"Хар тамхи"-нд монгол залуус бүх насаа зориулах уу

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2014 10 сар 29

Олон нийт "хар тамхи" гээч зүйлийн нэрийг нь хэлэхээр сэтгэл нь сэртхийж муу, муухай зүйл битгий ярь манайд тэр чинь байдаггүй юм хэмээдэг байсан цаг саяхан. Гэтэл өнөөдөр өдөр болгон шахуу "хар тамхи мансууруулах бодис"-ыг гэртээ хадгалж байсан, худалдан борлуулах явцдаа иргэд баригдан аавын хаалга татах боллоо. 

Дэлхийн улс орнуудад эл хэрэг газар авсан ч Монгол улсад энэ төрлийн хэрэг сураггүй байсан. Харин сүүлийн хэдэн жил газар авч улсын хилээр "хар тамхи" тээвэрлэж яваад харийн орны шоронд хоригдов. Тэд эхэндээ хар тамхины наймаачид "их мөнгө" олдог хялбар ажил гэсэн үгэнд хууртагдан энэ хэрэгт уруу татагддаг аж. Ганц, хоёр удаа өнөөх хар тамхиа амжилттай хил давуулж, очих хүндээ хүрчихнэ ингээд тэд цааш даварч улс дамнасан хар тамхины худалдаачин болж орхисон. Гэвч олон хавар нэгэнтээ гэгчээр нэг л өдөр баригдаж тээвэрлэж явсан улсынхаа шоронд ямар ч өршөөлгүйгээр 5-15 жилийн ял эдэлнэ.

Анх 2000-2008 онд манай улсын 10 гаруй иргэн Хятадын нутаг дэвсгэрт хар тамхины хэрэгт холбогдож байжээ. Харин сүүлийн жилүүдэд энэ тоо эрс өссөн юм. 2012 онд гаднын оронд хар тамхи зөөвөрлөж яваад баригдсан манай улсын 40 гаруй иргэн байсан гэдэг. Үүний дийлэнх нь БНХАУ-д баригдсан аж. Бусад нь Малайз, Сингапур, Унгар зэрэг оронд хоригдон ял эдэлдэг. Үүнээс гадна монгол улсын нутаг дэвсгэрт хар тамхи мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл биедээ авч явсан болон зарж борлуулах үедээ баригдсан хэрэг энэ аравдугаар сард нэлээд хэдэн удаа гарлаа. 

Баримт нэг: Аравдугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 16-р хорооны нутагт дэвсгэрт байрлах Playback интернет тоглоомын газарт иргэн Ч,М, Б,А,Г,Б нар нь 350 грамм орчим мансууруулах үйлчилгээтэй канабис төрлийн ургамлыг хууль бусаар олж авч, хадгалан хэрэглэсэн.

Баримт хоёр: Аравдугаар сарын 15-ны өдөр 15-р хороонд оршин суудаг иргэн А гэгч нь 23 грамм Канабисийг иргэн С-аас хууль бусаар олж аван хадгалж байсан. Улмаар иргэн С нь иргэн М,А нартай бүлэглэн мансууруулах төрлийн канабис төрлийн ургамлыг хууль бусаар олж авч зарсан үйлдлийг нь шалгаж байна. Эдгээр иргэдээс 1кг 629 грамм канабисыг хураан авсан.

Баримт гурав: Аравдугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 12-р хороонд оршин суух иргэн Л,М,нар нь хар тамхи мансууруулах төрлийн мөс буюу ICE-ийг хууль бусаар Монгол улсын хилээр нэвтрүүлж, зарж борлуулсан хадгалсан үйлдлийг цагдаагийн байгууллага илрүүлэн шалгаж байна.

Баримт дөрөв: Аравдугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 4-р хороонд оршин суух иргэн Ч гэгч нь 8кг Канабис буюу мансууруулах төрлийн ургамлын хууль бусаар олж авч хадгалсан гэмт хэргийг үйлдсэн этгээдүүдэд МУ-ын эрүүгийн хуулийн тусгай ангийн 192.2-оор сэжигтнээр баривчлан шалгаж байна.

Нэг сарын хугацаанд олон залуус хар тамхитай холбогдож байгаа нь эл хэрэг газар авч манай улсаас холуур байсан үе аль хэдийнээ өнгөрсөний тод жишээ. Олон сайхан аав, ээжийн хүүхдүүд амьдралынхаа сайхан байх мөчийг төмөр торны цаана нь өнгөрүүлэхээр болж байгаа нь харамсалтай.  Зөвхөн 14 хоногийн хугацаанд нийт 11 кг Канабис буюу мансууруулах төрлийн ургамал 34 грамм ICE буюу мөсийг хураан авч байна гэдэг бага биш тоо. Энэ он гарсаар цагдаагийн байгууллага эл төрлийн 44 гэмт хэрэгт 123 хүнийг холбогдуулан шалгаж байна. 123 сэжигтэний ихэнхи нь 20-35 насны ид хийж бүтээн хөдөлмөрлөх насан дээрээ чөлөөт амьдралаас ялтан болж байгаа нь эмгэнэлтэй. 

Монгол залуус энэ төрлийн гэмт хэргээс болж БНХАУ, Малайз, Тайвань зэрэг улс орнуудад ял эдэлж шоронд эх орноо санагалзан суугаа. Тэднийг нэг насандаа арилахааргүй хийсэн хэргээсээ болоод төмөр торны цаана сууж байхад нь энд ээж, аав нь үр хүүхдийнхээ араас шаналан буй. Та хэн нэгний ятгалгаар болон мөнгөний төлөө хэзээ ч бүү гэмт хэрэг хий. 

Х.Даваа


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх