Тав дахь үеэ үнэрлэсэн 109-ТЭЙ БУУРАЙ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 02 сар 08

Хүн нас өндөр болохоороо юу боддог бол оо. Амьдралын үнэ цэнэ, утга учрыг ухдаг болов уу. Эсвэл тэртээд үлдсэн бүхнийг мартаж орхиод амар амгалангийн ертөнцөд “тусгаарлагддаг” юм уу” гэсэн бодол 109 нас зооглож буй Мядагийн Хоовон буурайтай уулзахын өмнө төрж байлаа.

 

Зуу насалж, зургаадай таяг тулсан буурал эмээ Хан-Уул дүүргийн Яармагийн дэнжид амар мэнд аж төрж байна. Тэрбээр Монголын хамгийн өндөр настай эмэгтэй болжээ. Эмээ биднийг ирэх сургаар “Алдарт эх”-ийн I, II зэргийн одонгоо энгэртээ гялалзуулан угтсан юм.

Толгой дээрээ тоорцог тавьсан нь зохисон гэж ванлий. “За авлаа шүү. Инээгээрэй” гэх манай зурагчны “тушаал”-ыг онц биелүүлж, үнэнч үлдсэн зургаан шүдээ ярайтал инээмсэглэх жижигхэн эмээ өөрийн эрхгүй хайр төрүүлэм хөөрхөн. Ингээд хөөрхөн эмээтэй хөөрөлдсөнөө хүргэе.

Эмээгийн чих хатуу учраас түүний ач охин А.Мөнхжаргалын тусламжтайгаар бид “хэл нэвтрэлцсэн” билээ.

-Сайхан өвөлжиж байна уу. Бие тэнхээ сайн уу?

-Сайн сайн. Сайхан өвөлжиж байна.

-Та аль нутгийн хүн бэ. Төрж өссөн нутгийнхаа тухай бидэнд ярьж өгөөч.

-Хуучнаар Засагт хан аймгийн Эрдэнэ бишрэлт Засагт ханы хошуу, одоогийн Говь-Алтай аймгийн Тайшир суманд 1907 онд төрсөн. Тухайн үед хошуу ноён Батжаргал гэж бүдүүн тарган хүн байж билээ. Би багаасаа л мал маллаж өссөн.

Ээж минь намайг арав, дүүг гурван настайд таалал төгссөн юм. Тэр үед хүүхэдгүй айл олон байж. Тэгээд дүүг минь нэг хүн өргөн авч, би Жамъяан-Умзад гэдэг лам нагац ахындаа амьдрах болсон.

Тэр хавийнхан түүнийг Ааяа лам гэж авгайлдаг байлаа. Би өөрөө хүүхэд хэрнээ дүүгээ байнга хардаг байсан болохоор хүн ирээд аваад явахад нь их баярлаж билээ, тэнэг хүн шүү.

-Таны нэр их учиртай гэсэн. Лам хүн өгсөн гэл үү?

-Тийм ээ. Надаас дээш дөрвөн хүүхэд төрсөн ч эндчихсэн юм билээ. Гэтэл би бас төрөөд нэг хоноод л өвдөөд эхэлсэн гэсэн. Тэгээд ээж лам залжээ.

Тэр лам намайг өөрийнхөө гар, нүүрээ угаадаг хоовон гэдэг тогоон дотор оруулаад гаргасан юм байна. Тэгээд надад Хоовон гэдэг нэр өгсөн гэсэн.

Сүүлд намайг дөрвөн настай байхад нөгөө лам өвөө манайд ирээд “Одоо чи энэ тогоондоо ор доо. Багтах нь уу, яах нь уу” гэж байсан.

-Та хүнд өргүүлсэн дүүтэйгээ холбоотой байв уу?

-Цагаан сараар дүүг минь авчирч, Ааяа ламтай золгуулдаг байлаа. Нагац ахынх их олон малтай, баян айл байсан. Нэг өдөр лам ах надаас “Эд хөрөнгө авах уу, үр хүүхэд авах уу” гэж асуухаар нь “үр хүүхэд” гэж хариулсан юм.

Тэгж хэлснээс болсон уу, таван хүү, таван охин төрүүлж, өнөр өтгөн айл болсон. Хамгийн том хүү маань 83 настай, бага нь 60-тай. 10 хүүхэд төрүүлсний тав нь одоо амьд байна. Гурав нь багадаа, хоёр нь нас биед хүрээд өнгөрсөн дөө.

-Цэргийн оёдлын үйлдвэрт генералын хувцас оёж байсан гэж сонссон. Тэнд хэр удаан ажилласан бэ?

-1960 онд хотод орж ирээд л Цэргийн оёдлын үйлдвэрт ажилласан. Бас Нийгмийг аюулаас хамгаалах яамны аж ахуйд ажиллаж байсан. Цэрэг армийн олон хувцас оёхдоо генералынхыг ч бас урласан л байх.

Гэхдээ тэр үйлдвэртээ олон жил ажиллаж чадаагүй. Гэртээ монгол дээл, хөөрөгний даалин оёдог болсон. Яармагийн дэлгүүрийн худалдагч нараас эхлээд надаар дээл оёулах гэсэн хүмүүс дугаарладаг байлаа шүү дээ (инээв).

-1921 оны Ардын хувьсгалын үед та 14 настай байжээ. Тухайн үеийн амьдрал ахуй ямар байсныг санаж байна уу?

-Би дөрвөн төрийн нүүр үзсэн хүн. Богд хааны үеэс Ардын хувьсгал ялах хүртэл багагүй зовлон амссан. Ээж минь моринд чиргүүлж нас барсан. Аав минь цэрэгт яваад сураггүй болсон. Гэтэл хажуу хошууны хүүхэнтэй суусан байсан.

Ээжийг нас барсны дараа аав ирээд намайг дуудахад нь би очоогүй. Сүүлд намайг хотод ирсний дараа аавын дараагийн эхнэрээс төрсөн хүү миний сургийг сонсоод ирж уулзсан. Тэр цагаас хойш нэг нэгнийхээрээ орж гардаг боллоо.

Биокомбинат руу нүүснээс нь хойш уулзаагүй. Сүүлийн хэдэн жил холбоогүй байгаа. Аавыг минь Пэлпэлжээ гэдэг. Эцэг нэгтэй дүү Сэнгээ маань хаана явдаг юм бол доо. Нэг уулзвал сайхан л байна.

Лам ах маань их хэлмэгдүүлэлт эхлэхээс өмнө нас барсан. Цаг төр эвгүйтнэ гэдгийг мэдээд нас барахаасаа долоо хоногийн өмнө бясгалгал хийж суусан.

Шавь нар нь хамрынх нь өмнө утас эргүүлж амьсгаатай, эсэхийг нь шалгадаг байсан юм.

-Та өөрийгөө Монголын хамгийн өндөр настай эмэгтэй болсныг дуулаад ямар санагдсан бэ?

-Баярласан. Хамгийн өндөр настай эрэгтэй 111-тэй гэж хүүхдүүд хэлсэн.

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх