Газ мансууралд хөтөлж байна

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 01 сар 23 ・ 1

Монголчууд юм л бол эдийн засгийн хямрал, улс төр гэх улс орны хэмжээний “том” асуудал ярьж талцаж, мэтгэлцэх дуртай. Үүнийгээ дээд боловсролтой өргөн хүрээний мэдлэгтэй хэмээн андуурч “мундаг”-аараа гайхуулдаг юм шиг. Гэтэл үнэндээ өөрсдийнх нь амьдралд түүнээс илүү санаа зовох, анхаарал тавих зүйлс олон байна.

Гурван настай хүү­хэд газ үнэрлэж эмнэ­лэгт хүргэгдсэн, өс­вөр насныхан хэсэг бүл­гээрээ газ үнэрлэж ман­суурч байгаад цагдаад баригдсан, газ үнэрлээд хордож амь насаа алдсан, сурагчид гэртээ мансуурч байгаад эмнэлэгт хүргэгдсэн тухай харамсалтай, сэтгэл шимшрүүлэм хэргүүд ар, араасаа гарсаар байна. Энэ асуудал улс төр, эдийн засаг гэж цээжээ дэлдэж хий хашгирахаас илүү чухал биш үү.

Мэдээж бидний амьд­ралд цахилгаан тасарсан, аялал зугаалганд явахад ойр зуурын хэрэглээнд газ  хэрэгтэй. Тэгвэл тэсэрч дэлбэрэх төдий­гүй хорлон сүйтгэх ажил­лагаанд ашиглаж болох аюултай зүйлд бид тоомжиргүй хандаж, хүүхдэдээ бариулж, хяналтгүй хэрэглэж байна. Хамгийн аюултай нь газны хяналтгүй хэ­рэг­лээ хүүхдүүдийг ман­сууралд хөтөлж эхэллээ.

21 НАС ХҮРЭЭГҮЙ ХҮНД ТАМХИ, СОГТУУРУУЛАХ УНДАА, ГАЗ ХУДАЛДАХЫГ ХОРИГЛОНО

Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн хамгийн сүүлийн тохиолдол гэхэд шинэ оны өмнөхөн буюу арванхоёрдугаар сарын 28-нд Хордлогын үндэсний төвд 18 настай хүүхэд гэртээ ахуйн хэрэглээний газ үнэрлэж мансуурсан байдалтай иржээ. Маргааш нь буюу  29-нд тус дүүрэгт 18 настай Б, 17 настай Б, 16 настай Т нар ахуйн хэрэглээний газ үнэрлэн мансуурч байсныг илрүүлжээ.

Мөн 10 гаруй хүүхэд нэг дор газанд мансуурч байгаад баригдсан, газ үнэрлэснээс хэд хэдэн хүүхэд амь насаа алдсан гэх харамсалтай мэдээлэл  ч сүүлийн жилүүдэд гарч л байна. Энэ мэтчилэн өсвөр насны хүүхдүүд газанд мансуурах үзэгдэл ихэсч байгаа нь аюултай юм. Хүүхдүүд яагаад мансуураад байна, газны химийн найрлагад ямар бодис байдгаас  хүний амь насыг хохироогоод байгааг хүүхдүүд байтугай томчууд мэддэггүй.

Хүүхэд газ үнэрлэж мансуурч байгаа нь эцэг, эхчүүдийн  замбараагүй хэрэглээнээс үүдэлтэй гэхэд хилсдэхгүй байх. Гэртээ ганцаараа уйдсан эсвэл хэсэг бүлгээрээ дарвисан хүүхдүүд ахуйн хэрэглээний газ үнэрлээд донтох явдал газар авч байгааг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна. Нөгөөтэйгүүр дэлгүүр худалдааны төвүүд насанд хүрээгүй хүүхдэд газ борлуулдаг явдалд ямар ч хяналт байдаггүй. Нөгөө л орлогоо бодсон аминч үзлийн илрэл. Уг нь НИТХ-ын 2012 онд гаргасан “Худалдаа үйлчилгээний нийтлэг журам”-д Худалдааны газрууд 21 нас хүрээгүй хүнд тамхи, согтууруулах ундаа, газ худалдахыг хориглоно гэсэн заалт бий. Гэвч энэ заалтыг биелүүлдэг нь ховор.   Мөн баллонтой хийг орон сууц, сургууль цэцэрлэг, ахуйн үйлчилгээ зэрэг хүн олноор цуглардаг газруудад гурваас дээш ширхгийг хадгалахыг хо­риг­лоно гэсэн заалт ч бий.

 

ГАЗНЫ ХИЙ АЛДАГДАХАД ШУУД ХООЛОЙ РУУ ОРЖ ҮХЭЛД ХҮРГЭДЭГ

Газны химийн найрлагад ямар бодис багтдагийг мэргэжлийн хүмүүсээс бусад нь анзаардаггүй байх. Тэгвэл шингэрүүлсэн шатдаг хий буюу газ нь пропан бутаны холимог нэгдлийг агуулдаг байна. Шингэрүүлсэн нүүрс-устөрөгчийн /C3Н8-C4Н10/ пропан бутаны холимог нэгдлийг амьсгалснаар сэтгэл хэт ихээр хөөрөх, нойрмог байдалтай болох, амьсгал боогдох, зүрхний хэм алдагдах, санах ой түр зуур алдагддаг нөлөөтэй. Тиймээс газ үнэрлэсэн үед сэтгэл хөөрч нойрмог байдалтай болгодог учраас хүүхэд донтох  шалтгаан болдог. Хамгийн аюултай нь газны хий алдагдахад шууд залгиур хоолой руу ордог учир амьсгал боогдож үхэлд хүргэх аюултай.

Газанд агуулагдаж байгаа хорт бодисуудыг  ихээр хэрэглэснээр хүний тархи мэдрэлийн хэвийн үйл ажиллагаанд нөлөөлөх, түлэх, амьсгал боогдуулах, цаашлаад амь насаа алдахад хүргэдэг аж. Үхэлд хүргэх аюултай хортой зүйлээр хүүхдүүдээ тоглуулж бай­гаа­гаа анхаарах цаг болжээ. Тиймээс эцэг эхчүүд хүүхдээ хаана, хэнтэй, юу хийж явааг анхаарч газын хэрэг­лээндээ хяналт тавих хэрэгтэй.

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Балт / 2016 01 сар 24/

    Хэ хэ, нийгмийн үзэгдэл явж байна ш дээ, насны хязгаар худалдаанд Нийгмийн үзэгдэл шүү дээ. насны хязгаар худалдаанп тавьчихаад болоо юу. Ээ чааваас гэдэг шиг л болох нь дээ. Дон бол дон шүү дээ. Хүмүүсийн амьдрал дээшилж байж л ийм юм багасана шүү дээ эрхэм хууль тогтоогчид, сахиулагчид аа...

    Хариулах