Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 02 сар 08
Парламент бүрэн эрхийн хугацааны отгон намрын чуулганыг хаалаа. Засгийн газрыг огцруулах асуудал намрын чуулганы нээлт, хаалтад болов. Засгийн газарт халаа сэлгээ хийн намрын чуулганаа эхлүүлсэн парламент мөн л Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцсэнээр хаах хаалтын хугацаа давхцав. Намрын чуулганы өнгөрсөн хугацаанд хийсэн ажил тоон үзүүлэлтээрээ ажлын 90 өдөр давхардсан тоогоор 131 удаа хуралдаж, нийт 412 хууль, 65 тогтоол хэлэлцэн баталжээ.
Намрын чуулган бол парламентаас хариуцлага шаардсан үе байдаг. Тэр дундаа сонгуулийн өмнөх жилийн намрын чуулган урьд урьдынхаас ачаалал ихтэй байдаг. Гишүүнд ирэх оны төсөв, нийгэм, эдийн засгийн үндсэн чиглэл, мөнгөний бодлогыг баталж, цаг үеийн шаардлагатай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах, санаачлан өргөн барихаас гадна сонгуулийг хэрхэн явуулахаа хэлэлцэж, хуулинд нэмэлт өөрчлөлт оруулан баталдаг.
Засгийн газраас энэ оны төсвийг танаж, бодит хөрсөн дээр нь буулгах зорилт агуулан, хямралын үеийн эдийн засгийн жишгээр боловсруулан оруулж ирсэн. Гэвч чуулганаар хэлэлцэх үед танагдсан хөрөнгө оруулалтуудыг төсөвт дахин суулгасан тул Засгийн хэмнэлтийн бодлого тусыг эс олов. Гэхдээ чамлахаар чанга атга гэгчээр, алдагдалтай батлагдсаар ирсэн төсөвт энэ оны мөрөөдлийн жагсаалтыг шинээр дахин нэмээгүй нь олзуурхууштай. УИХ-ын дарга З.Энхболд чуулганыг хааж хэлсэн үгэндээ “Энэ оны Улсын төсвийн тухай хуулиар Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлогыг дотоодын нийт бүтээгдэхүүний 25.4 хувь, нийт зарлагыг 28.8 хувь, нэгдсэн төсвийн нийт алдагдал 3.4 хувь болж төсвийн алдагдлыг хуульд заасан хэмжээнээс 0.6 хувиар бага байхаар баталлаа. Ингэснээр, УИХ олон жил томоохон алдагдалтай явж ирснийг залруулан, төсвийн сахилга бат тогтоосон төсвийг баталж чадсанаараа эдийн засгийн бодит байдалд нийцсэн, үр ашигтай байх зарчмыг хэрэгжүүлэх боломжийг бүрдүүллээ” гэдгийг онцолж байсан.
Энэ парламент бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн даруйдаа Р.Бурмаа гишүүнээр ахлуулсан Сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулсан. Парламент дахь нам эвслийн бүлгийн гишүүдийн төлөөллөөс бүрдсэн энэ ажлын хэсгийнхэн хуулийн төслөө өргөн барих гэж бүтэн гурван жил “нухсан” хэдий ч нэгдсэн ойлголцолд хүрэхэд төвөгтэй байсан даг. Тиймээс ч Сонгуулийн хуулийн төсөл өргөн барихтай зэрэгцээд МАН, Шударга ёс эвслийн бүлэг, Х.Тэмүүжин нарын гэсэн 3 хуулийн төсөл дагалдав.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.