Бэлэнчлэх арми

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 01 сар 19

Б.ЭНХЗАЯА

Ерөнхийлөгчийн уриалснаар Монгол Улс олуулаа болох зорилготой. Гадагшаа явсан нэгийгээ эх орондоо дуудаж, “Эндээ амьдрахад чинь ээлтэй орчин бүрдүүлнэ” гэж хэлэх нь халаг болж, эх хүүхдийг дэмжих халамж, хангамжийг төр засгаас амлаж төсвийн хөрөнгийг зарцуулсаар ирсэн. Уг нь Монгол Улсад олуулаа болж, баялаг бүтээх бүхэл бүтэн “арми” бий. Энэ “арми” жил бүр өргөжсөөр, зөвхөн нийслэлд гэхэд албаны бүртгэлээр Монгол Улсын 331 дэх сумыг байгуулах хэмжээнд хүрчихжээ. Тэд бол тэнэмэл иргэд.

Нийслэлийн нийгмийн халамж үйлчилгээний газраас Өнгөрсөн онд Улаанбаатар хотын хэмжээнд байгаа тэнэмэл амьдралтай иргэдийг бүртгэлжүүлэхэд 2789 хүн бүртгэгдсэн байна. Энэ бол зөвхөн нийслэлийн хэмжээний тоо. Тэнэмэл иргэдийг бүртгэх тун амаргүй. Өнөөдөр  нэг байрны хонгилд байсан бол маргааш хотын захад очих жишээтэй. Тиймээс халамжийнхны тоо эцсийнх биш. Бүртгэлд хамрагдаагүй, дээрээс нь аймгуудын “атаман”-уудыг нэмбэл дээрхээс хэд давсан тоо гарах нь гарцаагүй. Ямартаа ч Улаанбаатарт 3000 орчим хүн орон гэргүй, гуйлга гуйж, зарим нь хулгай хийн, сав лааз цуглуулж хоног төөрүүлж явна.

Идэр ес, эхэлж хүйтний эрч чангарсаар байна. Хүйтний улиралд тэнэмэл амьдралтай иргэд хамгийн их “хохирдог”. Тэдний олонх орон гэргүй, ар гэртэй ч тэндээ тогтдоггүйгээс өвөл осгож эрүүл мэнд, амь насаа алдах тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгдсээр байна. Нийслэлийн нийгмийн халамж, үйлчилгээний газарт бүртгэлтэй байсан иргэдээс хагас жилийн дотор идэр насны найман хүн хорвоогийн мөнх бусыг үзүүлснийг албаны хүн дуулгалаа. Мэдээж тэд архины хамааралтай байдгаас ийм эрсдэлд хүрч буй.

Улаанбаатар хотын Цагдаагийн газраас өнгөрсөн арванхоёрдугаар сард тэнэмэл иргэдийг тоолж, мэдээллийн санд оруулжээ. Нэг өдрийн хугацаанд 628 тэнэмэл иргэнийг бүртгэлжлүүлэхэд 548 нь эрэгтэй, 75 нь эмэгтэй, насанд хүрээгүй найман хүүхдийг бүртгэжээ. Улаанбаатар хотын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Л.Ганбаатар “Тэнэмэл иргэд голдуу хулгайн хэрэгт холбогддог. Өвлийн улиралд дулаан байхын тулд автомашины бүтээлэг хулгайлж орц хонгил, траншейд аваачдаг” гэж байна.

Орон гэргүй иргэд байрны орц хонгилд хонож өнжин өтгөн шингэнээ гаргаж, оршин суугчдыг тух алдуулна. Гудамж талбайд ч ялгаагүй үзэшгүй үйлдэл хийж, гадныхныг гайхшируулна. Тэд яг л “Намайг хэн тоож, нохойг хэн саах вэ” гэсэн аятай тэд аашилдаг болсоор хэдэн ч жил өнгөрөв дөө. Тэнэмэл гэх нэршилтэй иргэдийн дунд цагийн сайханд мандаж явсан нь олон бий. Хуульч, эмч, багш, жолооч, зураач гээд төрөл бүрийн мэргэжилтэй жинхэнэ баялаг бүтээгч идэр насны эрчүүд ийм амьдралыг сонгосоор байгаа нь харамсалтай. Олуулаа болохоор тэмүүлж байгаа Монгол Улс, Азийн хотуудаас хөгжлөөрөө тэргүүлэх зорилготой Улаанбаатарыг гудамжаар нь “бэлчиж” яваа тэнэмэл иргэд гутаана. Гэвч тэднийг нийгэмшүүлж, энгийн амьдралд нь оруулахын тулд бид юу хийв.

Орон гэргүй, гудамж траншейгаар хоноглодог, гуйлга гуйдаг иргэдийг 2003 оноос төр анхааралдаа авч, халамж тавьж эхэлжээ. Дүүрэг, хорооноос орон гэр, хоол ундны тасалбар, халамжийн мөнгө өгсөөр 13 жил өнгөрөхөд багасах биш харин ч нэмэгдсэн. Тэдэнд хаягласан нийгмийн халамж, төсөл хөтөлбөр хэрэгжсээр байхад яагаад ийм үр дүн гаргах болов. Мэдээж хэн нэгнээс хамааралгүй, үүрэг хариуцлага  хүлээгээгүй, ажиллаж хөдөлмөрлөхгүй, архины хамааралтай болоод олон жил болсон, хулгай дээрэм хийж, худлаа ярих зэргээр олон муу зуршил суусан нэгнийг нийгэмшүүлэх амар биш. Түүний хажуугаар тэнэмэл амьдралтай иргэдийн өмнөөс мөнгийг нь тоншигчид байдгийг хэн хүнгүй ярьсаар ирсэн. Тэнэмэлүүд тэр бүр бүртгэлтэй байдаггүй, бүртгэлтэй нэгэн нь хаанаас ямар халамжийн үйлчилгээ авахаа ч мэддэггүй.

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх