Зуданд нохой зоолж байна

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 01 сар 22

Ингэж хэлэхээс өөр арга алга. Зээл. Энэ үг дундаж болон дунджаас доош төвшний айл өрхүүдэд “ээж ээ, аав аа” гэсэнтэй ялгаагүй сонсогддог болж.  Ах дүү төрөл садныдаа,  найз нөхөд, хөршийндөө яваад ороход л зээлтэй холбоотой асуудал яригдаж, “хүүтэй мөнгө зээлүүлэхгүй биз”, “мөнгө зээлүүлэх хүн байна уу, зээлийн хугацаа хэтрээд сүйд боллоо”,  “цалин буудаггүй, төрийн сан мөнгөгүй болсон гэнэ” гэхчилэн сонсохоос ч дургүй хүргэм зүйл чихэн дээр дүнгэнэлдэх болсоор хоёр дахь хаврынхаа нүүрийг үзэх нь.

Үнэндээ улс туйлдаж буй нь үнэн бололтой. Өнгөрсөн жилийн өдийд  арай  дээр байсан юм уу.  Ямартай ч орон сууцныхаа зээлийг гурав хоногоос хэтрүүлэлгүйгээр шийдчихдэг байсан юм.  Гэтэл энэ жил арайхийн сардаа багтан  зээлийнхээ ард гарч чадвал их юм болох шинжтэйдэг.

Цагаан сараар хөгшдийнхөө гар дээр 20 мянган төгрөг тавиад золгочихдог байсан, тэр ч лөөлөө болов бололтойдог. Мөнгөгүй гээд  ахмад буурлууддаа хүндлэл үзүүлэхгүй байлтай биш,  жижгэвтэр хадаг олж аваад л явна даа. Надтай адил толгойгоо салаавчилж хэвтээд ийн бодож, гиеүрсэн  хүн олон байгаа  биз.  Нөгөө зарим нь  гялайж гялтайх зүйлээ бариад ломбардад тавих тухай бодож байж ч мэднэ.  Бүр нөгөө хэсэг нь урдаа барих ганц хөрөнгө болох машинаа банк бус санхүүгийн байгууллагад барьцаалж зээл авчихаад өндөр хүүнд нь  бүдэрч ойчоод тэр чигээр нь тавьж туухаас өөр аргагүй байдалд орон тэнгэр хол, газар хатуу гэгч болсныг ч үгүйсгэхгүй.

Ер нь зуданд нохой зовлонд лам гэдэг үг хоосон зүйрлэл биш аж.  Эдийн засаг болохоо болих тийшээ хандах  байдал  анзаарагдаад эхэлмэц  хөрөнгө бэлтэй хүмүүс мөнгөнийхөө хэмжээгээр ломбард, банк бус санхүүгийн байгууллагыг байгуулж аваад хоног, хүү хоёроор хүүлэх шиг болдог байна. Сүүлийн үед ломбардууд  ашгаа бодоод хоногоо 30 биш арав болгочихсон байна лээ. Ингэхээр эргэлт хурдан, ашиг ч боломжийн байдаг гэж ломбард ажиллуулдаг дунд “гарынхан”   ярьж байна лээ.  Гурван жилийн өмнө энэ байгууллагаар оюутнууд голдуу үйлчлүүлж, эцэг эхийнхээ авч өгсөн ээмэг бөгж,гинж, гар утас зэргээ барьцаалдаг байсан юм, уг нь.

Гэтэл өнөөдөр  хөргөгч , зурагт, угаалгын машин,  цахилгаан пийшингээ бариад  гүйлдэх болсон байна. Тэгээд барьцаалж байсан авсан хэдэн төгрөгөө нөгөө тийш, банк руу бариад гүйх жишээний.  Ийм маягаар нэг, хоёр, гурван удаагийн зээл төлөлтийн ард гарах байх. Дөрөв дэх дээр нь юугаа барьж гүйх юм бол доо. Банк бусынхны хувьд   ээмэг бөгжнөөс арай илүү   саяас дээш төгрөг өгдөг болохоор шалгуур, шаардлага нь тэр хэрээр өндөр байх. Автомашинаа барьцааллаа  байлаа гэхэд   тээврийн хэрэгслээ Банк бус санхүүгийн  байгууллагын нэр шилжүүлнэ,  нэмж даатгал төлөх учиртай. Ингэхдээ өмнө нь төлсөн даатгал хүчингүй болдог гэмтэй. 

 

үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх