Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 02 сар 08
・ 1
Цагаан сар бол Монгол үндэстний уламжлалт баяр билээ.
Цагаан сарын түүх
Чингис хаан:
"Эмээл хүндэдвээс тохсон моринд дарш болно
Эрхэм хэтэрвээс хүмүүний сэтгэлд осол болно
Янз хэтэрвээс ядуу дордост зүдгүүр болмой
Хожмын үр сад эрхэмдээ эрэмшин, осол цалгаа явна аа, тиймээс энгийн даруу болго" гэж айлдсан баримт байдаг.
XIII зууны үеэс тэнгэр шүтлэг, бөөгийн ёсоор цагаалж байсан тухай Марко Пологийн зохиолд тодорхой гардаг. Бүх хүн цагаан сараар цагаан зүсмийн морь унаж, цагаан бөсөөр хийсэн хувцас өмсч, бие биедээ цагаан хадаг өргөж, цагаан идээ зооглодог нь хэн хэндээ хиргүй цагаан сэтгэлээр явж байя гэсэн эв найрын бэлгэдэл байж. Алгаа дэлгэнэ гэдэг надад зэр зэвсэг алга, миний сэтгэлийн өнгө энэ гэсэн утга билээ.
XIII зууны орчмоос цагаан сарыг хавар тэмдэглэх болжээ. В.Инжинаашийн “Хөх судар” романы 39 дүгээр бүлгийн эхэнд “IV жарны анхны жил, улаагчин туулай буюу 1207 онд Чингис хаан хулгана цагт дээшлэн, биеэ ариутгаад, ёсны хувцсаа өмсч, Өүлэн ээждээ мөргөж, ордноосоо заларч гарч ирэхэд есөн зүйлийн гүн нарийн хөгжим, алтан хасын чимээ дуурсгаж, жүн хэнгэрэг дэлдэн угтав. Чингис хаан харьяат олондоо Тэнгэрийн хөвгүүний дохио тэмдэг, хөгжим сэлтэс цөм Өмнөд Дундадын хууль дүрэм болой. Би өөрөө арьсан дээлтэй монгол хүн. Та бүхэн хаан өргөмжилж их сууринд суулгалаа. Өнөөдрийн ёслол сүрдүүлэн цочоох төлөв байдалтай учир Ар газар таарахгүй” гэсэн байдаг.
Цагаан сард бэлдэх нь
Монголчууд цагаан сард бэлдэхдээ хэдэн сарын өмнөөс хашаа хороогоо цэвэрлэж, малын хашаагаа засан сэргээн засварлана. Хаврын урь орох үеэр мал төллөж малчин бүхэн баясна. Гэрийн гадна доторгүй тоос шороогоо гөвж, хир буртаг бүхий зүйлсээ угаан цэвэрлэж цагаан сардаа хир буртаггүй, хараал муу үг амнаасаа унагахгүй, шинэ дээл хувцас оёж, шинэ ондоо ариун тунгалаг сайн сайхан бүхнийг билэгшээн золгон угтана. Сэтгэл санаагаа ариусган өр ширгүй, муу муухай бүхнийг эцэс төгсгөл болгон сайн сайхан бүхний төлөө өнгөрснийг мартаж маргаашийн шинэ өдөр шинэ амьдралыг өөдрөгөөр угтана. Ер нь монголчууд бие биедээ санаа тавин тус дэм болж, байгаагаа өгч авалцан хуваалцан амьдарч ирсэн түүхтэй. Бие биенийхээ хашаа хорооноос цэвэрлэж засаж өгөхөөс гадна, төл малаас нь хамжилцаад хариулж, бэлчээрлээд өгнө. Бууз баншнаас нь чимхэлцэн, ууц махыг нь чанаад, боорцог боовыг нь хайраад, цагаан идээнээс нь базалцаад өгдөг тусч хөдөлмөрч зантай. Цагаан сараар үр хүүхдүүд, ах дүү хамаатан садан нь тал талаасаа хамжаад өгдөг сайхан нийтэч зан заншилтай билээ.
Битүүлэх ёсон
Cap гарахгүй битүү харанхуй байдаг учир оны отгон шөнийг "битүүн" хэмээн нэрийддэг байна. Эл өдөр бүх зүйлс бүтэн, битүү байх учиртай. Энэ нь улирч буй ондоо тэгш дүүрэн байсан бөгөөд ирэх онд ч элбэг хангалуун байх болтугай хэмээсэн бэлгэдэл билээ. өвлийн адаг сарын сүүлийн өдөр буюу битүүний өдрөөс өмнө монголчууд хуучин оны өр шир, өглөг авлагаа дуусган, дутуу зүйлсээ гүйцээдэг уламжлалтай. Ингэснээр хийморь лундаа нь сэргэдэг хэмээн үздэг байна.
