Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 01 сар 12
・ 8
У.ЦОГТБИЛЭГ, С.ДУЛАМСҮРЭН
Төлсөн НӨАТ-ынхаа хоёр хувийг жилийн эцэст эргүүлэн авах тухай сайхан мэдээ хүмүүст таалагдсан. Гэхдээ энэ ажил дуулиан ихтэй үргэлжилж байна. Учир нь хэвлэх болон кассын машин авах нь эдийн засгийн хувьд хүндрэл учруулж байгааг худалдаа эрхлэгчид хэлж байгаа юм. Уг нь 9000 гаруй цэгээс баримт авч болно хэмээн албаныхан хэлсэн боловч хэрэгжилт тун тааруу байгаа нь ажиглагдлаа. “Петровис”, “Сод Монгол” ШТС, “Номин”, “Макс” (хүнс), “Скай” худалдааны төв, “БОСА” сүлжээ дэлгүүр, “Замбала” дэлгүүр “Модерн номадс”-ийн салбар ресторан, “Интер ном”-ын салбарууд, “Өргөө 1,2” “Тэнгис” кино театр зэрэг газруудаас сугалаатай баримт хэвлэж эхлээд байгаа аж. Одоогийн байдлаар НӨАТ-ын системд 1,185,602 борлуултын гүйлгээ бүртгэгдээд байна. Та зөвхөн томоохон дэлгүүр, үйлчилгээний газраас бар код бүхий тасалбар авна гэж бодох хэрэггүй. Худалдаа, үйлчилгээ эрхэлж буй бүхий л газраас худалдан авалт хийх бүртээ бар кодтой баримт авах эрхтэй хэмээн төсөл хэрэгжүүлэгч багийнхан хэлэв.

ТУРШИЛТ АМЖИЛТТАЙ БОЛСОН Ч...
Баянзүрх худалдааны төвд өнгөрсөн сард туршилтын журмаар сугалаатай баримт хэвлэх машин ажиллуулж байсан. Энэхүү туршилт үр дүнтэй болсныг “Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын систем” төслийн нэгжийн захирал Р.Отгонтулга хэлж байлаа. Гэвч өдгөө ажиллахгүй байгаа аж. Баянзүрх худалдааны төвийн дарга Э.Энхтөр “Хамгийн анх манай төвд бар кодтой баримт хэвлэх машин суурилуулан туршсан. Одоогоор ажиллахгүй байгаа нь үнэн. Учир нь манайх 500 гаруй худалдагч, түрээслэгчээ коджуулах ёстой. Үүний дараа дээрх машинаас баримт авах боломж бүрдэнэ. Гэхдээ ганц машин ажиллуулахад дараалал үүсэх магадлалтай. Тиймээс энэ талаар харилцан ярилцаж байгаа” гэв.
Ер нь энэхүү баримтыг авахын тулд ТҮЦ машин шиг төхөөрөмж нэгдсэн журмаар байрлуулах уу, кассын машиндаа систем суулгуулах уу гэдэг сонголт байгаа талаар худалдаачид ярьж байна. Гэхдээ ухаалаг утастай хүн аппликейшн суулган ашиглаж болох тухай албаныхан хэлж байлаа. Гэсэн хэдий ч тийм ч оновчтой шийдэл болж чадахгүй байгааг хүмүүс хэлсэн юм. Хэдийгээр өнгөрсөн сард хийсэн туршилт амжилттай болсон гэх боловч мэдээлэл түгээлт тааруугаас хэрэгжилтэд саад учруулж байгаа бололтой. Тиймээс энэхүү ажлын алхам бүрийг нийтэд танин мэдүүлэх учиртай юм.
БАРААНЫ ҮНЭ ӨСЧ БАЙГАА ГЭВ ҮҮ?
НӨАТ-ын буцаан олголттой холбоотойгоор бараа, бүтээгдэхүүний үнэ өсч байна хэмээн иргэд бухимдаж байна. Худалдаа эрхлэгчд болон худалдан авагчдын дунд үл ойлголцол үүссэн байлаа. Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороонд байрлах “Уртын чандмань” дэлгүүрийн худалдагчийн хэлж буйгаар “Аливаа бараа бүтээгдэхүүн борлуулахдаа манай дэлгүүр НӨАТ-ыг шингээдэггүй. Харин баримт олгохын тулд зайлшгүй 10 хувийг нь нэмэхээс аргагүй” гэх. Харин үйлчлүүлэгч “Тэгээд л барааны чинь үнэ өсч байгаа биз дээ” хэмээн маргаж байв. Иймэрхүү үл ойлголцол нэлээд бий. Энэ нь хувиараа худалдаа эрхлэгч болон хүнсний дэлгүүр, мухлагуудад энэ мэтчилэн бэрхшээл тулгарч байна. Харин супермаркет, сүлжээ дэлгүүр, томоохон үйлчилгээний газруудын хувьд арай өөр. Тэд аль хэдийн бар код бүхий тасалбар олгоод эхэлсэн байгаа юм.
ТӨХӨӨРӨМЖ ХУДАЛДАЖ АВАХ НЬ
Жижиг аж ахуйн нэгж, хувиараа худалдаа эрхлэгчид болон хүнсний дэлгүүр, мухлагууд бар кодтой баримтын талаар мэдээлэлгүй байна. Кассын машин, компьютергүй газрууд заавал кассын машин авах ёстой гэнэ. Үүнд гурван төрлийн төхөөрөмж багтана. Тухайлбал, ком-пьютер, бар код уншигч, кассын принтер.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.