Хүннү энгэр моодноос гарч, энгийн загвар эрэлт ихтэй болжээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 02 сар 03

Өвөг дээдсийн үеэс уламжлан ирсэн төрт ёсны хамгийн том баяр Цагаан сар хэдхэн хоногийн дараа болох гэж байна. XVII жарны Гал бичин жил айлчлан ирж буй уламжлалт сайхан баяраараа монголчууд үндэсний дээл, хувцсаараа гоёж, айл хотол, ахан дүүсээрээ уулзан золгож, өвгөд хөгшдийнхөө амрыг тохой өргөн мэндчилж, баяраа тэмдэглэхээр энэ өдрүүдэд бэлтгэлээ базааж буй.


Сүүлийн жилүүдэд үндэсний томоохон баярын өмнө монгол дээлийн эрэлт нэмэгдэж, хаа газрын хувцас загварын салон том жижиг гэлтгүй захиалгад дарагддаг болоод байгаа. Тиймээс манай сонин энэ удаагийн “Дугаарын сурвалжлага”-аараа баярын өдрүүдэд хамгийн эрэлт хэрэгцээтэй дээл, монгол гутал, бүсний үнэ ханш ямар байгаа талаар сурвалжиллаа.
 

Хүннү энгэртэй дээл сонголтгүй болжээ


Монголчууд уламжлалт баяр цагаан сар, наадмаар үндэсний хувцсаараа гоёхыг илүүд үзэх болсон билээ. Үүнийг дагаад үндэсний хувцасны загварт ч гэсэн өөрчлөлт орох болсон. Монголчуудын хувьд сүүлийн хэдэн жилд хүннү захтай дээлийг ихэвчлэн сонгож байсан бол энэ жил  уламжлалт босоо захтай дээл трэнд болж байгаа гэнэ. 

Сар шинийн баяр дөхсөн энэ өдрүүдэд баяраар өмсөх хувцсаа сонгож амжаагүй яваа, хямд атлаа чанартай  гоёл хайж буй хүмүүст хэрэгтэй мэдээллийг нь хүргэх үүднээс манай сурвалжлах хэсэг “Нарантуул” захыг зорилоо.


 



Баярын бэлтгэлээ базааж буй хүмүүсийн хөлд зах дарагджээ. Хамгийн хямд хувцас, эд хэрэглэлийг чухам эндээс л авч болох учир бид хамгийн түрүүнд захыг сонгосон хэрэг. Хүүхдийн дээл, гутал, малгайны худалдаа орох хаалганаас эхлээд үргэлжилжээ. Харин  хос дээл, үслэг эмжээртэй дээл гээд төрөл бүрийн дээлийг худалдаалах  хэсэг захын хувьд ганц л байдаг юм. Дээл худалдаалах хэсэгт үйлчлүүлэгчид зөрөх зайгүй шахам олон байлаа. Энэ жилийн сар шинийн баяраар иргэд ямар загварын дээлийг илүү их худалдан авч байгааг сонирхохоор “Нарантуул” зах дээр олон жил дээлний худалдаа эрхэлсэн Ч.Батцолмон гэх залуутай уулзлаа. Тэрбээр “Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд иргэд хүннү захтай дээлийг их авдаг байсан.

Харин энэ жилийн хувьд босоо захтай дээлийг ихэвчлэн худалдан авч байна. Өнгөний хувьд эрэгтэй, эмэгтэйгүй тод өнгийн дээл сонгож  байна. Харин хөдөө, орон нутгаас ирсэн хүмүүс бараан өнгийг илүүд үзэж байгаа. Насны хувьд залуучууд ихэвчлэн цамц авч байгаа бол настай хүмүүс дээлээ л авч байх жишээтэй”  хэмээсэн юм.

Зах дээр хамгийн үнэтэй дээл 900 мянгаас нэг сая төгрөгийн хооронд байна. Энэ нь хурган дотортой дээл бөгөөд хамгийн хямд нь 900 мянга аж. Харин загварын эрэгтэй, эмэгтэй цамцны тухайд доод  тал нь 40-80 мянган төгрөгт хэлбэлзэж байна.  Өнгөрсөн жил наадмын үеэр трэнд болж байсан нимгэн материалтай богино ханцуйтай дан дээл 80-130 мянган төгрөгийн хооронд байв. Үнийн хувьд материалаасаа хамааран хэлбэлзэж байгаа бол том хүний энгийн  дээл 80-180 мянга, энгийн хос дээл 200-250 мянган төгрөгийн үнэтэй байх аж. Ангын үсэн эмжээртэй дээл ч цөөн тоогоор худалдаалагдаж байлаа. Ангын үсэн эмжээртэй, кашмерин хос дээл 400-450 мянга, харин эмжээргүй кашмерин хос дээл 200-250 мянган төгрөгийн үнэтэй байв.

