ЭЕШ-ын хариултыг буруу будсан бол засах боломжтой

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 02 сар 16

Р.ОЮУН, Х.ЦОЛМОНЗАЯА

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл өчигдрөөс орон даяар эхэлж байгаатай холбогдуулан Боловсролын үнэлгээний төвөөс мэдээлэл хийлээ.  Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл өчигдөр өглөөний 09:00 цагаас эхэлж дөрөвдүгээр сарын 25-ны 08:00 цаг хүртэл үндэсний хэмжээнд онлайнаар үргэлжлэх юм.

Харин элсэлтийн шалгалтыг зургадугаар сарын 15-наас эхлүүлэхээр төлөвлөөд байгаа аж. Энэ талаар БҮТ-ийн Чанарын шалгалт хариуцсан хэлтсийн дарга Л.Ганбат “Ерөнхий боловсролын тогтолцоо XII анги руу шилжсэнтэй холбоотойгоор 2015-2016 оны хичээлийн жилд 36207 хүүхэд ЕБС-ийг төгсч байна. 

Сүүлийн 3-4 жилийн дунджийг харвал төгсөгчдөөс гадна өмнө төгссөн 3000-4000 орчим элсэгч бүртгүүлж нэмж шалгалт өгдөг. Тэгэхээр энэ жилийн хувьд ойролцоогоор 40 орчим мянган төгсөгч  ЭЕШ өгөх тооцоо байна. Энэ жил Монгол хэлний тухай хууль батлагдсантай холбоотойгоор монгол хэлний шалгалтын 4/1 буюу 25 хувь нь монгол бичгийн даалгавар байна.Монгол хэлний шалгалтын даалгаврын сан дээр монгол бичгийн даалгавар өмнөх үеэсээ арай нэмэгдэнэ гэсэн үг. Монгол хэл бичгийн шалгалтын оноог баталгаажуулж, батламж хуудсыг ЭЕШ-ын батламж хуудсаас тусад нь хэвлэж өгөхөөр ярилцаж байна. Зургадугаар сарын 15-нд монгол хэл бичгийн шалгалтыг аваад шалгуулагч хэдэн ч оноо авсан тэр оноог батламж хуудас дээр гаргаж өгсөнөөр оноог нь үндэслээд их, дээд сургуулиуд  элсэлтээ авах ёстой.ЭЕШ-ын хариултын хуудасны загварыг өөрчилж балын харандаагаар бөглүүлж байгаа нь буруу будсан тохиолдолд баллуурдаад дахин засах боломжтой болж байгаа юм. Засахдаа олон улсад ашиглаж байгаа өндөр хүчин чадал бүхий машиныг ашиглана” гэлээ.

ЭЕШ-ын босго оноо 400 хэвээрээ байхаас гадна хураамжийн 5800 төгрөг өөрчлөгдөөгүй байна. Мөн Боловсролын үнэлгээний төвөөс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ЭЕШ өгөх нөхцлийг бүрдүүлж, тусгай бэлтгэсэн байранд авахаар болжээ. 

Боловсролын үнэлгээний төвийн сайт дээр ЭЕШ-д бүртгүүлэх линк нээгдсэн. Заасан хугацаанд шалгуулагч хандахад  монгол хэл бичгийн шалгалт  автоматаар бүртгэл нь идэвхжих юм байна. Өөрөөр хэлбэл, монгол  хэл бичгийн шалгалт баталгаажсаны дараа ЭЕШ-ын хичээлийн сонголтоо хийж БСШУЯ-ны үндсэн баазтай бүртгэлийн программ холбогдсоноор шалгуулагч регистерийн дугаараа оруулснаар тухайн хүүхдийн хувийн мэдээлэл хадгалагдах аж.

Энэ жилийн ЭЕШ-ын бас нэг онцлог нь өмнөх онд төгссөн шалгуулагчид шалгалтын байраа өөрсдөө сонгоно.

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх