Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 02 сар 04

“КейЭйчЭнАр” ХХК-ийн захирал З.Баасандоржийн Х.Баттулга, А.Гансүх нарт хаягласан гэрээслэлээс...
2013 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн XII хорооны нутаг дэвсгэр Чулуун Овоо, Амгалан хоёрын хооронд иргэн З.Баасандорж нь Х.Баттулга, А.Гансүх нарт хаягласан гэрээслэл үлдээн хэвлийн тус газраа өөрийгөө хутгалсан хэрэг гарч байжээ. Тухайн үед энэ хэргийг хууль хүчний байгууллагынхан нуун дарагдуулсан байсан байна. Үүнийг сэргээн шалгаж Б.Батзаяа нарын хэрэгт холбогдуулан шалгаж эхэлжээ. Шинэ төмөр замын бүтээн байгуулалтын ажилд оролцохоор их хэмжээний зээл авч ул шорооны ажлын 50 хувийг гүйцэтгэсэн гэх иргэн З.Баасандорж нь “Шинэ халхын төмөр зам” ХХК буюу “Кей Эйч Эн Ар” ХХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байсан аж.
Тэрбээр “Монголын төмөр зам” төрийн өмчит компанитай гэрээ байгуулан, гэрээний дагуу Даланзадгад-Тавантолгой-Сайншанд-Баруун Урт-Хөөт-Чойбалсан чиглэлийн 50 км туршилтын хөрс хуулалтын ажлыг өөрсдийн хөрөнгөөр жилийн хугацаанд бүрэн хийж гүйцэтгэсэн байна. УИХ-аас Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлого батлагдсаны дараа жил нь Даланзадгад-Чойбалсан чиглэлийн 1165 км төмөр зам тавих ажил эхэлсэн байдаг. Энэ замын суурь судалгаа, геологи, геодези, байгаль орчны үнэлгээ, хөрс хуулалт, хуулийн зөвлөгөө зэрэгт нийтдээ 55 сая ам.доллар шаардагдах төсвийг холбогдох албаныхан гаргаж, тэрийг нь Засгийн газар 2011 оны 266 дугаар тогтоолоор шийдвэрлэх үүргийг Хөгжлийн банкинд даалгасан байв. Харамсалтай нь "Шинэ төмөр зам төсөл"-ийн энэхүү санхүүжилт тэр үедээ З.Баасандоржид олдоогүй аж. Түүний амиа хорлохыг завдсан хэргийг бичихээсээ өмнө зарим нэг баримт болон тухайн үеийн үйл явдлыг сөхье.
ЭХЛЭХ БА ШАЛТГААН
"Монголын төмөр зам" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Батзаяа ямар ч санхүүжилт шийдэгдээгүй байхад төмөр замын ажлыг яаран эхлүүлсэн байдаг. Гэвч хөрс хуулалтын ажлыг эхлүүлэх шийдвэрийг хувийн хэвшлийнхэнд Б.Батзаяа тухайн үедээ өгч байжээ. Тэрхүү ажлыг эхлүүлэх үүргийг Х.Баттулга сайд өгсөн тухай ЗТБХБ-ын дэд сайдын өрөөнд хуралдсан хуралдаанд Б.Батзаяа мэдүүлсэн байдаг бөгөөд энэ тухайгаа ч мэдүүлэг өгөхдөө хуулийнханд хэлжээ. 2011 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр Дорноговь аймгийн Сайншандын ойролцоо “Шинэ төмөр зам”-ын нээлтийн үйл ажиллагаа болж ЗТБХБ-ын сайд асан Х.Баттулга хоёр жилийн хугацаанд төмөр замыг барьж ашиглалтад оруулна хэмээн хэлж байсан байдаг. Шинэ төмөр замын газар шорооны ажлыг эхлүүлсэн энэ үйлдэл ном дүрмийн дагуу бол эхлэх эрхгүй байсан аж. Учир нь дэлхийн бүх улсад төмөр замын бүтээн байгуулалтын ихэнх зохицуулалт нь барилгын хуулиар явдаг байна. Тухайлбал, инженерийн байгууламжийн хувьд Монгол Улсын Барилгын тухай хуулийн 13.5-д зааснаар бол магадлал хийлгээгүй зураг төслийн дагуу барилгын ажлыг эхлүүлж болохгүй гэсэн заалт бий. Асуудал нь зураг төсөл боловсруулахдаа биш, тэр зураг төслийг хөндлөнгийн байгууллага хяналт тавьж, зөвшөөрсний дараа барилгын үйл ажиллагаа буюу төмөр зам барих ажлыг эхлүүлж болно гэсэн үг. Харин “McKinsey & Co”-гоор ахлуулсан зөвлөх үйлчилгээ үзүүлэх баг нь 2011 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр ТЭЗҮ хийх ажилдаа ороод 2011 оны наймдугаар сарын 18-ны өдөр Засгийн газарт танилцуулсан байдаг. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл 2011 оны наймдугаар сарын 18-ны өдөр хүртэл энэ төмөр зам ашигтай байх эсэхийг хэн ч мэдэхгүй байсан гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлдэг. Гэтэл газар шорооныхоо ажлыг аль эрт буюу 2011 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр хийчихсэн байдаг. Гэхдээ энэ ТЭЗҮ-д бас л мөн адил магадлал хийлгэх ёстой байв. Харамсалтай нь ТЭЗҮ-д өнөөдрийг хүртэл магадлал огт хийлгээгүй байгаа юм. ТЭЗҮ гэдэг ажлын зураг биш. ТЭЗҮ гэдэг нь ямар нэгэн төсөл ашигтай байх уу, үгүй юу гэдгийг харуулсан судалгаа. ТЭЗҮ-д үндэслэж төмөр зам барина гэж байхгүй хэмээдэг. ТЭЗҮ-г харгалзаж төмөр зам барих ажлын зураг, бусад тооцоог хийлгэж болно. Хөрс хуулалт бол төмөр замын бүтээн байгуулалтын ажлын дарааллаар бол 33 дахь ажил байв. “Кей Эйч Эн Ар” ХХК 2011 оны арваннэгдүгээр сар гэхэд 50 км хөрс хуулалтын ажлаа 100 хувь дуусгажээ.
АЖЛАА ХИЙЖ ДУУССАН Ч ӨРӨӨНД ОРЖ ЭХЭЛЖЭЭ
Гэрээнд заасны дагуу хүлээн авах болоход “Монголын төмөр зам” ТӨХК ажлын хэсэг байгуулалгүй өдөр хоног аргацаах болсон гэнэ. Ул шорооны ажлыг хүлээн авбал далангийн ажил эхлэх ёстой байдаг. Гэтэл ТЭЗҮ, мөнгө, маршрут тодорхой бус байсан тул сайд асан болон захирлууд олдохоо больсон байна. “Кей Эйч Эн Ар” ХХК-ийн захирал З.Баасандорж Сүхбаатар аймаг руу 20-иод тоног төхөөрөмж нүүлгэн аваачиж хүнд даацын машин механизмаа Вагнер Ази ХХК-иас итгэлцлийн хүрээнд зээлсэн байжээ. Зөвхөн HOBO-гийн түрээсийн төлбөрт сар бүр 100-110 сая төгрөг төлж байсан гэхээр түүнд гэрээний дагуу мөнгөө авах нь туйлын чухал байсан аж.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.