Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 01 сар 18
・ 2
Монгол Улс энэ жил XX зууны төр, нийгмийн гарамгай зүтгэлтэн, 44 жилийн туршид БНМАУ-ын нам, засгийн тэргүүнээр ажилласан Увс аймгийн Давст сумын уугуул Юмжаагийн Цэдэнбал агсаны 100 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэхээр болсон. Бид энэ дугаарынхаа зочноор ОХУ-ын нийслэл Москва хотод ажиллаж, амьдарч буй түүний хүү Ц.Зоригийг урьж оролцууллаа.
- Та сайхан өвөлжиж байна уу? Саяхан Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэхээр УИХ-аар шийдвэрлэсэн. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?
- Тийм ээ, би үүнийг сонссон. Манай төрийн эрх барих дээд байгууллага аавын минь 100 насны ойг тэмдэглэх гэж байгаа нь надад сайхан санагдаж байна. “Ю.Цэдэнбалын академи” гэж ТББ байгууллага байдаг. Тэд нар маань аавын 100 насны ойг хэрхэн тэмдэглэх талаар төлөвлөгөө боловсруулаад ажиллаж байгаа. Аавын 100 насны ойг тэмдэглэх явдал нь хэн нэгэн хүний төрсөн өдрийг зүгээр нэг тэмдэглэхтэй адил зүйл биш. Монголын ард иргэд ХХ зууны гарамгай удирдагчдын нэг болох аавын маань ойг тэмдэглэх гэж байгаа нь түүний Монголын ард түмний төлөө ихээхэн зүйл хийснийг хүлээн зөвшөөрч байгаа явдал гэж ойлгож байна. Би өөрийн зүгээс чадах чинээгээрээ туслах болно.
- Миний мэдэхийн та сүүлийн хэдэн жил ОХУ-д нам гүмхэн амьдарч байна. Монголд бараг очоогүй байх. Таны юу хийж буйг хүмүүс сонирхож буй биз ээ. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?
- Ажлын хувьд би орчуулгын ажил эрхэлж, янз бүрийн салбарын орчуулга хийж байгаа гэж ойлгож болно. Утга зохиол, гүн ухаан, түүх, улс төрийн гээд... Түүнээс гадна амьдрахын тулд хааяа нэг адал явдалт зохиол хүртэл орчуулахаас гадна Буддын шашинтай холбоотой утга зохиол ч гэсэн хөрвүүлж байна. Гол төлөв англиас орос руу орчуулж байна даа.
- Таны эхнэр Р.Дариймаа М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийг утга зохиолын орчуулагчаар төгссөн. Та хоёрыг утга зохиол холбосон буюу “Гэсэр” туужийн орчуулгыг хийх үеэр танилцсан гэж ярьдаг. Хэрхэн учирсан талаараа ярина уу?
- Бид хоёр нэгэн эрдэм шинжилгээний бага хурал дээр танилцсан. Тэр үед “Гэсэр” тууж болон янз бүрийн сэдвээр илтгэл тавьж байлаа. Анх Москвад 1995 онд танилцсан даа. 1996 онд бид хоёр албан ёсоор гэр бүл болсон. Москвад гэр бүлээ батлуулж байлаа. Тэгээд удалгүй Монголдоо очиж хуримаа хийсэн. Одоо хамтдаа бараг 19-20 жил болж байх шиг байна даа.
- Монголын тухайн үеийн Засгийн газар та хоёрт гурван өрөө байр өгч байсан санагдана. Тэндээ нэг хэсэг амьдарч байснаа таг чиг алга болчихсон. Монголдоо амьдарна гэж байсан хүн яагаад явчихсаныг тань сураглах хүн олон байна.
