны байдлаар 452.6 сая литр сүү бэлтгэгдсэний 17.5 хувь нь л үйлдвэрийн аргаар боловсруулсан байгаа юм.

Дэлгүүрт ороод дурын сүүгээ сонгон шошгыг нь хараарай. Ихэвчлэн “Үнээний шингэн сүү, тослогтой, тослоггүй хатаамал сүү, цэвэршүүлсэн ус” гэсэн зүйлс найрлагад нь байгаа. Хөргөгчинд эгнүүлэн тавьсан сүүний дундаас “Ариутган савласан үнээний цэвэр сүү” гэсэн шошго ховор байсан.

Эндээс үзвэл ашиг шимтэй монгол малын сүүгээ ариутган, борлуулах тал дээр үйлдвэрлэгч нар дэндүү хойрго хандаж байна. Ард нь иргэдийн эрүүл, аюулгүй хүнс хэрэглэх эрх ч зөрчигдөж байгаа юм.

Сүүний хайрцаг дээрх найрлага тэмдэглэсэн шошгоос илүүтэй үйлдвэрлэсэн хугацааг гүйлгэж харчихаад л сонголт хийдэг байсан нь миний алдаа юм байна.

Сайн ажиглавал савласан сүүний хаяг дээр аль нь сэргээсэн хуурай сүү болох, ямар нь малын шингэн сүү болох нь бичээстэй байгаа аж. Настай хүмүүс л “Хөдөөний сүү ууна аа. Дэлгүүрт дандаа л найруулсан хуурай сүү зардаг” гэж мэдэмхийрдэг нь оргүй биш бололтой.

50 сая малтай, тэр дундаа саалийн үнээ нь 1.3 сая, сүүлийн жилүүдэд “Чингис” бондын санхүүжилтээр хэд хэдэн сүүний ферм шинээр байгуулсан гээд бодохоор Улаанбаатар хотын иргэд малын гаралтай сүүг шинээр нь уух боломжтой мэт.

Гэтэл яагаад хуурай сүү буюу сэргээсэн сүү уугаад байгаа юм бэ. Орой бүр зурагтаар гардаг сурталчилгаанд хууртан бид ухамсаргүй сонголт хийгээд байна уу.

МАЛЧДААС ХЭН СҮҮ АВДАГ ВЭ

 

Хот орчмын малчид сүүгээ яаж борлуулдаг тухай сурвалжлахаар Төв аймгийн Батсүмбэр сумыг зорилоо. Угаас энэ сум хүнсний ногоо, сүүний фермийн баялаг түүхтэй бөгөөд зах зээлд шилжсэнээс хойш малчид бие даан ажиллах болжээ. Тал хээрийн бүс зонхилдог болоод ч тэр үү, тус сумын нутгаар энэ жил цас их унажээ.

Малчин айл хайж яваад нэг сууринд хүрсэн нь Үдлэг багийнх байв. Эндхийнхэн сүүгээ борлуулж амьжиргаагаа залгуулдаг тухай А.Болдбаяртай уулзаад мэдлээ. Тэднийх 25 саалийн үнээтэй.

Сүүний гарц багассан ч одоо өдөрт 60 литр сүү нийлүүлдэг. Энэ багийнхнаас өдөр бүр “Сүү” ХК-ийн лаборант болон жолооч гурван тонны машинтай ирж сүүг нь авдаг аж. Литр сүүгээ 900 төгрөгөөр өгч байгаа бол зун энэ үнэ нэг дахин хямдардаг.

 

Сүүний гарц багассан ч одоо өдөрт 60 литр сүү нийлүүлдэг. Энэ багийнхнаас өдөр бүр “Сүү” ХК-ийн лаборант болон жолооч гурван тонны машинтай ирж сүүг нь авдаг аж. Литр сүүгээ 900 төгрөгөөр өгч байгаа бол зун энэ үнэ нэг дахин хямдардаг.
 
Үргэлжлэлийг эндээс уншина уу
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх