УРАН НҮҮДЭЛ буюу СОНГУУЛИЙН ӨРГИЙГ ӨӨРЧЛӨХ ҮҮ

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 03 сар 01

uihhuuli151019

Засгийн газрын ээлжит хуралдаанаар УИХ-ын гишүүн Ш.Түвдэндоржийн боловсруулсан Сонгуулийн хууль болон УИХ-ын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай УИХ-ын тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай төслийг хэлэлцэж, “Тусгайлсан саналгүй” гэсэн хариу өгчээ.

Харин УИХ-ын гишүүн С.Одонтуяагийн санаачилсан Сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах  тухай хуулийн төслийг буцаасан байна. Энэхүү шийдвэрээс хэд хэдэн зүйл илэрхий болж ирлээ. Эдгээрийг нэг бүрчлэн задлан хүргэе.

1.Сонгуулийн хуулийн заалтыг орхигдуулсан нь улс төрийн зорилготой байжээ
Уг нь сонгууль болохоос зургаан сарын доторхи хугацаанд Сонгуулийн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулж байсан түүх Монголд байхгүй. Эрх баригчид УИХ-д дахин сонгогдох боломжоо нэмэгдүүлэхийн тулд тоглоомын дүрмээ өөрсдөө гаргадаг жишиг бол харин бий. Тэд энэ удаа ч энэ эрхээ сонгууль болохоос өмнө дахин ашиглахаар гарц, боломж, шийдэл, хувилбар, санаа бүхнийг уралдуулж байна. Түүний нэг илрэл улс төрийн амьдралд өрнөж эхэллээ. Юу гэвэл, сонгуулиас өмнө сонгуулийн хуулийг дахин өөрчлөх магадгүй болсон тухай манай сонин өмнөх дугаартай нийтэлсэн билээ. “Ээлжит сонгууль болохоос зургаан сарын дотор Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахыг хориглоно” гэсэн заалтыг орхигдуулсан нь санаандгүй хэрэг байсан тухай УИХ-ын гишүүн А.Бакей ярьж байсан нь худал болж таарлаа. Тэрээр “Энэ заалт орхигдсоныг хэн ч анзаараагүй” гэсэн бол Р.Бурмаа гишүүн ажлын хэсэг дээр зориуд тус заалтыг шаардлагагүй гэж үзэж хассан хэмээн өөр зүйл ярьсан. Хуулийн гол найруулга дээр суусан хоёр хүний ам ингэж зөрсөн нь тухайн үедээ төдий л анхаарал татаагүй өнгөрсөн. Гэтэл энэ нь эрх баригчдын башир аргуудын нэг байсан нь одоо илэрхий болж байх шиг. Учир нь тэд ямар нэгэн байдлаар сонгуулиас өмнө сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах нөхцөл байдал үүсч мэднэ гэсэн алсын бодолтойгоор буюу зориудаар тус заалтыг хасчээ. Мандатын тоо хуваарилах, тойрог тогтоох дээр АН-ын байр суурь анхнаасаа тодорхой байсан. Түүнийгээ гүйцэлдүүлэх хувилбаруудын нэг нь Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах шийдэл гэдгийг тэд эртнээс олж харж, ийм боломжийг нээлттэй үлдээжээ. Үүнийгээ одоо тэд ашиглах гэж байна.

2. Сонгуулийн хуулийг өөрчлөх санаархал нэгэнт ил болов

Сонгууль болохоос зур­гаан сарын дотор сонгуулийн хуулийг өөрчилж болохгүй хэд хэдэн шалтгаан байдаг. Хамгийн гол шалтгаан нь эрх баригчид өөрсдийн ашиг сонирхлоо тусгасан өөрч­лөлтийг оруулах магадлал их учраас түүнээс болгоомжилж зайлсхийдэг. Тэгвэл энэ удаа шинэ оны босгон дээр батлагдсан Сонгуулийн тухай хуулийг дахин өөрчилж магадгүй байна. Уг нь тус хуулиар сонгуулийн холимог тогтолцоог хэвээр үлдээж, 48:28 гэсэн харьцааг хадгалж үлдэхээр болсон. Тэгвэл АН-ын гишүүдийн зүгээс үүнийг өөрчлөх санаа дэвшүүлсэн юм байна. Хамгийн гайхалтай нь энэхүү санаачилга зөвхөн АН-аас гараагүй, МАН-ын төлөөлөл ч дунд нь байгаа аж. Хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл боловсруулсан Ш.Түвдэндорж нарын ги­шүүд гэдэгт МАН-ын гишүүд байгаа нь энэхүү хууль хоёр гол намын ашиг сонирхолд нийцэж байгааг илэрхийлэх нэг баримт болж байна. Учир нь МАН-ын гишүүдийн зү­гээс Сонгуулийн хуульд зур­гаан сарын дотор өөрчлөлт оруулахыг эрс эсэргүүцэхгүй байгаа бөгөөд гагцхүү эрх баригч хүчин болох АН-ын эрх ашиг дангаар туссан байд­­лаар өөрчлөгдөж бо­лохгүй гэсэн байр суурьтай байгаа бололтой. Хуульд өөрч­лөлт оруулах энэхүү төсөл нь гэрлийн хурдаар батлагдаж мэдэхээр байна. Уг нь Р.Бурмаа гишүүний тайлбараар бол Хуулийн тухай хуульд зааснаар бол хэр баргийн хуулийн төслийг өргөн бариад, УИХ хүлээж аваад хэлэлцэхгүй. Учир нь талуудын оролцоог хангасан, хэлэлцүүлэг хийсэн гээд олон шалгуурыг хангаж байж хууль батлахаар тусгасан. Тэг­вэл дээрх хуулийн төсөл эхний даваагаа торохгүй давлаа. Засгийн газрын зүгээс  өгсөн тусгайлсан са­нал­гүй гэдэг нь “дэмжсэн” гэдэгтэй дүйцэх хариу юм. Яг л мөнөөх Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанааг огцруулах эсэх тухай Дээд шүүхээс тодруулга авахад “Тус­гайлсан саналгүй” гэж ирсэн хариутай адил. УИХ энэ хариуг “дэмжсэн” гэж үзээд, Цэцийн даргыг огцруулсан билээ.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх