Галууг хэн алав? буюу Ганбаатарын диплом

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 01 сар 28

Манай улсын эдийн засгийн хөгжил дэвшил нь эрх баригчдын гавьяа, харин хямарсан нь ямар ч бодит эрх мэдэлгүй хэдэн популистуудын гай гэж бидэнд сүүлийн үед итгүүлэхийг оролдох боллоо. Жишвээс, ОХУ-ын эдийн засгийн өсөлт нь Путины зүтгэлийн үр дүн, уналтанд нь Жириновский буруутай гэвэл хэнд ч хачин сонсогдох биз. Харин манайд бол... Өлсгөлөнгийн эсрэг өлсгөлөн гэдэг хөгтэй юм гарч байсны дайтай марзан популизмын эсрэг популист аян өрнөх шив. Хойд Солонгосын хөдөлмөрчид удирдагчдаа хэн нь илүү хайртайгаа уралдан  илэрхийлэх шиг хэн нь илүү популизмыг үзэн яддагаа гайхуулах нь цаанаа л нэг панаалтай. Том популизм, түүнийг далдлах гэсэн неолибералуудын жижиг популизмын аль нь илүү хортой вэ гэдгийг бас бодох л ёстой. Ер нь бол, хулгайчийг барь гэж хулгайч өөрөө хамгийн чанга орилдог гэдгийг санахад илүүдэхгүй.  

Аливаа хямрал өөрөө боломж мөн гэдэг. Бидний хувьд ч гэсэн жижиг, том бүх популизмын дууг хааж тайван бодох, эдийн засаг маань чухам юунаас болж сөнөв гэдэгт дүгнэлт хийж, (одоо хямрал гэж өөрсдийгөө хуурахаа болих цаг аль хэдийн болсон мэт) алдаануудаа засах том боломж энэ гэж бодож байна. Сохор азаар баяжсан шуналт эр алтаар өндөглөгч галууныхаа гэдсийг хүү ярсаны адил хомхой олон хууль тогтоомжууд баталсныхаа хорт үр дагаваруудыг одоо л хэлэлцмээр байна. 

Монгол Улсын эдийн засгийн зүрх нь уул уурхай, судас нь барилгын салбар, цус нь валютын нөөц мөн. Эдийн засгийнхаа зүрхийг зогсоож алчихаад одоо хиймэл амьсгаа хийн барилгын салбараа босгоно гэж дүйнгэтэж байх хооронд валютын нөөц маань ч шавхагдаж дууслаа. Уул уурхайн салбарын амийг тасалсан гол зүйл бол стратегийн орд гээч нэгэн жинхэнэ популист ойлголт мөн. УИХ-ын зарим гишүүд “хөөцөлдөж байгаад тойрогтоо байгаа ордыг “истарчегийн” жагсаалтад арай гэж оруулчихлаа” гэж гайхуулж явсны амьд гэрч нь би өөрөө байна. Ямар ч стратеги гаргаагүй байж, стартегийн гэх сүржин нэр томъёогоор далимдуулж нам дамнасан улстөр-санхүүгийн бүлэглэлүүд улс орны эрдэс баялгийн үүцэнд гар дүрэх, бусдын хөрөнгийг дээрэмдэх эрх зүйн үндсийг тийнхүү тавьсан билээ. Хонь туранхай бол чинийх, тарган бол стратегийнх гэсэн утгагүй логик аль ч салбарт хэрэгжихгүй нь ойлгомжтой шүү дээ. Энэхүү аугаа хийрхлээс болж ОТ ч, ТТ ч хоёулаа гацсан болохоос ганц хоёр хүний популизмаас болоод зогсчихдаг ч юм биш.

Манай улсын хувьд магадгүй цорын ганц стратегийн ашигт малтмал бол алт мөн гэж мэргэжлийн хүмүүс үздэг. Гэвч эрх баригчид үүнийг жинхэнэ стратеги болгох сонирхол дутаад барахгүй, 2007 онд “Гэнэтийн ашгийн албан татварын тухай” гээч нэгэн популист хууль батлан гаргасны харгайгаар Монголбанкинд жил бүр 10,5 тонн алт тушаадаг байсныг 2010 он гэхэд 2,5 тонн хүртлээ буурахад хүргэсэн юм. 2007, 2008 онд тус тус 10,493.5 кг алт тушаасныг суурь гэж үзвэл манай улс 2009 - 2013 онуудад нийлбэр дүнгээрээ 32,615.35 кг алт алдсан байна. Дээрх бүх мэдээг Монголбанкны өөрийнх нь цахим хуудаснаас илхнээ үзэж болно. Харин олон улсын металлын бирж дээр 1кг алтны үнэ 2011 онд 61,000 доллар байсан, өнөөдөр 35,000 ам. доллар гэдгийг хайлтаар олж мэдэхэд бэрхгүй. Иймд, энэ том хийрхлийн шууд өртөг нь багаар бодоход 1,5 тэрбум доллар болж байна.

Энэ хуулийн балаг үүгээр дууссангүй. 2007 онд манайд цорын ганц компани л зэсийн хүдэр баяжуулдаг байсан нь Орос-Монголын хамтарсан Эрдэнэт үйлдвэр. Иймд, дээрх хуулийг нэг компанид зориулж баталсан гэж хойд түншүүд маань үзэх нь аргагүй шүү дээ. Бид өрмөө авч, хусмаа Оросуудад өгөх болсон нь тэдний эгдүүг хүргэж, үүний хариуд тэд төдөлгүй түлшнийхээ крантыг хааж биднийг чангалсныг бүгд санаж байгаа биз. Популизмын шууд бус өртөг: хоёр улсын харилцаанд суулгасан олон сэвүүдийн магадгүй хамгийн том нь энэ байв.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх