Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 01 сар 25
М.ЦЭЦЭГ
Сонгуулийн тухай хууль албан ёсоор ил болж, Төрийн мэдээлэл эмхэтгэлийн өнгөрсөн баасан гаригийн дугаарт бүрэн эхээрээ хэвлэгдсэн байна. Энэ хуульд орсон өөрчлөлтүүдийн нэг нь нэр дэвшигчдэд өгөх хандивын хэмжээ 3-5 дахин нэмэгдсэн юм. Нэр дэвшигчдэд өгөх хандивын хэмжээ өмнө нь иргэн нэг сая, хуулийн этгээд гурван сая байсан бол шинэ хуулиар иргэн гурван сая, хуулийн этгээд 15 сая хүртэл төгрөгийн хандив өгч болохоор болсон юм.
Сонгуулийн хандив бол нэр дэвшигч гэхээс илүүтэй сонгуулийн дараа том албан тушаалд очих, бизнесээ өргөтгөх санаатай хүмүүст ихээхэн хамаатай байдаг. Нэгэнт өөрөө нэр дэвшихгүй бол өөр нэгнээр дамжуулж ажил, албан тушаалд очих гүүр бол хандив юм. Тэгэхээр хэн хандив өгдөг нь тов тодорхой. Сонгуульд өрсөлдөх гэж буй намдаа, намын гишүүндээ, журмын анддаа, нөхөртөө, найздаа, танил ах, эгч, дүүдээ гэх мэт. Хууль албажсан учраас өнөөдрөөс хандиваа өгөөрэй, арван зургаан оны намраас дарга болох эрхмүүд ээ. Аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ гэдэг шиг хандивын хариу энэ ондоо л буцаад ирнэ. Нам нь олонх болчихвол, найз нь гишүүн болсныхоо дараа хандивлагчаа дээш нь татаад л авна. Шинэ Засгийн газар бүрдэхээр сайд, төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга, газар, хэлтсийн дарга гээд тохируулаад тавьчих албан тушаал мундахгүй олон гараад ирдэг. Сайдгүй үлдлээ гэхэд сайдын зөвлөх гээд сайхан орон тоо, зөөлөн суудал ч бий. Компанийн захирал бизнесмен хүнд тендер авч өгөх, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт хийх, татаас өгөх, татвараас чөлөөлөх, өршөөх гээд олон төрлийн арга хэлбэр манай улс төрд цэцэглээд буй.
Өмнөх хуулиар хандивын хэмжээ нэг сая, гурван сая гэж заасан ч үнэндээ үүнээс хэд дахин ихийг өгч, авалцдаг байсан гэхэд хилсдэхгүй. Үүнээс болоод албан тушаалын наймаа явах, өр төлөөсөө барагдуулах гэж хандивлагчийн аманд орох, шантаажинд автах, хандивынхаа төлөөсөнд хууль батлуулах гээд олон сөрөг үр дагавар гардаг тухай зарим гишүүн ярьдаг. Түүнээс сэргийлэхийн тулд сонгуулийн сурталчилгааны зарим зардлыг төрөөс санхүүжүүлэх ч гэлээ хандивын хэмжээг 3-5 дахин нэмэгдүүлж хуульд тусгасан нь цаанаа мөн л учиртай болов уу. Бодит байдал дээр 15-хан сая төгрөг хандивладаг компани, гуравхан саяыг өгдөг иргэн байх уу. Хэдэн төгрөгийн орлоготой жижиг аж ахуйн нэгж, сарын цалингаараа амьдардаг нэгэн нэр дэвшигчид хандив өгөхгүй нь лав. Улстөрчид өөрсдийгөө хандивлагчдаас хамгаалж зардлаа төсөв болон өөрийн орлогоороо бүрдүүлнэ гэж хуульд заасан ч хандивын хэмжээг нэмж тусгасан нь ажил, албан тушаалын шантааж, өр төлөөсийг улам л буй болгоно. Уг нь ийм байдлаас гарахын тулд сонгуулийн зардлыг олон хэлбэртэй болгож хуульчилсан гэдэг.
Сонгуулийн зардал нь хандив, намын өөрийн хөрөнгө, нэр дэвшигчийн өөрийн хөрөнгө гэсэн гурван зүйлээс бүрдэнэ хэмээн Сонгуулийн тухай хуулийн долдугаар бүлгийн дөчдүгээр зүйлд заажээ. Хандив нь мөнгөн, мөнгөн бус гэж хоёр өөр хэлбэртэй байж болох юм.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.