Том намуудын тохироо, жижгүүдийн “поп” тоглолт өрнөсөн чуулган байлаа

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 02 сар 05

УИХ намрын чуулган өнөөдөр албан ёсоор завсарлана. Ээлжит чуулганы хугацаа өнөөдрөөр дуусгавар болсноор сар шинийн дараа буюу хоёрдугаар сарын 15-наас ээлжит бус чуулган хуралдуулж үлдсэн хуулиудыг эцэслэн хэлэлцэх аж. З.Энхболд даргын удирдсан танхимын бүрэн эрхийн хугацаа дуусахад нэг хаврын чуулганы хугацаа үлдсэн байгаа. Гэвч ирэх дөрөвдүгээр сард хуралдах хаврын чуулган төдийлөн үр дүнтэй болж чадахгүй болов уу. Учир нь УИХ-ын болон аймаг, нийслэлийн сонгуулийн жил учраас улстөрчид, улс төрийн намууд хууль баталж суух гэхээс илүүтэй сонгуулийн сурталчилгаандаа анхаарч, нэр дэвшихээр сонгосон тойрогтоо ажиллана. Тиймээс хэлэлцэх асуудлын дараалалд орж, хэдэн сар жилээр дарагдсан хуулийн төслүүдийг ээлжит бус чуулган зарлан хэлэлцэхээс өөр аргагүй юм. Энэ намрын чуулган том ордыг тойрсон улстөржилт, сонгуулийн хуулийн маргаан, тойргийн мандатын маргаан, төсөв, мөнгөний бодлого, Эрүүгийн болон Зөрчлийн хууль, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг “онилсон” хэлэлцэх асуудал сонирхолтой, хэрүүл маргаан, талцал хуваагдал, улстөржилт ихтэй байв. УИХ-ын дарга 2015 оны аравдугаар сарын 01-нд ээлжит чуулганыг нээж үг хэлэхдээ “2016 оны Монгол Улсын төсөв, хүний хөгжил сангийн болон нийгмийн даатгалын сангийн төсөв, төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийг энэ чуулганаар хэлэлцэж батална.

Түүнчлэн, Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай, Шүүх, Прокурор, Цагдаагийн албаны тухай болон Эрүүгийн хэргийн тухай, Зөрчлийн тухай, Төрийн албаны тухай, Хөдөлмөрийн тухай, Гэр бүлийн тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Хүүхэд хамгааллын тухай, Хүүхдийн эрхийн тухай зэрэг зайлшгүй батлах ёстой чухал хуулиуд тусгагдсан.

Түүнээс гадна Сонгуулийн тухай, Улс төрийн намуудын тухай, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиуд өргөн баригдахаар хүлээгдэж байна” хэмээсэн.
 

Эрүүгийн хуулиа шинэчлэв


Дөрөвдэх удаагийн намрын чуулганы үр дүнг тоймловол олон жил сараар гацсан том, том хуулиудыг баталсан чуулган байв. Тухайлбал, гурван жил УИХ-аар дуншсан Сонгуулийн хууль намрын чуулганаар баталсан хамгийн чухал хууль байлаа. Бүх шатны сонгууль зохион байгуулахдаа хяналтын тооллого хэрхэн хийх, нэр дэвшигч нөгөө нэр дэвшигчээ гүтгэсэн бол хүлээлгэх хариуцлагыг илүү тодорхой болгох, намын жагсаалтад орох нэр дэвшигч заавал иргэдээс санал авах зэргээр ахиц дэвшил гарсан олон зүйл заалт орсон ч нөгөө талдаа хоёр том намын тохирсон хууль болсон гэх шүүмжлэл байсан юм. 2016 оны төсвийн төсөл, 2015 оны төсвийн тодотгол, Хүний хөгжил сан, Нийгмийн даатгалын сангийн тухай хууль багагүй маргаан мэтгэлцээн дунд батлагдлаа. Сангийн сайд шинэчлэл хийгдсэн төсөв боллоо хэмээн тодотгосон бөгөөд төсвийн үргүй зардлыг хэмнэхээр зарим яам агентлаг газруудыг нэгтгэж, татан буулгаж, мөн 2016 оны наймдугаар сараас есөн яамтай байхаар төсвийг батлав.

Гэвч хүүхдийн мөнгө, ахмадуудын одонгийн мөнгө зэргийг хасч хэмнэлт хийхээр оруулж ирсэн нь шүүмжлэл дагуулж, улмаар тодотгол хийхэд хүрсэн билээ. Эдийн засгийн шинэ тэнцвэрийг санал болгосон Төв банкны оруулж ирсэн Мөнгөний бодлого ч намрын чуулганы нэг чухал сэдэв байв. Цаашлаад Эрүүгийн болон Зөрчлийн шинэ хууль батлагдаж “шоронжсон” хэмээн тодотгож байсан Эрүүгийн хуульд өөрчлөлт шинэчлэлт авчирлаа. Нөгөө талаар Үндсэн хуулийг өөрчлөх тухай олон жилийн яриа энэ намрын чуулганы үед идэвхжиж, улмаар Үндсэн хуулийг өөрчлөх эсэх асуудлаар Ард нийтийн санал асуулга явуулахаар болж хуулийн төслийг баталсан нь эцэг хуулийг тойрсон олон жилийн маргааныг тасалж өглөө. Ойн тухай хууль, нас барсан нөхрийнхөө эсвэл эхнэрийнхээ тэтгэврийг өөрөө насан эцэслэн хүртлээ үргэлжлүүлэн авах боломжийг бүрдүүлсэн УИХ-д мөн л хоёр жил гацсан Хамтын тэтгэврийн тухай хууль батлагдсан гээд ач холбогдол ихтэй чамгүй олон хууль батлагджээ.  

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх