Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 01 сар 20

МИАТ ТӨХК-ийн захирал асан Г.Жаргалсайхан Зам тээврийн сайд М.Зоригтыг АТГ-т шалгуулахаар өргөдөл гаргахдаа хоёр асуудалтай холбогдуулан онцлон шалгаж өгөхийг хүсчээ. Нэгдүгээрх нь, Зам тээврийн сайд М.Зоригтыг 2015 онд Иргэний нисэхийн ерөнхий газар болон МИАТ ТӨХК-ийн Улаанбаатар хотын банкны данс дахь төгрөгийг өөрийн хувьцаа эзэмшиж буй Голомт банкны дансанд шилжүүлэхийг өөрөө болон бусдаар дамжуулж, тулган шаардаж шилжүүлснийг онцлон шалгаж өгөхийг хүссэн. Хоёрдугаарт, Монгол, Турк хоёр улсын Иргэний нисэхийн Ерөнхий газрын дарга нарын 2012 онд байгуулсан “Агаарын харилцааны хэлэлцээр”-ийг зөрчиж, МИАТ ХК-ийн эрх ашгийг үл ойшоон “Турк Эйрлайнс” компанийн эрх ашгийг хангасан заалтыг хүлээн зөвшөөрөх, улмаар гэрээ байгуулахыг тулган шаардсан асуудлыг шалгуулахыг хүсчээ.
Ингэхдээ “Далайд гарцгүй манай орны хувьд Агаарын тээврийн салбар нь стратегийн чухал ач холбогдолтой тул Үндэсний эрх ашгийг үл ойшоон албаны эрх мэдлээ хэтрүүлж буй үйлдлийг шалган тогтоож өгөхийг хүсье” хэмээсэн байна.
Үүнтэй зэрэгцэн бас нэгэн мэдээлэл цацагдсан нь Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Монгол Улс, Турк улсын хооронд иргэд харилцан 90 хоног визгүй зорчих хэлэлцээрийг цуцлах талаар Монголд суугаа тус улсын Элчин сайдтай ярилцсан тухай байв. Эл хоёр үйл явдал хоорондоо хамааралтай, эсвэл зөрчилтэй эсэхийг энд хөндөхийг түр азная.
Туркиш Эйрлайнс хаанаас гараад ирэв?
1933 онд Турк улсын төрийн өмчийг оролцуулан тавхан онгоцтой байгуулагдсан агаарын тээврийн компани өнөөдрийг хүртэл өргөжин тэлсээр дэлхийн 282 чиглэлд 298 онгоцоор нислэг үйлддэг аварга том групп болон өндийжээ. Энэ компани сүүлийн жилүүдэд агаарын тээврийн салбарт огцом хүчтэй өрсөлдөгч болон гарч ирсний нууц нь Туркийн төр засгаас онцгой дэмжлэг хүлээдэг явдал.
АНУ-ын “Виржин Америка”, “Америка Эйрвэйс”, Их Британийн “Бритиш Эйрвэйс” болон Германы “Луфтанса” зэрэг өрнөдийн топ авиа компаниуд түүх болон үлдэх гунигт ирээдүйг дэлхийн агаарын тээврийн зах зээлийг булаан эзлэж байгаа Ойрхи Дорнодын нислэгийн компаниуд өршөөлгүй бичсээр байгаа. Тэдний дундаас Туркиш Эйрлайнс яах аргагүй сүүлийн жилүүдэд огцом өндөр амжилт үзүүлж байгаа нь 2014 онд дэлхийн топ авиа компаниудын жагсаалтад тавдугаарт, 2015 онд дөрөвдүгээрт бичигдсэн нь батална.
“Туркиш Эйрлайнс” яагаад богино хугацааны дотор бусдын хийж чадаагүйг хийгээд байгаагийн учрыг өрсөлдөгч нар нь түрэмгий бөгөөд зальжин маркетинг хэмээн тодорхойлдог аж. Энэ компанийн сурталчилгаанд дэлхийн супер одод болох Лионель Месси, Коби Брайнт нар тоглодгийг ихэнх хүмүүс сайн мэдэх байх.
Өмнөд Солонгосын од PSY-ийн Ганнам стайл дууны клипийг Youtube-ийн сүлжээнд 20 сая хүн 30 хоногт үзсэн бол Туркиш Эйрлайнсын Месси, Коби Брайнт нарын тоглосон цуврал сурталчилгаа ердөө дөрөв хоногийн дотор 20 сая үзэгч цуглуулж чаджээ. Ийм хүчирхэг маркетинг хэрэгжүүлэхээс гадна өөрийн үйл ажиллагаанд шийдвэр гаргах түвшний нөлөө бүхий хүмүүсийг татан оролцуулж чаддаг онцгой арга нь Туркийн иргэний агаарын тээврийн энэ компанийг дэлхийн шилдэгт багтааж чаджээ. Америкийн авиа компаниуд хүртэл “Туркиш”-ээс айж эмээхдээ Төрийн Департаментдаа хандан тусгай бодлогоор үндэсний компаниудаа дэмжээч хэмээн гуйжээ. Хүчирхэг гүрний олон жилийн түүхтэй компаниуд ингэж хандаж байхад жижиг орнуудын зах зээлийг эзлэх нь “Туркиш Эйрлайнс”-т тоглоом л гэсэн үг биз ээ. Тухайлбал сүүлийн үед Гүржийн иргэний нисэхийн салбарыг жишээ татан бичдэг болжээ. Гүрж рүү нислэг үйлдэх бүх хязгаарлалтуудыг нэг л өдөр байхгүй болгож үүний үр дүнд гадаадын тээвэрлэгч нараас Туркийн компани л хамгийн их идэвхжиж Стамбулаас нислэгийн тоог даруй нэмж өргөжүүлсэн байна. Мэдээж хэрэг том компанийн үйлчилгээ, урамшуулал, маркетингийн довтолгоонуудыг Гүржийн дотоодын компаниуд сөрөн зогсож чадалгүй 17 авиа компаниас гурав нь л зах зээлд үлдсэн байна.
Тэд яагаад Монголын зах зээл рүү тэмүүлэв?
Энэ компани жилдээ 30 сая хүнийг дэлхийн өнцөг булан бүрээс тээвэрлэхдээ Стамбул хотын онгоцны буудлыг хамгийн шилдэг дамжин өнгөрөх цэг болгох үүргээ гайхалтай сайн гүйцэтгэдэг. 2012 оноос Монголтой албан ёсоор холбогдож эхэлсэн “Туркиш Эйрлайнс” манай улсад ойрын үед үйл ажиллагаагаа өргөжүүлэх шинжтэй. Үүнийг Зам, тээврийн сайдыг АТГ-т өгсөн МИАТ-ийн экс захирлын өргөдлөөр ч тодорхойлох албагүй. Хүссэн хүсээгүй “Туркиш Эйрлайнс” зах зээлийн зарчмаа дагаад ганц Монгол төдийгүй манайхтай төстэй хөгжилтэй, ойролцоо улс орнуудын иргэний агаарын тээврийн орон зайг эзлэхээр тэмүүлж байгаа.
Энэ бол хууль бус юм огт биш, нууц ч байхгүй зах зээлийн зарчим юм. Тэгвэл Монгол руу тэмүүлсэн дэлхийн аварга том авиа компани эрх ашгийг нь хамгаалж явах улстөрчөө олсон болов уу. Магадгүй тэр улстөрч нь М.Зоригт биш биз? Энэ асуултад яг тийм гэж хариулах хүн нь одоохондоо АТГ-т өргөдөл гаргасан гавьяат нисгэгч Г.Жаргалсайхан.
М.Зоригтыг хардвал…
Г.Жаргалсайханыхаар бол М.Зоригт сайд МИАТ-ийн эрх ашгийг үл ойшоон “Туркиш Эйрлайнс”-ийн эрх ашгийг хангасан заалтыг хүлээн зөвшөөрөх, улмаар гэрээ байгуулахыг тулган шаардсан гэж байгаа. Далайд гарцгүй манай орны хувьд агаарын тээврийн салбар нь стратегийн чухал ач холбогдолтой тул үндэсний эрх ашгийг үл ойшоон албаны эрх мэдлээ хэтрүүлж буй үйлдлийг шалган тогтоож өгөхийг хүсье хэмээн хуулийн байгууллагад хандчихаад байгаа.
Нэгэн цагт М.Зоригтын үүсгэн байгуулалцаж байсан “Аэро Монголиа” компани өнөөдөр “Хүннү Айр” нэрээр үйл ажиллагаа явуулж байгаа гэх. Энэ сэжмээр иргэний нисэхийн салбарт бизнесийн оролцоотой байж болзошгүй М.Зоригт МИАТ ХК-тай ямар харилцаа үүсгэх вэ. Төрийн сайдын зүгээс МИАТ-ийн ирээдүйд санаа тавих ёстой боловч өөр дурангаар харвал өрсөлдөгчийн хувиар МИАТ-ийг харахаас аргагүй. Ийм ч учраас Г.Жаргалсайхан хэмээх МИАТ-ийн хуучин захиралтай түнжин хагарчихаад байж мэдэх л юм.
Дараагийн хардалт
Саяхан М.Зоригт гишүүн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “МИАТ-ийг хувьчлаад, үнэгүйдүүлээд авчихъя гэсэн мянган цуглуулга явдаг. Зам тээврийн сайдын хувьд ч, зам тээврийн бодлогын үндсэн чиглэл ч МИАТ компанийг хувьчилж болохгүй гэж үздэг. Тийм учраас яамны бодлогын түвшинд МИАТ-ийн 51-ээс доошгүй хувийг концессын зүйлийн жагсаалтад менежментээр өгөх асуудлыг шийдүүлнэ. Ондоо багтаагаад шийдэхийг зорьж байгаа. Жил хүрэхгүй хугацааны дараа МИАТ-ийг эрх хүүхэд шиг угжаад явдгаа болино” хэмээн ярьжээ. МИАТ-ийг хувьчилж болохгүй, гэхдээ 51-ээс доошгүй хувийг нь концессоор “өгнө” гэжээ. Хоёр үзүүртэй зүү шиг энэ үгэнд М.Зоригт сайдын ойрын үед зорьж байгаа ажил нь МИАТ-ийн 51 хувийг “өгөх” гэж харж болохоор байна. МИАТ-ийг угжнаас гаргачихвал лав зах зээлээс шахахад хялбар болно. Зах зээлийн өрсөлдөөнд оруулах, бэлэнчлэх сэтгэлгээнээс нь салгах нэрийдлийн дор МИАТ нэр төдий компани болж үлдэх нь төрийн сайдад ашигтай байна гэж үү? Эсвэл сайдын ард баадууны түлхүүр чангалж суугаа улс төр бизнесийн “маш нууц” бүлэглэл байна уу?
Удаах хардалт
МИАТ-ийн экс захирлыг сайд нь “Туркиш Эйрлайнс”-тай гэрээ хий хэмээн шахаж, шаардаад байсан нь үнэн юм бол туркууд аварга авиа компанийнхаа ашиг сонирхлыг хамгаалах хүнээ маш оновчтой сонгосон байна гэмээр. Гүржид экс ерөнхийлөгч Саакашвили гэх том тулыг шидсэн торондоо оруулж дөнгөсөн туркууд Монголын жараахайг барих юухан байхав.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.