Б.ШИРНЭН
Гацууртын алтны үндсэн орд “урт нэртэй” хуулийн үйлчлэлд багтдаг. Ингэснээрээ тухайн ордыг ашиглах боломжгүй байсан билээ. Харин тусгай лиценз эзэмшигч “Сентерра гоулд Монголиа” компани Монгол Улсын Засгийн газарт хандан Гацуурт ордод хөрөнгө оруулах хүсэлтээ илэрхийлж, дээрх хуулийн үйлчлэлээс гаргаж өгөхийг хүссэн юм. Энэ дагуу Засгийн газар хуралдаж, тухайн ордыг стратегийн орд болгож, “урт нэртэй” хуулийн үйлчлэлээс гаргах шийдвэр гаргасан ч жил тойрон иргэний нийгмийн болон УИХ дахь нам эвслийн бүлгүүдийн дэмжлэгийг авч чадахгүй байсан юм. Тэгвэл өчигдөр УИХ Засгийн газарт дэмжлэг өгч, Гацуурт ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахыг зөвшөөрснөөс гадна, Ноён уулыг тусгай хамгаалалтад авлаа.
Гацууртаас 34 хувь эзэмшинэ
Гацууртын ордын төрийн эзэмшлийн хэмжээг 34 хувиар тогтоож байна. Энэ бол хуульд заасан хамгийн дээд хэмжээ юм. Өмнө нь Засгийн газар Гацууртын ордоос төрийн эзэмшлийн хувийг 20 байхаар тогтоолын төсөл бэлтгэж байсан ч хүчтэй эсэргүүцлийн улмаас “Сентерра гоулд Монголиа”, Засгийн газрын ажлын хэсэг дахин хэлэлцээрт орж, төрийн эзэмшлийн хувь хэмжээг 34 хувь байхаар тохиролцсон юм.
Энэ хувь хэмжээн дээр дахин маргаан гараагүй бөгөөд харьяа байнгын хороо, УИХ-ын хэлэлцэх шатанд санал дүгнэлт хэлээгүй юм. Мөн Гацуурт ордоос эзэмших төрийн эзэмшлийн 34 хувьд ногдох орлогыг Засгийн газар ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулах хэлбэрээр авахаар ярилцаж байгаа юм байна.
Батлагдсан байдлаар тухайн ордод оруулах хөрөнгө оруулалтын хэмжээ 215.9 сая ам.доллар болж байгаа бол борлуулалтын орлогыг 1.8 тэрбум ам.доллар гэж тооцжээ. Харин татвар, хураамж төлбөр хэлбэрээр Засгийн газарт 438.8 сая ам.доллар төлөгдөж, цэвэр ашиг нь 90.6 сая ам.долларт хүрэх аж. Сангийн яамны гаргасан судалгаагаар Гацуурт ордоос 432.3 сая ам.доллар буюу нийт мөнгөн урсгалын 68.2 хувь нь манай улсад ногдоно гэсэн эдийн засгийн тооцоо хийжээ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.