Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 02 сар 04

Б.ЭНХЗАЯА
-Монгол Улсын хил тайван уу?
-Хил тайван байна.
Энэ бол хилчдийн эхний рапорт. Хил амгалан байж гэмээн өнөөдөр Монгол Улсын 3.065.822 /Бүртгэл, статистикийн газар. 2016.2.3 14:00 цагийн байдлаар/ иргэн эх орныхоо хөх тэнгэрийг дураар ширтэж, цэлмэг агаараар нь цээж дүүрэн амьсгалж уужим тал нутагтаа энх тайван амьдардаг юм.
Монгол нутагт байгуулагдсан нүүдэлчдийн анхны төрт Хүннү улсын нутаг дэвсгэрийн өмнө зүг Цагаан хэрэм, Ордос нутаг, умард зүг Байгаль нуур, баруун зүг Ил тарвагатай, дорно зүг Солонгос хүртэл уудам их нутгийг эзлэн оршин тогтнож байсан түүхтэй. Гэвч он удаан жилийн дайн дажин болж хилийн байдал хувьсан өөрчлөгдөж ирсэн. Харин 1921 оны хувьсгалаар Монгол Улс тусгаар тогтнох эхлэлээ тавьж, өнөөгийн халх, дөрвөд, баяд, өөлд, буриад зэрэг олон ястан тархан буй нутгийн хилийн дээс баталгаажих үндэс болсон билээ. Монгол хэмээн тодотгох 8252 км үргэлжлэх хилийн дээсийн бүрэн бүтэн байдлыг хилчин эрс 80 гаруй жилийн түүхэнд хамгаалсаар ирсэн байдаг. Тэр дундаа хил орчмын хамгийн чухал хэсэг бол хилийн боомт юм.
Монгол Улс 26 хилийн боомттой. Эдгээр хилийн боомтын гол үүргийг хил хамгаалах байгууллага саяхныг хүртэл гүйцэтгэж байлаа. Тодруулбал, хилийн боомтоор зорчигч, тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх онцгой хийгээд чухал үүрэг тэднийх байв. Харин 2014 онд УИХ-аас Хилийн боомтын тухай хууль батлагдан гарснаар хилийн цэргийнхний үүрэг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газарт шилжсэн.
Тухайн үед хууль санаачлагчид шинэ хуулийг оруулж ирэхдээ гадаад худалдааг хөнгөвчлөх, төрийн үйлчилгээг хүнд сурталгүй, шуурхай болгох зорилтын хүрээнд хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулах, хяналт шалгалтын үр нөлөөг дээшлүүлж, давхардлыг арилгах зорилготой гэдгийг онцолж байв.
Хилийн боомтын тухай хууль хэрэгжиж эхэлснээр тун удахгүй хоёр дахь жилийнхээ нүүрийг үзэх гэж байна. Энэ хууль төрөөс иргэндээ зүгээр нэг мөнгө өгөх, авах тухай биш тусгаар тогтнолт Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хадгалах, хамгаалах үүрэгтэй гол хуулиудын нэг. Тиймээс хуулийн хэрэгжилт, үр нөлөө ямар байгааг эргэж харъя.
200 ГАРУЙ АЖИЛТНЫ ХУВЬ ЗАЯАГ ЯАХ ВЭ?
1993 онд батлагдсан Хилийн тухай хуулийн гол заалтууд шинэ хуульд шингэж, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын ажилтнууд шалган нэвтрүүлэх, хилийн цэргийнхэн аюулгүй байдлыг хангах үүргийг хүлээхээр болсон. Энэ хүрээнд боомтын шалган нэвтрүүлэх үүргийг гүйцэтгэж байсан хилийн цэргийн 200 гаруй офицер, ахлагчийг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газарт шилжүүлжээ. Уг нь шинэ хуулиар албан хаагчийн амьдрах, ажиллах орчныг бүрдүүлэх, боомтын үйл ажиллагааг хэвийн явуулахад зайлшгүй шаардлагатай дэд бүтэц, барилга байгууламжийг төрөөс даахаар болсон. Гэвч хилийн боомтууд дээр энэ байдал ажил хэрэг болж чадахгүй, иргэний харьяалалд шилжсэн хилийн цэргийнхний амьдрах, ажиллах орчин эрс мууджээ.
За яахав, 200 хүний л асуудал гээд орхиж болох. Гэвч үүний цаана бүхэл бүтэн улсын боомтын аюулгүй байдлын тухай асуудал хөндөгдөж эхэллээ.
Дээр өгүүлснээр Хилийн боомтын тухай хууль нь боомтын хяналт шалгалтын үр нөлөөг дээшлүүлэх үүрэг биеллээ олсон уу гэдэг чухал асуулт яалт ч үгүй гарч ирж байгаа юм. Энэ нь энгийнээр бол хилээр нэвтэрч байгаа зорчигч, тээврийн хэрэгслийн аюулгүй байдлаас гадна хориглосон, хязгаарласан бараа бүтээгдэхүүнийг хилээр нэвтрүүлэхээс таслан зогсоох ажиллагаа юм. Харамсалтай нь энэ чухал үүрэг хилийн боомтууд дээр тэг заасныг албаны олон эх сурвалж хэлж, анхааруулах боллоо. Боомтууд дээрх шалган нэвтрүүлэх ажилтнуудын 80 хувь нь эмэгтэйчүүд байна.
ШАЛГАЛТ СУЛАРСНААР АШИГ ХОНЖОО ХАЙГЧДЫГ ӨӨГШҮҮЛЖ БАЙНА
Хил зөрчигчдийн арга өдрөөс өдөрт нарийсч, хориглосон эд зүйлсээ хүний санаанд оромгүй байдлаар нууж хилээр нэвтрэхийг зорьдог. Гэтэл тэдгээрийг эмэгтэйчүүд илрүүлэх битгий хэл шалгалтгүйгээр хил нэвтрүүлдэг болсныг албаны эх сурвалж хэлж байна. Ер нь эмэгтэйчүүд олон арван тонны ачаатай автомашиныг хэрхэн шалгах билээ. Өндөр, өндөр ачаатай том автомашинд авирахаас эхлээд ачаа, бараа задлах, шалгах нь тэдний барах ажил биш. Угтаа энэ ажил мэргэжлийн арга барил шаарддаг. Улсын хилийн аюулгүй байдлыг хангахын тулд өмнө нь хилийн цэргийн бэлтгэгдсэн залуус шалгалтыг явуулж, томоохон зөрчлийг газар дээр нь таслан зогсоодог байлаа
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.