- Орон сууцны хувьд Засгийн газар ч биш ээ, Хотын захиргаанаас тухайн үед байр өгч байсан юм. Сансарт. Тийм ээ, бид хоёр Монголд нэлээд хэдэн жил амьдарч, нааш цаашаа ирж очиж байлаа. Ерөнхийдөө би боломжийн ажил хийчих санаатай янз бүрийн ажил хайсан. Гэтэл олигтой ажил олдож өгөөгүй. Тэр үеийн эрх баригчид надад дэмжлэг үзүүлэх тал дээр ямар ч санаачлага гаргаагүй, тэгээд дэмжлэг байхгүй учраас олигтой ажилд орж чадаагүй. Ганц хоёр хувийн дээд сургуульд цагаар багшилж байсан. Аавынхаа нэрийг муугаар хэлүүлэхгүйн тулд боломжийн ажил хийе гэж бодож байлаа. Үүндээ хүрч чадаагүй учраас ямар нэгэн байдлаар ажил хийе гэж бодсон ч санаанд таарсан олигтой ажил олдоогүй ээ. Орлогогүй хүн чинь яаж амьдрах билээ. Тэгээд л эргээд Москвад ирсэн дээ. Тэр үеийн эрх баригчдын зүгээс намайг хэн ч дэмжээгүй учраас би яалт ч үгүй сүүлийн хэдэн жил Монголд амьдрахгүй байгаа шалтгаан нь ердөө л үүнтэй холбоотой. Түүнээс биш би Монголдоо хайртай байлгүй яахав.
- Тэр үеийн МАХН-ын удирдлагууд таныг үл тоосон маягтай хандсан тухай хэвлэлүүдээр гарч байсан. Түүгээр ч зогсохгүй ганц том намын дарга байсан хүний хүүхдийг намаасаа нэр дэвшүүлэх нь битгий хэл холхон шиг байлгах, Монголд ирсэнд чинь дургүй байсан гэж хүмүүс ярьдаг юм билээ. Энэ талаар?
- Тийм ээ, миний эсрэг янз бүрийн үйл ажиллагаануудыг зохион байгуулж байсан. Ялангуяа би тухайн үед, 2000 онд ИЗН-аас Увс аймагт нэр дэвшихэд Ху намын эрх мэдэлд байсан СЕХ намайг нэр дэвшүүлэхгүй гэсэн. Тухайн үед би шүүхэд хандаад ялалт байгуулсан. Сонгуулийн сурталчилгаа дуусахаас өмнө СЕХ-г ялсан. Ингээд л Улаангом хотод буюу аймгийн төв дээр очиж сонгуулийн сурталчилгаагаа хийсэн дээ.
- Ийм богинохон хугацаанд сонгуульд оролцсон бил үү? Тэгээд юу боллоо доо?
- Намайг ердөө тавхан хоногийн хугацаанд сурталчилгаагаа хийсэн гэвэл хүмүүс гайхаж магадгүй. Энэ амжилтыг маань Гиннесийн номонд оруулахад ч болно байх (инээв). Дэлхийн аль ч улс, оронд тавхан хоногийн дотор хийдэг сонгуулийн сурталчилгаа гэж байхгүй. Аавынхаа төрсөн нутагт очиход намайг нэр дэвшиж байсныг хэн ч мэдээгүй байлаа. Найм, есөн өрсөлдөгч байсан даа. Хамгийн гол өрсөлдөгч маань МАХН-аас нэр дэвшигч одоогийн Ц.Нямдорж гишүүн. Тэр үед бусад нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгаанд олон хүн ажиллаж байсан бол намайг дэмжиж дөрөвхөн хүн ажилласан даа.Ингээд тавуулаа тав хоногийн дотор сурталчилгаагаа хийсэн болсон.
- Миний бодлоор тухайн үеийн Ху намын удирдлагууд томоохон улс төрчөө тухайн тойрогт сойчихсон байсан тул таныг унагаахын тулд бүхий л арга чаргаа хэрэглэсэн байх. Тийм ч учраас СЕХ ч мөн таны эсрэг ажилласан байлгүй дээ?
- Тэгэлгүй яахав дээ. Мэдээж, тус намын томоохон улс төрч болох Ц.Нямдоржийн дэвшиж байсан тойрогт намайг зориуд дэвшүүлсэн нь эхнээсээ л хугацаа хожиж, хүчгүйдүүлж байгаад унагах төлөвлөгөтэй байсан юм билээ. Түүнийг дэмжихийн тулд Ху намынхан бүх хүчээ хаясан даа. Тиймээс тэр хүн ялахаас өөр яахав дээ. Гэхдээ Улаангомд би хоёроор гарч ирсэн шүү.
