Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 01 сар 20
・ 7
Өнгөрсөн долоо хоногт би “Монголын алхимичид” нийтлэлдээ мөнгө хэвлээд л эдийн засгаа “хөгжүүлчихдэг” технологийг төр, засгийн эрх баригчид Монголд эрчимтэй нэвтрүүлж байгааг уулын оройгоос буулгасан цасан бөмбөлөгтэй зүйрлэн бичсэн билээ.
Цаасан мөнгө их хэмжээгээр хэвлэж, орон сууцны эрэлтийг дэмжин, зах зээлийнхээс хоёр дахин бага хүүтэй (найман хувийн), хөнгөлөлттэй зээл олгож байгаа нь эцэстээ инфляцыг хөөрөгдөн, төлөөсийг нь бүх иргэд, татвар төлөгчид төлж буй тухай үүнд тайлбарласан.
Эрэлтийг дэмжсэн энэ алхам бол зах зээлийн хэрэгцээ, худалдан авах чадварт нь тааруулж бариагүй, орчин тойронд нь нийтийн дэд бүтэц байхгүй барилгуудыг зах зээлийн жам ёсоороо үнэ нь буурахаас өмнө өндөр ханшаар худалдахыг дэмжиж байна.
Ажилтай, цалинтай буюу албан эдийн засагт бүртгэлтэй иргэдэд орон сууцны хөнгөлөлттэй зээл олгох ажил хийгдлээ. Одоо албан бус эдийн засагт хамаарагддаг иргэдийг хэрхэн орон сууцжуулах талаар бодох шаардлагатай тулгарав.
Ард иргэдээ наад захын дэд бүтэц бүхий байртай болгохын тулд орон сууцны эрэлт талыг дэмжихээс гадна нийлүүлэлтийг оновчтой болгох, түүнийг урамшуулсан мөнгөний бодлого хэрэгжүүлэх чиглэлээр зарим санал бодлоо хуваалцъя.
НИЙЛҮҮЛЭЛТИЙН ШИЙДЭЛ
Өнөөдөр Улаанбаатар хотод ашиглахад бэлэн болсон гучаад мянган байр борлогдохгүй байгаагийн гол шалтгаан нь харьцангуй өндөр үнэтэй нь холбоотой. Энэ үнэд газрын болон байшин барих зөвшөөрлийн, төвийн ус, цахилгаан, бохир усны сүлжээнд холбуулсны хахууль гэх мэт бүх төрлийн авлигын төлбөр багтаж байгаа.
Гэвч энэ байрнуудаас худалдан авахын төлөө бүх арга чаргаа хэрэглэн, хичээж буй нийслэлийн 200 мянган айл өрхийн орлого нь хүрэхгүй байгаа юм.
Энэхүү айл өрхийн хэрэгцээ, худалдан авах чадварт тохирсон орон сууц барьж, борлуулах боломжийг хот төлөвлөлтийн дагуу барилгын компаниудад олгох, эхний хэсгийг барьж дуусмагц нь гүйцэтгэгчид (барилгын компаниуд)-ийн бондыг Монголбанк худалдан авах, эсвэл баталгаа гаргаж өгөх замаар төр, засаг зах зээлдээ тохирсон нийлүүлэлтийг дэмжиж болно.
Мөнгөний нийлүүлэлтийг бонд авах замаар нэмэгдүүлдэг энэ аргыг хэмжээг нь тэлэх буюу “quantitive easing” (QE) гэж нэрлэдэг.
Мөн орлогогүй, тэтгэвэртээ гарсан ганц бие, доогуур орлоготой иргэдийг Сингапурын жишгээр нийтийн, нэг өрөө (studio), түрээсийн байранд оруулахын тулд орон нутгийн засаг захиргаа өөрөө худалдан авч, түрээсэлж болох юм.
Хэрэв төр засаг нь авлигаа багасгаж чадвал барилга, орон сууцны салбарт илүүдэл хөрөнгөтэй иргэд хөрөнгө оруулалтын сангийн хувьцаа авах замаар, эсвэл Монголд дэлгэрч эхэлж буй хамтран санхүүжүүлэх буюу “crowd funding” аргаар Хөрөнгө оруулалтын сан байгуулан оролцох боломжтой.
Тэгвэл хөрөнгийн зах зээл ч сэргэж, иргэд банкинд мөнгөө хадгалуулахаас өөр сонголт бий болно.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.