Ж.Төмөрсүх: Энэ хэргийн мөрдөгчид, арга барилыг өөрчлөхгүй бол илрэхгүй /1/

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 01 сар 18 ・ 6
Ц.МЯГМАРБАЯР
 
“Ирвэс хамгаалах сан”-ийн байгаль хамгаалагч, биологич Т.Лхагвасүмбэрэл агсны аав Ж.Төмөрсүхтэй уулзаж ярилцлаа.
 
ДҮҮ НАРЫГ НЬ БАС ДАРАМТАЛСАН БАЙДАГ. ҮҮНИЙГ ЯРИМААРГҮЙ БАЙНА
 
-Өнгөрсөн лхагва гаригт Мөрдөн байцаах газарт таныг дуудсан гэсэн. Хэн гэдэг мөрдөн байцаагч хүлээн авч уулзсан вэ?
 
-УМБГ-ын дэд дарга энэ хэргийн ажлын хэсгийн ахлагч, цагдаагийн хурандаа Э.Идэрцог, тус газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дарга, ажлын хэсгийн гишүүн дэд хурандаа Б.Манлайбаяр нар дуудаж уулзлаа. ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаныхан хэрэг гарснаас хойш хоёр сарын дараа Хөвсгөлд хэрэг болсон газар очихдоо надтай уулзаагүй. Хүү минь хүнд хорлогдсон байхад тэр хэргийг мөрдөж шалгаж байгаа байцаагч уг нь эхлээд ар гэрийнхэнтэй нь уулзмаар. Энэ тухай би Хууль зүйн сайдад гомдол мэдүүлсэн. Тэгээд өнгөрсөн лхагва гаригт дуудаж уулзаад надаас уучлалт гуйсан. Энэ хэргийг эрт илрүүлье гэсэн бол хэрэг гарсан тэр үед л уулзах байсан. Одоо ч энэ  хэрэг огт илрээгүй байна.
 
Алдаагаа баталгаажуулах хамгаалах, хувийн хорсолд шилжиж буй мэт харагдаж байна.  Би үүнийг мэдрээд мөрдөн байцаагч зарим хүнд  “Төрд ийм юм байдаггүй  юм шүү, ёс суртахуунтай  байж ажлаа хийх хэрэгтэй” гэдгийг хатуу хэлсэн. Үхсэн хүнийг яаж ч доромжилж буруутгаж болно. Ард нь  аав ээж, ахан дүүс, найз нөхөд, ажлын газар, Монголын сайхан ард түмэн  амьд үлдэж байгаа гэдгийг ч сануулсан.
 
-Та Хууль зүйн сайдыг шүүхэд өгсөн юм уу?
 
-“Сэтгэцийн өвчтэй амиа хорлосон” гэдэг дүгнэлт мэдээлэл түгээд байхаар нь тэр мэдээллийг нь  хэвлээд сайд уруу авч орсон. Сайд бүгдийг ойлгосон байсан. Гэхдээ нүүр нүүрээ хараад ярилцаж байгаа учраас эр хүмүүсийн ёсоор гар барьж үлдэх юм үгүй гэдгээ баталсан. Юм бол шууд үнэн байх ёстой. Хууль зүйн сайдад хэргийн  бодит байдал, шалгасан хүмүүсийн алдааны талаар  хэлсэн. Их нухацтай анхааралтай сонсож сэтгэлээсээ бүрэн ойлгож байгаа байдал нь бидний сэтгэлийг бага ч болов тайвшруулсан. Харамсалтай нь, хэргийн талаарх зарим  мэдээллийг илт буруу өгч байсан юм шиг  санагдсан.
 
-Танаас мэдүүлэг авсан уу?
 
-Үгүй,  надаас мэдүүлэг аваагүй. Харин хэргийг илрүүлж болох ямар сэжүүр байгаа баримт нотолгооны тухай ярилцсан. Ойлголцол муу байжээ. Тиймээс хэргийг илрүүлэхийн тулд хамтарч ажиллах нь зөв юм байна гэцгээсэн. Анхнаасаа буруу зүйлчилсэн. Усанд амиа алдсан гэдэгт итгүүлчихсэн. Үүнээс болж энэ хэрэг замхарч буруу тийш эргэж,  солиорсон, галзуурсан хүн хайж хамаг цагаа алдсан. Сэтгэцийн өвчтэй хүн усанд унаж амиа хорлодог юм байна гэж нийгэмд ойлгуулсан.
 
- Амиа хорлохын тулд 1000 км туулж далай уруу явах уу гэдэг их хачирхалтай санагдаад байгаа юм?
 
-Харин тийм. Түүнээс наана үхнэ биз дээ. Тэр болтол давхихад ядаж өөр бодол орж ирнэ биз дээ. 15-16 цаг явж очдог газар шүү дээ. 
 
-Замын пост болон ШТС-ын камеруудад машинаасаа өөрөө бууж сууж байсан нь  бичлэгт үлдсэн гэдэг. Хэн нэгний дарамт, барьцаанд явсан гэх сэжиг таамгийг батлах баримт байна уу?
 
-Дарамтад явсан нь тодорхой. Утсаар ярих боломжгүй. Аав ээжтэйгээ нэг ч яриагүй. Утсаар нь өөр хүн ярьж байсан. Ямар ч эрх мэдэлгүй явсан нь мэдэгддэг. Цэвэр зохион байгуулалтай хэрэг. Миний хүү алуурчидтай явж байсан. Аль болох хол явуулж, ул мөрийг балартуулж нууж алах зорилготой алуурчидтай явж байсан. Тэд миний хүүг шууд барьцаалж авч явсан. Ямар нэг байдлаар хүлээлт, найдлага төрүүлж алах хүртлээ тайван байдлаар авч явсан. Мэдээж алах газраа ширүүссэн нь тодорхой. Түүнээс биш эндээс чамайг ална гэж хэлсэн бол тэр хооронд амьд хүн аргатай амьд гарах ямар нэг арга хэмжээ авна биз дээ. Тэгэхээр арай ч алчихгүй юм байна гэдэг горьдлого төрүүлсэн байх. 
 
-Танайх хэдэн хүүхэдтэй вэ. Дүү нарыг нь барьцаалсан, сүрдүүлсэн зүйл байсан болов уу?
 
-Манайх дөрвөн хүүхэдтэй. Талийгаач миний том хүү. Удаахь хүү маань байгалийн аялал жуулчлалын менежментээр төгсөн. Нэг охин нягтлан, нөгөөх нь компьютер праграмм хангамжийн мэргэжилтэй. Манай дөрвөн хүүхэд өөр өөр мэргэжилтэй ч бүгд байгальд ээлтэй. 1987 оноос би өнөөдрийг хүртэл 29 жил  байгаль хамгаалагчаар ажиллаж байна. Янз бүрийн маргаан зөрчил алийг тэр гэхэв. Ажиллаж байсан үйлээрээ харагддаг. Энэ хүн хэзээ ч энэ ажлаас урвахгүй үүний төлөө үнэнч  шударга байснаараа ард түмэнд итгэл төрүүлж чаддаг. Миний хүү тийм л байсан. Ар гэр, дүү нарыг нь бас дарамталсан байдаг. Үүнийг яримааргүй байна.
 
ЭХЛЭЭД СЭТГЭЦИЙН ӨВЧТЭЙ ХҮН ХАЙЖ БАЙСАН БОЛ ОДОО АВГАЙ ХҮҮХЭН ЭРЖ ЭХЭЛЛЭЭ
 
-Та прокурорт өргөдөл гаргасан гэсэн?
 