- Тэр цагаас хойш бараг 15 жил өнгөрчээ. Монголын өнөөгийн улс төрийн байдлыг та хэрхэн үнэлж байна вэ? Эргээд улс төрд орох бодол бий юу?
- Үгүй ээ. Би улс төрийг тэр чигээр нь орхисон. Хаясан ч гэж хэлж болно.
- Тухайн үед нэр дэвшиж байсан Ц.Нямдоржтой та сонгуулийн дараа уулзсан уу?
- Үгүй ээ, ерөөсөө уулзаагүй.
- Өдгөө Увс аймгаас нэр дэвшин сонгогдсон МАН-ын гишүүд болох Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нар ирэх сонгуулиар мөн нэр дэвших гэж байгаа бололтой. Тэд таны эцгийн ирэх намар тохиох 100 насны ойг улсын хэмжээнд тэмдэглэх, мөн цагаатгах тухай ярьж, парламентад олонхийн дэмжлэг авсан. Энэ талаар та юу гэж бодож байна вэ? Миний хувьд сонгуулийн шоу мэт санагдана.
- Би тэр хүмүүсийг танихгүй. Ердөө уулзаж, учирч байгаагүй. Анх удаагаа л сонсож байна. Одоогоор тэр талаар ярих ямар ч юм алга. Үнэхээр тэр хүмүүс миний аавын ойг тэмдэглэхээр хөөцөлдөж байгаа бол би талархахаас өөр яахав дээ.
- Аавыг тань нас барсны дараа таны ээжийг 4-5 удаа байцаасан гэдэг. Энэ талаар та юу мэдэх вэ?
- Аавыгаа Алтан Өлгийд нутаглуулаад хацрын минь нулимс хатаж амжаагүй байхад нэг мөрдөн байцаагч залуу манай ээжид хандаж “Таниас байцаалт авахаар боллоо” гэсэн. Ээж маань түүнд “Дөнгөж оршуулга дуусаад байна. Ганц хоёр хоногийн дараа болвол яасан юм бэ?” гэж хэлсэн. Би тэр мөрдөн байцаагчийг хэн гэдэг байсныг санахгүй байна. Гэхдээ тэр хүн ээжид минь ийм байдлаар хандсан нь ёс зүйн хувьд арай л болохгүй, муухай загнасан би гэж боддог.
- Тухайн үеийн МАХН-ын удирдлагад та гомдолтой хэвээр явсаар байгаа юу?
- Үгүй ээ. Надад гомдсон юм ер алга. Тэгээд ч надад улс төр ямар ч сонирхолгүй болсон.
- Таны охин Настя өнгөрсөн жил Монголд очиж байсан. Түүнд байр бэлэглэсэн гэдэг. Энэ тал дээр та ямар бодолтой байдаг вэ?
- Энэ бол миний асуудал биш. Би хэн нэгнээс байр өг, энэ тэр гэж гуйсан юм байхгүй ээ. Энэ бол тэд нарын асуудал. Хэн өгсөн, яасан ийсэн нь надад ер сонин биш байна.
- Таныг орчуулга хийхээс гадна Дээрхийн Гэгээн XIV Далай ламын Москва дахь суурин төлөөлөгч гэх мэт Буддын шашинтай хүмүүстэй нэлээд ойр дотно байдаг, хамтарч ажилладаг гэж сонсон юм байна?
- Тийм ээ. Би эхнэр Р.Дариймаагийн хамт сүүлийн 10 гаруй жил Дээрхийн Гэгээн 14-р Далай ламын хурал номд жил дараалан алгасалгүй оролцож байгаа. Сүүлийн жишээ гэхэд, манай эхнэр дөнгөж оны өмнөхөн Энэтхэгт болсон Далай ламын ээлжит ном айлтгах арга хэмжээнд оролцоод саяхан ирлээ. Харамсалтай нь, би энэ удаа явж амжсангүй.