Битүүлэх ёслол нь нар шингэсэн хойно эхэлдэг. Идээ будаагаа засаж, хаалганыхаа баруун тотгоны дээр цагаан чулуу, цэвэр тунгалаг цас мөс тавьж сайн зүгийн эзэд сахиус орохын үүдийг нээхийн хамт, зүүн тотгоны дээр өргөс харгана, шарилж тавих нь муу зүгийн ад чөтгөрийн хорлолыг хаадаг учиртай. Битүүний орой цэвэр цэмцгэр хувцаслаж, өтгөс бууралдаа өнгөтэй өөдтэй олбог дэвсгэрээ дэвсэн, ширээгээ засаж дээр нь битүүлгээ тавьж, идээ ундааныхаа дээжийг зүүнээс баруун тийш өрж, галдаа өргөж, бурхандаа дээжилсний дараа гэрийн эзэггэй цайныхаа дээжийг гэрийн эзэндээ эхэлж барьдаг ёстой. Гурван марал одонд идээ өргөж битүүлгээ хөндөнө. Цагаан сарын идээг онцгой хүндэтгэлтэйд тооцдог. Битүүний зоогт эрүүг нь заагаагүй хонины битүү толгой юм уу, өвчүү байдаг. Хонины бүтэн махыг гэрийн эзэн эхэлж есөн хөндлөнг (толгой, хошуу, хоёр эрүү, хоёр чих, ууцны хоёр тал) хөндөж эхлээд галдаа, дараа нь бурхандаа өргөөд, гэрт байгаа хүмүүст тараана. Тавиас дээш настанд архи хүртээдэг учиртай.
Битүүлгийн идээ будаанаас идэж, ёслол дууссаны дараа үлгэр, тууль ярихаас эхлээд шагайгаар алаг мэлхий өрөх, морь, тэмээ уралдуулах, дөрвөн бэрх орхих, буга нуух, хорол зэндмэн эвлүүлэх зэргээр тоглодог. Энэ үдэш мал хуйгаа хээр, эд зүйлсээ айлд хонуулахыг цээрлэнэ. Мөн хүн халуун бүлээсээ тасарч айлд хонох, хөлчүүрхэх, өвчин хэлэх, үг сөрөх, хувцсаа гадаа хонуулах, хоосон сав байлгах, өлөн зэлмэн байхыг цээрлэнэ.
Цагаан сарын идээний тухай
Цагаан сардаа монголчууд бор болон цагаан гэсэн хоёр янзын идээ бэлдэнэ. Бор идээнд: бүхэл мах, битүү бууз банш, шимийн архи. Цагаан идээнд: бүх төрлийн цагаан идээ, ул боов, боорцог, айраг ордог байна. Нутаг нутгийн онцлогоор ул боов буюу хэвийн боов, зарим нь ч хавсай хийж, таваг засахдаа ахмадыг хүндэтгэн гурав буюу түүнээс дээш боов давхарлан тавган дээр өрж, дунд нь боорцог хийн дүүргэж дээд тал нь 81 ширхэг ул боовоор засдаг. Тавгын боовыг гурваар өрдөг нь тулгын гурван чулуу болон жаргал зовлон жаргал, таваар өрдөг нь таван бие махбодь, үе үеэр давхарладаг нь айл гэрийн хэдэн үетэй золгосны шинж буюу билэг тэмдэг. Тухайн өрхийн тэргүүлэгч хүн, хэдэн нас зооглож байгаа болон хэдэн үр ач, хэдэн зээ, хэдэн гуч дөч үзсэн гэх мэтээс хамаараад “Тэдэн улыг элээжээ” гэж хүндэтгэн, юм үзэж нүд тайлснаар нь дахин ул элээх билэгдэл болгон нас нэмж, ул боовоороо таваг засдаг байна. Өнөө цагт “оймс элээнэ” гэж ярьдаг. Эрт үед “ул элээнэ” гэж ярьдаг байж. Яагаад “ул боов” гэж нэрлэв? Хүн хоёр хөлийнхөө улаар дэлхийн татах хүчтэйгээ холбогдож, мэдээлэл солилцон, хүч эрч авч явдаг. Хүн хөлөөрөө аливаа нэгэн үйл хэрэг буюу орон зайг ялж, ямар нэгэн орон зайгаас, нөгөө орон зай руу шилжин явдаг. Тиймээс “явах” гэсэн үйлдэл буюу “урагшлах” гэсэн билэгдлийг агуулж “ул боов” гэж нэрлэдэг байна.
Ууц хөндөх ёсон
Ууц нь зургаан хавирга, ууц сүүлийн хамт үргэлжилж байгаа хэсгийг нэрлэх бөгөөд ууцан дээр сээр, эсвэл хүзүү, дал, дөрвөн өндөр, хавирга, хонготой шагайт чөмөг дагуулан тавьдаг. Гийчний өмнө ууц тавихдаа баруун гарт нь дөрвөн өндөр хавиргыг тавих бөгөөд сээрний нарийн үзүүр, шаантыг борви, далны мах, хавирганы бураа талыг ууцны харцага өөд харуулан тавина. Хэрэв сээрний оронд хүзүү тавих бол аман хүзүү талыг харцага тийш нь, харцагыг зочны зүг харуулан тавина. Ууцыг хөндөхөд зүүн гараараа харцаганаас түшин барьж, баруун гар дахь хутгаар ууц, сүүл хоёрын уулзвар орчинд голд нь нэг, дараа нь олон яс уулзах орчмоос эхлэн өөрийн тийш харцаганы хоёр зураа дагуу цувуулан гурав гурав эсгэнэ. Түүний дагуу сүүлний бөгтрөг орчмын хоёр толионоос дугараг хэлбэртэй хоёр хэсэг өөх хөрслөн халимлаж авна. Дараа нь харцага талын ирмэгийн мах өөхний нийлэлт орчмын хоёр талаас хоёр хэсэг халимлан аваад толгой сүүлнээс авсан хоёр дээжтэй нийлүүлэн гал голомтын хувь гэж тусгай тавина. Ийнхүү хөндөж гүйцсэний дараа ууцаа таллана. Хоёр талаас таллаж авснаа гурав гурав хувааж нэгийг нь галын хувь дээр нэмнэ. Харин гурвыг нь дээж болгож тусгай тавина. үлдсэн хоёрыг хувь болгон үлдээж амсана. Дараа нь ууцныхаа хоёр талаас нэжгээд таллан авч хишиг хэмээн тараадаг ёстой.
Тэнгэрт мөргөх ёсон
Монголчууд Цагаан сарын шинийн нэгэнд хийморийн овоонд гарч дээд Мөнх тэнгэрт мөргөн нар гарахыг үзэж байгаа нь
Тэнгэрт мөргөх бол Монголчуудын цагаан сарын хамгийн анхны ёслол болно. Монголчууд оны эх, сарын тэргүүн, өдрийн эртэд юуны өмнө дээд мөнх тэнгэрт мөргөн золгохыг тэргүүн ёс болгодог. Эзэн хаанаас эгэл борчуул хүртэл энэ ёсыг бат журамладаг. Шинийн нэгний өглөө зүүнээс цагаан гэгээ цуварч үүр тэмтрэгдэх үеэр тэнгэрт мөргөх ёслол хийнэ. Индрийн тойронд цагаан эсгий, хивс, гудас дэвсэнэ. Аливаа бэлтгэл бүрэн болбол гэрийн эзэн тэргүүлэн тавагтай цагаан идээ, ууц, архи, цай зэргээс дээж өргөх бөгөөд дөрвөн зүг, найман зовхист хандан тэнгэрт цацал цацна. Өргөл төгсний дараа галыг нар зөв тойрон гэрийн эзэн тэргүүлэн индрийн тойронд дэвссэн эсгий дээр сөгдөн тэнгэрт гурав гурав ес мөргөнө.
Шинэлэх ёсон
Хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд цагаан сарын баярыг тэмдэглэхдээ ёслол хүндэтгэлийн идээ, ундаа бэлтгэн, золгож шинэлдэг. Цагаан сарын битүүлгийг шинийн нэгний урьд орой ёсолдог бөгөөд цагаалгын ёслолыг өглөө ургах нарнаар туулай цагт эхлэн үйлддэг. Шинийн нэгний идээний үндсэн хэсэг нь давхарлан өрсөн бяслаг, эсвэл хавсай, ул боов юм. Манай ихэнх нутагт үндсэн тавгийн идээний бяслаг буюу боов хавсайг сондгой тоогоор давхарлан өрдөг. Эцэг, ах нар нь буй айлын тавгийн идээ гурав буюу тав байж болдог. Эцгийнх нь долоон давхар идээ засна. Төрийн шинж чанартай ёслолын тавгийн идээг голчлон есөн давхар засдаг уламжлалтай. Тавгаа өрөм, ааруул, шар, цагаан тос зэрэг цагаан идээгээр чимэх ёстой. Цагаалах үеэр эвтэй найртай явахын бэлгэдэл болгож хөөрөг зөрүүлж тамхилах бөгөөд харин хөөрөг харшуулж солилцохыг цээрлэхийн хамт толгойг нь дарж болдоггүй. Хөөргөө төр түших гурван хуруу буюу эрхий, долоовор, дунд хуруугаар түшиж тамхилдаг. Энэ нь тухайн хүнийг төрийн хэмжээнд хүндэлж байгаагийн тэмдэг юм.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.