-Цагдаагийн дарга Р.Чингис, Ерөнхий прокурор М.Энх-Амгаланд өргөдөл гаргасан. Шалгаж байна гэсэн л хариу өгдөг юм. Мөрдөх үйл ажиллагааг нэгтгэсэн. Энэ  нь нэг нь Монголын өмнөд хязгаар, нөгөө нь хойд хязгаарт болсонтой холбоотой нэгтгэх арга хэмжээ авсан байх. Миний бодлоор шалгаж, мөрдөж байгаа явц нь алдаатай. Итгэл үнэмшил муутай болохоор нэгтгэх шаардлага УМБГ-т байсан болов уу даа. Нэгэнт олон түмэнд ил болсон энэ хэргийн илрүүлэлтэд цаашид хэрхэн хандах нь Цагдаагийн байгууллагын нэр хүндэд нөлөөлөх нь зайлшгүй. Шуурхай шалгах бодол байгаа байлгүй. Ард түмэн үнэн зөвөөр нь шийдээсэй гэж шаардаж хүсэн хүлээж байна. Өдөр бүхэн л ийм сэтгэгдэл цахим ертөнцөөр хөвөрч байна. Ер нь ганц байгаль хамгаалагч амиа алдаад зогсохгүй алсдаа байгаль хамгаалах асуудал яах вэ гэдэг асуулт гарч ирж байна. Цашид нийгэмд ийм хохирол гарсаар байх буруу хандлага тогтох аюултай. Тиймээс алуурчныг олох л хэрэгтэй.
 
-Ямар нэгэн сэжмээр холбогдсон муу мэдээллийг мэдсэн, ноцтой үйлдлийг харсан ч  байж болох юм. Мэдээлэл ихтэй хүн ямар нэг юмны золиос болох талтай. Талийгаач танд ямар нэгэн ноцтой зүйлийн талаар ярьж байсан уу?
 
-Манай хүүхэд дарга, эрх мэдэлтэй хүн биш. Гэхдээ яагаад алуурчдын хараанд өртөж, хэд хэдэн удаагийн халдлагад өртөв гэдэг асуудал. Миний хүүд хувийн ямар нэгэн зүйл байхгүй. Байгаль дэлхий, ирвэсийн амьдрах орчинд аюул занал болж байгаа ашигт малтмалын  лицензийг цуцлуулах тухай тэмцэж, өрөм тавиулахгүй гэж нутгийн иргэдтэй хамтарч түүний төлөө шударгаар тэмцэж байсныг мэднэ. Тэмцэж байсан баримтууд байдаг. Шударга байсны төлөө гурван удаагийн халдлагад өртсөн. Барьцаалж байсан хүмүүс хүртэл тэгж хэлж дарамталсан байдаг. Үүнээс л болж  амь насаараа хохирлоо. Түүнээс биш миний хүүхэд гэр бүл, өөрийн гэсэн гэр орон өмч хөрөнгө  байхгүй. Амар тайван байгаль дэлхий, ан амьтан дунд хамгийн дуртай ажлаа баяр баясгалантай хийж явсан хүн. Үүнийг ганц би ч биш байгууллага хамт олон, найз нөхөд, олон улсын байгууллага нь бүгд хэлж баталж, магтаж байна. Бид хоёр хол байдаг хүүгээ өдөр бүр, үргэлж хараад юу болж байна гэх боломжгүй. Харин найз нөхөд хамт олон, эрдэмтэн судлаачид дүү нар нь биднээс илүү мэдэж тодорхойлж байна.
 
-Найз охин байсан уу?
 
-Байхгүй. Миний хүү гэр бүл ч зохиож амжаагүй. Архи дарс хэрэглэдэггүй. Баар цэнгээний газраар явдаггүй. Хэдэн янгир, ирвэс гээд уул хадаар л гүйж явсан. Дургүй хүнд байгаль хамгаалагчийн ажил хэцүү. Дуртай хүнд жинхэнэ амар амгалан, аз жаргал, баяр баясгалантай ажил. Миний хүү мэргэжилдээ дуртай, өөрөө баяр баясгалантай, ирээдүйдээ тэмүүлэлтэй, зорилготой ажиллаж байсан.
 
-Та бол насаараа байгаль хамгаалагч байж Хөвсгөлийг тэр чигт нь тусгай хамгаалалтад авахуулж чадсан хүн. Тэр утгаараа хүү тань таны мэргэжлийг өвлөж. “Сүмбээг сэтгэцийн өвчтэй, өөрийгөө хутгалсан” гэдэг мэдээлэл дуулахад хэцүү байв уу?
 
-Асуудлын гол энд л байна. Өөрийгөө хар зөндөө ууланд гурав хутгалчихаад ирнэ гэж хүний санаанд яаж орох юм. Тэгэхээр энэ хэргийг зориуд ийм байдалд оруулж, ийм байгаасай гэж хүсч зохион байгуулсан байцаагч, хүмүүс байна. Байсан болоод ийм зүйлийг зохиож гаргаж ирсэн. Тэгэхээр үүнийг зохион байгуулсан хүмүүсийг олох хэрэгтэй.
 
-Одоогоор цагдаагийнханд олсон мэдээлэл сэжүүр байна уу. Эсвэл өөрсдөө холбоотой гэж та үзэж байна уу?
 
-Олоогүй байгаа. Эхлээд сэтгэцийн өвчтэй хүн хайж байсан бол одоо авгай хүүхэн хайж эхэллээ.
 
-Яагаад авгай хүүхэн хайх болов?
 
-Гэр бүлгүй байсан болохоор өөр авгай хүүхэн байсан л байх ёстой гэж мөрдөж эхэлсэн юм байна. Өнөөдөр би цагдаагийнхантай муудалцаж байна. Та нар ёс суртахуунтай байгаарай. Ард нь амьд хүн үлддэг юм шүү. Чадаагүй хэргээ өөр маягаар зохиож явах чинь буруу шүү. Холбогдох газарт нь мэдэгдэнэ гэсэн.
 
Малчдаас тийм хүн хайсан гэсэн мэдээллийг би Өмнөговиос дуулсан. Тийм хүн олоод тэр хүний нөхөртэй янз бүр болоод тэгээд нөхөр нь хардаж хутгалсан гэдгээр гэр бүлийн асуудалтай болгож харагдуулах маягаар мөрдөж шалгаж байна гэсэн үг. Хэргийг буруу мөрдөөд өөр замаар яваад байгаа. Тэгэхээр үүнийг зогсоох хэрэгтэй. Байцаагчдын асууж байгаа байдал. Хүнтэй уулзаж буй хандлага. Асууж байгаа хүмүүсийн хэлж ярьж гомдолж байгааг харахад тийм л юм цухалзаад байна.
 
-Цагдааг илрүүлнэ гэдэгт  та эргэлзээд байна аа даа?
 
-Эргэлзэж байна. 27-той хүнийг авгай аваагүй нь учиртай гээд. Гэтэл 20-той битгий хэл 40, 50 настай хүн ч авгайгүй явж байдаг  л биз дээ. Сайдад нь би хэлсэн. Энэ арай л биш. Та нар болиорой гэж.
 
-Говийн малчин айлуудаар хайж байна гэсэн үг үү?
 
-Өмнө ч гэсэн манай хүүхдийг ийм байдлаар дарамталж, айлгаж, байцааж асууж байсан байдаг юм. Өөрт чинь эрүүгийн хэрэг үүсгэнэ гэж хэлж байсан.
 
-Урд нь ийм гомдол гарч байсан юм уу?
 
-Тэд өөрийгөө хутгалсан гэдгийг баталгаажуулахын тулд ямар нэгэн шалтаг шалтгаан олох шаардлагатай болоод солиорч байхгүй юу. Ингэхийн тулд ууланд хэсэж яваа хүүхдийг яаж хийгээд доромжлоод, гүтгээд ямар нэг юм гаргая гэж дөрөвдүгээр сараас хойш хайсан. Үнэхээр цэвэр, юу ч гарч ирээгүй.
 
-Тэгэхээр цагдаагийнхан мөрдөх үйл ажиллагааг буруу сэжүүрээр явуулаад байна гэж та хэлж байна уу?
 
