Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 03 сар 15
АНУ болон Канад Улсад ажлын айлчлал хийсэн Сангийн сайд Б.Болор айлчлалынхаа хүрээнд АНУ-ын Вашингтон хотод Дэлхийн банкны ерөнхий захирал Шри Мульяни Индравати, Захирлуудын зөвлөлийн гүйцэтгэх захирал Хинам Чой нарын удирдлагуудтай уулзалт хийж, Монгол Улсын макро эдийн засгийн өнөөгийн байдал, Засгийн газраас төсөв, санхүүгийн чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, 2016 оны улсын төсвийн талаар мэдээлэл өгч харилцан санал солилцлоо.
Ерөнхий захирал Индравати нь 2005-2010 онд Бүгд Найрамдах Индонез Улсын Сангийн сайдын албыг хашиж байсан бөгөөд тус улсын санхүү, эдийн засгийн томоохон шинэчлэл, өөрчлөлтүүдийг хэрэгжүүлж, олон улсын санхүүгийн хямралыг даван туулахад голлох үүрэг гүйцэтгэсэн хүн юм.
Тэрбээр Монгол Улсын өнөөгийн нөхцөл байдлыг төсвийн орлого буурч, санхүү, эдийн засгийн хүндрэлтэй, төсөв хумигдсан, орлого өндөр байх үед хэрэгжүүлэхэд хүндрэлтэй, хэцүү боловч урт хугацаанд тогтвортой байдлыг хангах суурийг бүрдүүлэхэд нэн шаардлагатай төсөв, сангийн зохицуулалт, бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээг авах тохиромжтой цаг үе гэж үзэж байгаа бөгөөд Монгол Улсын Засгийн газар, Сангийн яам үүнийг төсвийн зохистой бодлого хэрэгжүүлэх боломж болгон ашиглаж, одоогийн хүнд хэцүү нөхцөлд зөв, зоримог алхам гарган шуурхай ажиллаж байна гэж дүгнэсэн байна.
Монгол Улсын Засгийн газар энэ чиглэлийн бодлогоо үргэлжлүүлэн тууштай ажиллахад Дэлхийн банкны зүгээс бүх талаар дэмжиж ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн бөгөөд Монгол Улс Дэлхийн банкны гишүүнээр элсэж, нийгэм, эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийг гүнзгийрүүлж, зах зээлийн эдийн засгийн тогтолцоог хөгжүүлэхэд идэвхтэй хамтран ажиллаж ирсэн 25 жилийн ойг тохиолдуулан өнгөрсөн хугацааны ажлаа дүгнэж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлүүдийн талаар хэлэлцэж, ойг үр дүнтэй, бүтээлч байдлаар тэмдэглэн өнгөрүүлэх талаар санал солилцлоо.
Талууд Дэлхийн банкны бүлгийн байгууллагууд болох Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк, Олон улсын санхүүгийн корпораци, Олон талт хөрөнгө оруулалтыг баталгаажуулах байгууллагын зээл, зээлийн баталгаа зэрэг санхүүгийн бүтээгдэхүүнийг цаашид судлан ашиглах талаар хэлэлцэж, уул уурхайг дагасан үйлдвэрлэл, үйлчилгээ, нийлүүлэлтийн сүлжээг хөхүүлэн дэмжих, үүнтэй зэрэгцэн олон тулгуурт эдийн засгийн тогтолцоог хөгжүүлэн бэхжүүлэх чиглэлд өргөн хүрээтэй хамтран ажиллах тал дээр санал нийлсэн бөгөөд Сангийн сайд Б.Болорын зүгээс Монгол Улс богино хугацаанд уул уурхайн бүтээгдэхүүний үнийн уналтаас хамаарч эдийн засгийн хүндрэлтэй тулгарч байгаа хэдий ч дэд бүтэц, уул уурхайн томоохон төслүүд хэрэгжсэнээр дунд болон урт хугацаанд нөхцөл байдал эерэг төлөвтэй байгааг дурдаад нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлаар нэгдсэн ойлголтод хүрч санхүү, төсвийн зохистой бодлого хэрэгжүүлэхээр Засгийн газар чармайлт гарган ажиллаж буйг онцоллоо. Мөн УИХ-ын чуулганаар Ирээдүйн өв сангийн тухай хууль батлагдсан, төрийн өмчийн удирдлагын асуудал Сангийн яаманд шилжсэн, гааль, татварын байгууллагуудыг нэгтгэсэнтэй холбогдуулан баялгийн сангийн институтийг бүрдүүлэн хөгжүүлэх, засаглалыг бэхжүүлэх болон экспортын хөгжлийг дэмжих, төсвийн хөрөнгө оруулалт, төсвийн дунд хугацааны төлөвлөлтийг боловсронгуй болгох чиглэлд тодорхой төслүүдийг хэрэгжүүлэх санал тавьсан бөгөөд Дэлхийн банкны холбогдох салбар байгууллага, нэгжүүдийн хүрээнд дурдсан чиглэлүүдэд шаардлагатай судалгаа, бэлтгэл ажлыг эхлүүлж, шуурхай ажиллахаар тогтсон байна.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.