Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 01 сар 20

Төв аймгийн Заамар сумын Улаан шивэртийн аманд алт олборлох тусгай зөвшөөрөл эзэмшдэг байсан “Авдарбаян” компани эрх нь ноцтойгоор зөрчигдөж буй талаар мэдээлэл хийсэн. Тэдний өгсөн мэдээллээр бол “Авдарбаян” компани 24 га талбайд алт олборлох албан ёсны эрхтэй бөгөөд урт нэртэй хуулийн нэмэлт өөрчлөлтөөр энэ хэмжээ 60 га болохоор байж. Тиймээс холбогдох хууль тогтоомжийн дагуу компанийн зүгээс талбайгаа өргөсгөх ажлаа хөөцөлдөж байх хооронд Төв аймгийн Заамар сумаас уг талбайг өнгөрсөн оны долдугаар сард орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан байна.
Хамгийн хачирхалтай нь орон нутгаас нь тусгай хэрэгцээнд авсан гэх газрыг нь хамруулан н.Лхамсүрэн захиралтай “Мондулаан трейд” ХХК-ийн компани олборлолт хийж эхэлсэн байна. Уг асуудлаар “Авдарбаян” компани аймгийн засаг дарга, МХЕГ, аймгийн цагдаагийн байгууллага, орон нутгийн захиргаанд гомдлоо гаргасан ч “Мондулаан трейд” ХХК хууль зөрчсөн үйлдлээ зогсоохгүй байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.
“Авдарбаян” компанийн захирал Ц.Ганхуягаас авсан дараах ярилцлагыг хүргэж байна.
- Аймгийн засаг дарга ажлын хэсэг томилон уг асуудалд хяналт тавиулах шийдвэр гаргажээ. Ажлын хэсгийнхэн ямар дүгнэлт хийсэн юм бэ?
- Ажлын хэсгийнхэн газар дээр нь шалгалт хийж, хуулалт хийсэн талбайн зарим хэсэг тусгай хэрэгцээнд авсан талбайтай давхцаж байгааг тогтоосон. Ажлын хэсгийнхнийг очиж шалгалт хийх үед хөрс хуулалтаа тэднийх түр зогсоосон. Өмнө нь өнгөрсөн сарын сүүлээр ганц өдөр зогсоосон. Ажлын хэсгийнхэн тодорхой чиглэл өгөөд, ажлаа зогсоохыг үүрэгдсэн байдаг. Гэсэн ч ажлаа өнөөг хүртэл үргэлжлүүлсээр байна.
- Аймгийн засаг дарга нь энэ асуудалд ямар байр суурьтай байгаа бэ?
- Аймгийн засаг даргын зүгээс Заамар сумын засаг дарга Д.Болормаа, цагдаагийн хэлтсийн дарга Р.Ариунболд нарт “Мондулаан трейд” ХХК-ийн хууль бус үйл ажиллагааг зогсоох чиглэл өгсөн. Гэвч орон нутгийн зүгээс ажлын хэсгийн дүгнэлт болон аймгийн засаг даргаас өгсөн чиглэлийг биелүүлэхэд ерөөсөө анхаарахгүй байгаа.
- Урт нэртэй хуулийн өөрчлөлтөөр танайд хамаарахаар болсон талбайг орон нутаг тусгай хэрэгцээндээ авсан мөртлөө өөр компанид ашиглуулж буйд гомдолтой байгаа хэрэг үү?
- Тийм ээ. Орон нутгийн удирдлагууд зориуд “Мондулаан трейд” ХХК-тай хуйвалдаж, тусгай хэрэгцээнд өнгөрсөн долдугаар сард оруулсан юм билээ. Тэр талбайгаа эргээд "Мондулаан трейд” ХХК-д ашиглуулж байгаа. Үүнийг манай компанийн зүгээс эрх ашгийн зөрчил гэж харж байна.
- Танай талбай руу хэдэн метрээр хөрс хуулалт нэвтрээд байна?
- Одоогоор манай талбай руу найман метр нэвтэрсэн байгаа. Өнгөрсөн аравдугаар сард мөн ийм явдал гарч, бид шаардлага тавин ажлыг зогсоож байсан. Гэтэл оны сүүлээр олны анхаарал сарнисныг далимдуулан дахин манай талбай руу нэвтэрсэн байгаа.
- Танай талбай харуул хамгаалалтгүй юм уу?
- Ямар ч харуул хамгаалалт байхгүй. Манайх санхүүжилтийн асуудлаас үүдэн 2012 оноос хойш үйл ажиллагаагаа түр зогсоогоод байсан. Энэ хооронд эд нар хуйвалдаж, . Хавраас манай ажил эхэлнэ. Гэтэл ингээд талбайгаа эхнээсээ ухуулаад эхэлчихлээ. Тэр болтол энэ чигээрээ байвал бүр талбайгүй болох юм байна.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.