-Тийм. Эхлээд тэд миний хүүг сэтгэцийн өвчтэй өөрөө амиа хорлосон гэдэг сэжүүрээр мөрдөөд мухардсан байдаг. Ямар ч үндэслэл байхгүйг миний хүүгийн хийж байсан ажил үйлсийг нь харуулсан нэвтрүүлэг, кино, олон улсын мэргэжлийн байгууллагын үнэлэлт дүгнэлт харууллаа. Өнөөдөр би цагдаагийнханд дахин хэллээ. Та нар мөрдлөгийн сэжүүрээ өөрчлөхгүй бол энэ хэрэг илрэхгүй. Алуурчин цаана чинь аз жаргалтай явсаар байна. Эсвэл та нарыг зориуд зохион байгуулж, цаг хугацаа хожих гэсэн санаа байна гэж хардахаас өөр зам алга гэсэн.
 
ЯМАР ЗАВЬ БАЙСАН БЭ ГЭЭД ХЭРГИЙГ ШАЛГАХ СЭЖҮҮР, БАРИМТ ХАНГАЛТТАЙ БАЙСАН
 
-Цагдаагийнхан таныг хэргийн илрүүлэлтэд хэрэг болох зүйлийг хэлэхээр та дуугүй бай. Та нараар ажлаа заалгахгүй гэсэн гэл үү?
 
-Тэгж л байсан.Тэгээд би энэ хэргийг энэ сэжүүрээр нь мөрдвөл үр дүнтэй гэж тодорхой санаануудыг хэллээ. Хууль хяналтын байгууллагынхны зарим нэгийг нь тусгаарлах, заримыг нь шалгах хэрэгтэй гэдгийг хэллээ. Мэргэжлийн байгууллага ингэж ажиллаж болохгүй.
 
-Хууль хяналтынхан  өөрсдөө холбоотой гэсэн үг үү?
 
-Байцаагч нар нь буруу ажилласан. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг хууль бусаар ашиглаж ард иргэдээ доромжилж дарамталсан байдлаар хүч түрсэн зүйл бий.
 
-Таныхаар сэжэгтэн байна уу?
 
-Хуулийнхан өөрсдөө мэдэж байгаа, хангалттай нотлох баримт, ул мөр байна шүү дээ. Би мөрдөн байцаагч биш. Гэхдээ байгаль хамгаалагч хүн гэдэг мөн л хэрэг зөрчил дээр ажилладаг. Минийхээр бол энэ хэрэгт нотлох баримт хангалттай байдаг. Гэтэл яагаад илрүүлэхгүй байгаад учир байгаа юм. Тиймээс энэ хэргийг мөрдөж байгаа Өмнөговь, Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын мөрдөн байцаагчдын бүрэлдэхүүнийг өөрчлөхгүйгээр илрэхгүй гэдгийг хэрэг болсон өдрөөс хойш авч буй бүх мэдээлэл, цагдаагийнхны  мөрдөх үйл ажиллагаа явуулж байгаа хэлбэрээс харахад тодорхой байгаа юм. Тэдний яриагаар бол мөрдөх үйл ажиллагааг нэгтгэж, шинээр мөрдөж эхлэх гэж байгаа тухай ярьж мэдээлж байна. Миний ойлгож байгаагаар Хөвсгөл дэх мөрдлөгийг зогсоож, хэргийн материалыг хот руу татаж нэгтгэсэн байна. Өмнө нь Өмнөговьд хутгалуулсан, дараа нь Хөвсгөлд хүн алаад ус уруу хаясан зэрэг хоёр хэрэг нь нэг нь говьд нөгөө нь хангайд болсон учраас нэгдэж өгөхгүй байсан байх. Гэхдээ  энэ хэргийг  нэгтгэлээ гээд арга барилаа өөрчлөхгүй бол илрэхгүй.
 
-Утсаа суудал доороо бичлэг хийхээр үлдээсэн байсан. Мөн завьтай хүмүүс ирж байна гэсэн бичлэг байдаг.  Энэ хангалттай нотлох баримт болох уу?
 
