Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 02 сар 18
・ 7
Их хөрөнгө зарцуулж тавьсан замаа арчлах, хамгаалахын тулд зам ашигласны төлбөрийг нэмэхээс өөр аргагүй
Засгийн газрын 2016.02.15-ны өдрийн хуралдаанаар олон улсын болон улсын чанартай зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс төлбөр авах журам болон төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоолоо. Энэ талаар Зам, тээврийн сайд М.Зоригтоос тодрууллаа.
-Зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс авах төлбөр хураамжид өөрчлөлт оруулахаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэлээ. Төлбөр хураамжийг нэмэх зайлшгүй шаардлага байсан уу?
-Төлбөр хураамж нэмэх үндэслэл нь олон улсын болон улсын чанартай замуудаас зөвхөн хатуу хучилттай авто зам ашигласны төлбөр хураамж л авч байна. Нийтдээ 5000 гаруй км хатуу хучилттай авто зам байна. Бусад замууд бол төлбөргүй. Сүүлийн жилүүдэд авто замд маш их хөрөнгө оруулалт хийж, шинэ замууд тавьж байна. Замын хөрөнгө оруулалтын эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх, замыг арчилж хамгаалах ажлыг эрчимжүүлэхийн тулд зам ашигласны төлбөрийг нэмэх зайлшгүй шаардлагатай гэж үзсэн. Суудлын автомашинаас авч байгаа 500 төгрөгийн төлбөр бол 2003 онд л тогтоосон хэмжээ. Тухайн үед манай улс 1800 орчим км хатуу хучилттай замтай байсан. Түүнээс хойш 16 жил энэ тарифаа мөрдөж байна. Гэтэл одоо, сүүлийн 3-4 жилд аймгууд нийслэлтэй хатуу хучилттай замаар холбогдлоо. Шинээр маш их зам барилаа, хөрөнгө мөнгө ч их зарцууллаа. Ингэж их хөрөнгө зарцуулж тавьсан замаа арчлах, хамгаалахын тулд зам ашигласны төлбөрийг нэмэхээс өөр аргагүй болоод байна. Одоогоор улсын хэмжээнд 16 төлбөр хураах цэг ажиллаж, жилдээ 3 тэрбум төгрөг төвлөрдөг. Энэ мөнгөний 70-80 хувь нь эргээд ажилчдынх нь цалин, гэрэл цахилгаан, халаалт бусад урсгал зардалд зарцуулагдаж байна. Энгийнээр хэлэхэд, хэдэн хүнийг цалинжуулахын тулд замын төлбөр хураамж авч байна гэсэн үг. Замын санд хуримтлагдах мөнгөний нэг эх үүсвэр нь зам ашигласны төлбөр хураамж болох ёстой. Тэгж чадахгүй байна.
- Тээвэрчдэд хүндрэлтэй нэг зүйл бол замын цагдаа, төлбөр хураах цэг, татварынхан тус тусдаа цэгтэй, тэр бүр дээр зогсдог. Үүнийг яаж цэгцлэх вэ?
- Нэг зүйлийг тодруулж хэлье. Хатуу хучилттай замын арчлалт, их засвар, урсгал засварыг 2001 оны нормоор нэг км замд 2 сая орчим төгрөгөөр тооцож тогтоосон байдаг. Одоо тэр хэвээрээ л байгаа. Гэтэл бодит байдал дээр км замын засвар арчлалтад 9 сая төгрөг шаардлагатай байна.
2015 онд улсын чанартай хатуу хучилттай 5000 гаруй км замын засвар арчлалтад 55 тэрбум төгрөг шаардлагатай байсан. Гэтэл улсаас 8 тэрбум төгрөг төсөвлөж өгсөн. Дөнгөж 10 хувийг нь өгч байна гэсэн үг. Үлдсэн замууд цаг хугацаандаа засвар арчлалт хийгдэхгүй, эвдрээд, дараа жил бүр илүү их хөрөнгө шаардагдах болно.
Ганцхан төлбөр нэмж байгаа гэдгээр биш төлбөр хураах системийг замын ашиглалтын байдалд тавих хяналттай хамт зэрэгцүүлэн хийж байгаа ажил гэж ойлгож болно. Замын цагдаа бол зөвхөн замын хөдөлгөөний аюулгүй байдалд л хяналт тавих үүрэгтэй. Замын ашиглалтад хэн ч хяналт тавьж чадахгүй байна. Зам дээр маш олон байгууллага хяналтын цэг нэртэй жижиг амбаарууд барьчихаад сууж байна. Тээвэрчдэд маш их хүндрэл, чирэгдэл үүсгэдэг. Нийслэлийн авто замын газар тусдаа, татварынхан тусдаа, авто замын төлбөр хураах цэгийнхэн тусдаа байна. Энэ бүхнийг нэгтгэж нэг дор төвлөрүүлье.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.