- Та 2012 онд Италид болсон Далай ламын ээлжит ном айлтгах ёслолд оролцож байсан. Энэ талаар Италид амьдарч байсан монголчууд өндөр сэтгэгдэлтэй үлдсэн байдаг. Тэр талаараа дурсаж ярина уу?
- Тийм ээ. Тэр үед дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн Буддын шашинтнуудтай нэгэн дээвэр дор ном сонсохоос гадна Италид ажиллаж, амьдарч байсан олон олон нутаг нэгтнүүдтэйгээ уулзаж, учирч байсан маань санаанд тодхон байна. Үнэхээр тэндхийн монголчууд намайг маш сайхан хүлээн авч, хурал номын дараа Милан дахь Монголын Консулын газар хүртэл очсон. Сониноос тэнд 2012 оны Монгол дахь сонгуулийн дүнг зурагтаар харж байсан юм байна. Тэгэхэд тэр үед Монголд хэн хэн сонгуульд ялж байсныг харж байлаа. Италид сурч, амьдардаг монголчууд маань намайг ихэд ойр дотно хүлээж авсанд би одоо ч гэсэн баярлаж явдаг.
- Дээрхийн Гэгээнтэн Далай лам саяхан танд мэндчилгээ ирүүлсэн гэж ярилаа. Тэр талаар тодруулаач?
- Тийм ээ. Энэ бол миний хувьд их бэлгэ дэмбэрэлтэй сайхан зүйл болсон. Хэдийгээр би Дээрхийн гэгээнтэн Далай багштай ойр дотно уулзаж, учирч яваагүй ч гэсэн түүний гарын шавь, Москва дахь төлөөлөгчийн газрын хүнээр дамжуулаад ойр дотно байж ирсэн. Надад энэ Шинэ жилээр Далай багш мэндчилгээ ирүүлсэнд маш их баяртай байгаа.
- Саяхан Москвад Орос дахь Буддын шашинтнуудад зориулж сүм хийд барих газар олгосон тухай сонссон юм байна. Энэ талаар юу хэлэх вэ?
- Одоогоос хэдэн жилийн өмнө Москвагийн захад Буддын шашны сүм хийд барих газрыг хотын захиргаанаас олгосон юм. Санкт-Петербургт II Николай хааны тушаалаар анх Буддын шашны хийдийг төв Орост байгуулж байсан түүхтэй. Тэр хийд дайны үеэр үйл ажиллагаагаа нэг хэсэг зогсоосон ч хожим нөхөн сэргээгээд үйл ажиллагаа нь хэвийн явж байна. Москвад сүм хийд байгуулагдах болсон нь тун сайхан хэрэг гэж бодож сууна. Одоогоор Москва дахь Далай ламын суурин төлөөлөгчийн үүргийг Халимагийн хамба лам Тэлү рембүүчи хавсран гүйцэтгэж байгаа.
- Сүүлийн үед Орост орчуулагдаж байгаа Далай багшийн ном сургааль цөөхөн харагдаж байна. Өмнө нь нэлээн их байсан даа. Энэ талаар?
- Үгүй ээ, энэ тийм биш. Далай багшийн сүүлийн үеийн ном айлтгалууд хэвлэгдэн гарч байгаа. Урьд нь маш олон ном сургаалийг нь орчуулан гаргасан нь дууссан байлгүй дээ.
- Та эцгийнхээ 100 насны ойгоор очих ёстой байх. Эсвэл ямар нэгэн урилга ирэхийг хүлээгээд байгаа юм биш биз дээ?
- Үгүй ээ. Би Монгол Улсын иргэний хувьд эх орондоо хүссэн цагтаа очих бүрэн эрхтэй. Тийм болохоор хэн нэгнийг урьсан, уриагүй нутагтаа очих ёстой гэж бодож байгаа. Тухайн арга хэмжээг зохион байгуулах хорооныхон над руу холбоо баривал их баярлах болно. -
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.