-Суудал дороо байгаагүй. Утас нь байдаг газраа л байсан. Завь байсан. Хий юм харлаа гэж бодоход ядаж од тэнгэр, морь мал харж болно. Тэгэхээр алуурчид завьтай л байсан. Тэр завийг хаанаас авсан. Ямар завь байсан гээд хэргийг шалгах сэжүүр, нотлох баримт хангалттай байсан. Үүнээс эхлээд мөрдөж болно биз дээ. Тэнд жуулчны хэдэн бааз л завьтай. Гэхдээ шалгаж байгаа байлгүй. Тэр бүгдийг надад хэлэхгүй байгаа. Хэлэх ч ёсгүй байх. Завсраар нь хэргийг өөрчлөх, булзааруулах, муучлах гэсэн юм гаргаж ирээд байна. Хохирогчийг  буруутгах гэсэн тал нь давамгайлж байна.
 
-Хясаан дээр байна гээд байсан. Тэгэхээр далайн урдуур Хатгал ороогүй явсан байх уу? 
 
-Машинаар бол далайн урдуур зүүн эргээр явна. Гэхдээ Хясаа уруу очоогүй. Хайчийн ар гэдэг газарт очсон байдаг. Хатгал тосгон өнгөрөөд  Алаг-Царын амнаас нааш  Хайчийн ар гэдэг газар. Хүн бараг явдаггүй модон дундуур явж очдог газар.
 
-Машинаа өөрөө барьж очсон байх уу?
 
-Хараагүй болохоор мэдэхгүй. Тэнд бол өөр хүн авч очсон байх. Хүн амьтан бараг явдаггүй газар алах зорилгоор л явсан нь тодорхой.
 
-Хэрэв хэн нэгний дарамтад явсан гэж үзвэл авч явсан  хүн нь тэр газрыг мэддэг байсан байх магадлалтай гэсэн үг үү?
 
-Угаасаа өөр зам, гарах гарцгүй газар, мэддэг, мэддэггүй ч хэн ч байсан ганц л замтай. Хоёр талаараа битүү модтой. Тэр замд орсон л бол тэрүүгээрээ л явна. Хэргийн мөрийг нь баллах гэсэн зорилготойгоор л авч явсан.
 
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

6 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Ард хүн / 2016 01 сар 18/

    Ам руу нь архи цутгаад хурууных нь хээг шилэн дээр авч үлдчээд ус руу шидсэн.тэгээд алуурчид завинд суугаад ямарч ул мөрөө үлдээхгүй явсан

    Хариулах
  • Ард хүн / 2016 01 сар 18/

    Юу болсон бэ гэвэл хотоос барьцаалсан зэвсэгтэй хүмүүс машины ард суучихаад хэргээс камёртай газар буулгаж ганцааранг нь явж байгаа мэт дүр эсгүүлж алхуулаад ард нь нуугдаж суучаад хөвсгөл рүү аваачаад далай дээр очиж хэдэн талаас нь дарж байгаад бүтээж алчаад ам руу нь архи цутгачаад хурууных нь хэ

    Хариулах
  • Зочин / 2016 01 сар 18/

    Зоригийн хэрэг шиг болгох гээд байгаа юм биш байгаа

    Хариулах
  • Зочин / 2016 01 сар 18/

    Yagaad hohirogchiig buruutgah geed baigaag oilgohgvi bna tsagdaa nariin svvliin veiin arga baril iim bolchihson ymuu hohirogch bolood tsagdaad handwalergeed ooroo ooriigoo yllasan heregt unah ym bnaldaa

    Хариулах
  • Зочин / 2016 01 сар 18/

    хүндийг ингэж унагаах нь юутай харамсалтай,энэ хэргийг нэн даруй илрүүлэж,монголын цагдаагийн нэр хүндийг өргөж,хариуцлага алдсан нөхдөд хатуу арга хэмжээ авах шаардлагатай юм.

    Хариулах
  • Зочин / 2016 01 сар 18/

    Энэ бол хүний амь нас хохирсон маш ноцтой хэрэг,хоорондоо алс зайтай хоёр өөр газар болсон үйлдлүүдийг нэгтгэн шалгахад янз бүрийн бэрхшээл тулгарах,цаг хугацаа алдах явдал гардаг л юм тэхдээ хохирогчын ар гэрийхэнийг хохирсон дээр нь ингэж сэтгэл санаагаар хохироох,хэд хэдэн газрын цагдаагийн нэр н

    1
    Хариулах