1996 ОНЫ ОСОЛ

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 03 сар 21 ・ 5

527-1365041303middle_1

Саяхан нэгэн захиа хүлээн авлаа. АНУ-аас Патрисиа Петерсон хатагтай бичжээ. Тэрбээр уг захидалдаа “Та бид 1996 оны зун Хөвсгөл аймгийн нутагт нисдэг тэрэгний осолд орсон. Бидний 18 хүн байснаас 11 нь америк эмэгтэй, долоо нь монгол эрэгтэй. Бид бүгд бурхны авралаар амь гарснаас хойш 20 жил өнгөрчээ.

Одоо энэ 18 хүний хэн нь хаана байгаа тухай мэдэх сэн. Америк хэдийнхээ сургийг би гаргаж байна. Харин монгол анд нөхдийнхөө тухай мэдэх юм алга. Та энэ тухай болон бидний хамтын аялалд оролцож байсан талаараа дурсамж бичиж надад илгээнэ үү. Амь гарсныхаа 20 жилийн ойд зориулан би ном гаргах гэсэн юм” гэжээ.

Энэ захиаг аваад 20 жилийн тэртээх явдлаа эргэн санав. Сэтгэл ч хөдөллөө. Үнэхээр бурхан тэнгэрийн авралаар л бид бүгд амь гарсан байх. Энэ бол мартах учиргүй, амин чухал, азтай явдал гэж тухайн үед бодож, итгэж байв. Гэтэл үүнийгээ таг мартчихаад, хүн хэлсний хүчинд л эргэн санаж байдаг. Хүний амьдрал аа гэж…

Патрисиа Петерсон хатагтайн хүсэлтийг нь хүлээн авч, болсон явдлын талаар товч дурсамжаа түүнд илгээв. Тэр явдал манайханд ч бас сонин байх болов уу хэмээн бичсэнээ монголчлоод нийтэлж байна.

1996 оны хаврын нэгэн өдөр АНУ-аас Марта Эйвэри утастлаа. Дорнын урлаг судалдаг тэр хүүхэнтэй би Сиэтлд байхдаа танилцсан. 1993-1995 онд би тэнд Вашингтоны их сургуулийн судалгааны нэг хүрээлэнд ажиллаж байсан юм. Мэнд мэдээд Марта хатагтай ярьж байна:

-Баяр аа, би чамаас нэг юм хүсье. Америкийн эмэгтэй загасчдын холбооны хэсэг гишүүн энэ зун Монголд очиж загасчлах юм сан, тул барьж үзэх сэн гээд байгаа юм. Энэ аяллыг зохион байгуулахад туслаач. Чи өөрөө загасчлах дуртай, ээжийгээ дагаад Монголын бараг бүх гол мөрнөөр явсан гэдэг биз дээ.

-Мартаа, би загасанд явах дуртай нь үнэн. Гэхдээ би өөрөө тааваараа явдаг болохоос өрөөл бусдын аялал зохион байгуулж үзээгүй. Тэгээд ч би зав чөлөө муутай байна. Энэ зун болох УИХ-ын сонгуульд нэр дэвшинэ. Уучлаарай, үнэхээр чадахгүй нь гэлээ.

Гэтэл Марта санаснаасаа амархан буцдаг хүн биш аж. Хэдэн өдөр угсруулан утастаж, факс, захидлаар намайг дарав. “Тэр аялал нь танай сонгууль өнгөрсний дараа, наймдугаар сард төлөвлөгдсөн, түүнийг нь зохион байгуулчих жуулчны найдвартай компани олдохгүй байна” л гэнэ. Сүүлдээ бүр “Аялалд оролцох америк хатагтай нар маань нэрээ ил гаргахыг үл хүсдэг, хөрөнгө бэлтэй, нөлөө бүхий хүмүүс байгаа юм аа” гэж гуйв.

Эцэст нь би бууж өглөө. Тэгээд ч би энэ зуур өөрийн найз, “25 дугаар суваг” телевизийн захирал З.Алтайтай ярьчихсан байв. Түүнд учраа тоочтол “Авч орхиё л доо, өвгөөн. Аавын урилгаар ирдэг гадаад, дотоодын хэдэн уулчдыг зохион байгуулж болдог юм, наад хэдийг чинь болох байлгүй дээ.

Харин дан хүүхнүүд гэдэг чинь л жаахан тийм байна. Маяглаад унавал хэцүү шүү” гээд цог цог шогширч байна. Тэгснээ “Гэхдээ тэрнийг нь давчихвал гайгүй биз. Манай хэдэн уулчид бол бүдүүн баргийн улс. Тэдний жишгээр л авч орхиё. Сүйдтэй юм байхгүй” гэжнамайг зоригжуулав.

Ингээд бэлтгэл ажил өрнөв. Аяллын тов, чиглэл, бас бус юмаа тохирлоо. Нэг долоо хоногийн хугацаанд Архангай, Хөвсгөлийн чиглэлд хоёр мянга гаруй километр туулах учраас нисдэг тэрэг захиалахаас өөр арга байсангүй. Унаа сайтай, экипаж туршлагатайг нь бодож хилийн цэргийнхэнтэй тохиров.

Алтайгийн аав, алдарт уулчин Зориг гуайн уулын багийнхнаас хал үзэж, хашир суусан хээрийн хөтөч, тогооч сонгож авав. Бэлдэх хугацаа хангалттай, базаах ажил эзэнтэй тул бүх юм сайхан болно хэмээн төсөөлөгдөж байлаа.

1996 оны зургадугаар сард УИХ-ын ээлжит сонгууль болж би өвдөг шороодов. Ганц би ч биш, нам маань тэр чигээрээ шахам хусуулчихсан гонсгор сууж байтал аяллын хугацаа тулаад ирлээ. Наймдугаар сарын эхээр нөгөө хэдэн “нөлөө бүхий” америк хатагтай нар Буянт-Ухаад газардлаа. Өмссөн зүүснээс нь өмч хөрөнгө нь мэдэгдэх биш, энд, тэнд явж байдаг жирийн жуулчид шиг л санагдав.

Хот орох замд “ПАЗ” автобусанд тухлангаа Марта надад шивнэж байна. “Чамд л хэлж байгаа юм шүү. Тэр нүдний шилтэй нь тэрбумтан Билл Гэйтсийн хойт эх Мими. Тэр ногоон хантаазтай нь Нью-Йоркийн уран зургийн галерейн эзэмшигч. Тэр дэгжин малгайтай нь зочид буудлын том сүлжээний эзэн” гэх мэтээр зочдоо эчнээ танилцуулав.

“Дан саятнууд юм биз дээ” гэтэл Марта “Дор хаяж саятан. Зарим нь бүр мулти-саятан” гэж гайхуулав. Марта ч хөрөнгө бэлтэй айлын ганц охин гэдгийг нь би мэднэ.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

5 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 03 сар 31/

    Хэдийгээр хагамсалтай бас их азтай үйл явдал болсон ч хамгийн гол нь энэ нийтлэлийг үншсан чинь гоё уран зохиолын ном үншсан юм шиг сайхан сэтгэгдэл төрлөө.маш энгийн мөртлөө өгүүлэмж сайтай,гоё санаатай сайхан нийтлэл байна

    Хариулах
  • kkk / 2016 03 сар 22/

    Shorond suumar

    Хариулах
  • СБаярын нийтлэлийг 3тай уншилаа сайхан бичсэн байна шүү Бхт-Үүл Гомбосрэн / 2016 03 сар 21/

    С Баярын нийтэлэлийг уншлаа сайхан бичсэн байна үүний өмнө Бат-Үүлийн тухай Гомбосүрэн гауйн тухай мөн бичсэн байсан харин энэ удаад Сугар хурандаагын тухай сайхан бичсэн байна баярлалаа хүнлэг сайхан хурандаа байсан билээ

    Хариулах
  • Уншигч / 2016 03 сар 21/

    Адал явдалтай кино шиг юм болжээ. Хамгийн гол нь манай нисэхийн мэргэжлийнхэн осол орсон нисдэг тэргээ шөнөжин засаад өглөө нь нисээд ирдэг сонирхолтой, бахархалтай санагдлаа.

    Хариулах
  • Монгол хүн / 2016 03 сар 21/

    Нийтлэлийг уншилаа ,нэг их гойд зүйл алга . Харин гойд зүйл бол таны төр барьж байхдаа гэрээ хэлцэлийг хийж гарын үсэгээ зурсан ОТ , монголчуудад асар их ашигтай гэж Сан овогт Баярцогт та 2-н батлаад мэдэгдэл хийгээд байсан асуудал шүү! Та ямар нүүрээрээ монголд ирдэг ,нийтлэл бичээд л өөрийгөө рекл

    Хариулах