Хэзээнээсээ л сар шинийн баяраар өнгөтэй өөдтэй байх ёстой гэсэн үзэлтэй монголчууд бид хүүхдүүдийнхээ сар шинийн баярын хувцсанд тэр бүр гар татаад байдаггүй.  Тэгвэл нэг сартайгаас зургаан нас хүртэлх хүүхдийн дээлний доод үнэ 35 мянга байх бөгөөд  материалаасаа шалтгаалаад түүнээс дээш төгрөгийн үнэтэй байсан юм. Нэхий дээлийг ч гэсэн сүүлийн үед хүмүүс лоовуузан малгайтай нь хослуулан хүүхэддээ авч өгөх болжээ. Тэгвэл ийм төрлийн хүүхдийн дээл зах дээр 60 мянган төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байна.
 

Хиймэл үстэй лоовуузан малгай 15000...


Хэзээнээсээ монголчууд мандах төрийн малгай, бүтэх төрийн бүс хэмээн малгай , бүсийг дээдэлж ирсэн. Тэгвэл сар шинийн баяраар үндэсний хувцсаа сонгосон хүмүүст малгай, бүс яах аргагүй хэрэгтэй. Малгайны тухайд эцэг, эхчүүд хүүхдүүддээ лоовуузан малгайг их сонгож байгаа харагдав.


 


 

 


 



Зах руу орох хаалганы ойролцоох гадна талбайд хиймэл үстэй лоовуузан малгайг 10 мянган төгрөгөөр зарж байсан бол дотор 12, 15, 18 мянга гэх зэргээр үнийн хувьд ялгаатай худалдаалагдаж байв.  Савхин оройтой дөрвөн талт малгай хүүхдийнх 25 мянга, том хүнийх 30-35 мянган төгрөгийн хооронд байх аж.  Үс нь ямар байхаас шалтгаалаад малгайны үнэ янз бүр. Хиймэл бус жинхэнэ ангын үсээр урласан малгайны хувьд  200-250  хүртэлх  мянган төгрөгийн үнэтэй байв. Зарим хүмүүсийн хувьд бүрх малгай сонгох нь бий. Тэгвэл энэ төрлийн малгайг 25 мянган төгрөгөөр худалдаалж байна.

Сар шинийн баярын гоёлын нэг чимэг нь  бүс. Бүсний үнэ хэлбэр хийц, материалаасаа шалтгаалаад янз бүрийн үнэтэй байв. Тухайлбал, чулуун бүс 28-30 мянга бол кашмерин бүс нь 18-20 мянга, даавуу нь 10-15 мянга,  хиймэл сувдан сүлжээтэй бүс 12-15 мянгаар үнэлэгдэж байна. Харин металл бүс 10-12 мянган төгрөгөөр худалдаалагдаж байв. Кашмерин бүсийг иргэд ихэвчлэн дээлийнхээ өнгөтэй хослуулан авч байгаа гэнэ.

Суран бүсний үнийн хувьд тоноглолтой энгийн эрэгтэй суран бүс 25 мянга бол өргөн суртай тоноглолтой бүс 35 мянга, эмэгтэй суран бүс 15 мянга байх бөгөөд 120 мянга,  150 мянган төгрөгийн үнэтэй бүс ч байлаа.  Сур болон тоноглолоосоо шалтгаалаад бүс янз бүрийн үнэтэйгээр худалдаалагдаж байна.  Харин хүүхдийн суран бүс 15 мянга байв. Зах дээр гутал арвин сонголттой байх бөгөөд мөн л материал, хэлбэр хийцээсээ шалтгаалаад 75-250 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэх аж.  Хүүхдийн гутал ч гэсэн 25-45 мянган төгрөгийн хооронд зарагдаж байлаа.  

Оёдлын цехүүд захиалгаа хаажээ

“Нарантуул” захад худалдаалагдаж буй дээл, малгай, гуталны үнэ ханшийг сонирхсоныхоо дараа манай сурвалжлах хэсэг хэд хэдэн оёдлын цехүүдийн хаалгыг тогших хэрэг гарав. Сар шинийн баяр болоход зургаахан хоног үлдээд буй энэ өдрүүдэд тэд тун ч завгүй байгаа бөгөөд бүгд дээлний захиалгааа хаажээ. Бүр захиалга авах нэг ч газар олдсонгүй.

Арай олон хувцас захиалгын газар байдаг гэдэг утгаараа олны нэрлэж заншсанаар “Урт цагаан”-ыг зорилоо. Гэвч дээлний захиалга авч буй нэг ч газар тэнд байсангүй.  Оёдолчид нь толгой өндийх завгүй дээлийн захиалгад дарагдан ажиллаж байсан юм.

Тэдний хувьд материалаас нь шалтгаалаад харилцан адилгүй оёх бөгөөд энгийн дээлийг 50-80 мянга, загварын дээлийг  80-150 мянган төгрөгийн хооронд оёж байгаа аж. Мөн хувиараа дээл хийнэ гэсэн зар өгсөн хэд хэдэн хувь хүн рүү залгаж үзсэн ч, одоогоор дээлний захиалга авахгүй гэсэн хариуг өгч байсныг энд тэмдэглэх хэрэгтэй болов уу.  Тиймээс хэрвээ дээл захиалгаар хийлгэхээр төлөвлөж буй хүн байвал оёдлын цехийг зорьж, цаг заваа алдахгүйгээр  зах, томоохон худалдааны төвүүд, компаниудад  худалдаалагдаж буй бэлэн дээлнээс л сонголтоо

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх