Би хэрхэн ажилладаг вэ?” – Барилга, хот байгуулалтын сайд асан, дипломатч Д.Цогтбаатар

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 03 сар 23 ・ 7

 

 
 

Таны ажлын хамгийн онцлох арга барил?

Баримтанд суурилан шийдвэр гаргахыг хичээдэг. Ямар ч салбарт ажилласан, хуучирсан юм уу хоцрогдох шинжиндээ орсон, удчихсан тогтолцоог хэрхэн өөрчилж болох вэ гэж хардаг.

Гадаад яаманд ажиллаж байсан үеэрээ жишээ авч, гадаад бодлогыг эдийн засагжуулах хөтөлбөр хэрэгжүүлсэн талаараа ярьж болно. Нэлээн удаан ярьсан ч хэрэгжиж чаддаггүй байсан тэр хөтөлбөрийн санаа нь яамны зарцуулж буй төсвийн нэг төгрөгөөр хэдэн төгрөг олж, эргүүлэн төсөвт татаж байна вэ гэдэг л байсан юм. Тооноос хөндий хүмүүс эхэндээ бага зэрэг эргэлзэж байсан ч элчин сайдын яамд, газруудаар бүх түвшинд тооцож, тоо баримтад суурилсан шийдвэр гаргалтууд хийхээр зүтгэсэн. Үр дүнд нь яамны зарцуулж буй нэг төгрөг нь 7 төгрөг болон эргэж төсөвт ордог гэсэн үр дүн гарсан. Дипломатуудыг нэг л их вино ууж, гадуур зугаалж явдаг, төсвийн мөнгө үрэн таран хийдэг гэсэн нийтэд хэвшсэн түгээмэл ойлголтыг эвдэхэд их нөлөөлсөн байх. АНУ-ын Засгийн газрын Мянганы сорилын сангаас 250 сая долларын санхүүжилт авах болсон нь цэвэр гадаад бодлогын үр дүн байсан. Тэр үед яамны нийт төсөв 30 хүрэхгүй сая доллар байсан шүү дээ.

 

Та хамгийн их ашигладаг, ашиглах дуртай програм, аппликэйшнүүдээсээ нэрлэнэ үү?

Notepad-ийг хамгийн их ашигладаг. Яг л миний цахим нарийн бичиг шиг сүүлийн 10 гаруй жил надтай хамт байгаа апп гэж хэлж болно. Энд миний бүх тэмдэглэлүүд, санаа оноо, ажигласан зүйлс минь бий. Яг одоо би 4, 5 жилийн өмнөх тэмдэглэлүүдээ ч харчихаж чадаж байна.

Мэдээж сошиал апп-уудыг тодорхой хэмжээнд ашиглана. Ер нь бол календар, и-мэйл, сэрүүлэг зэрэг утасныхаа үндсэн апп-уудыг их сайн ашигладаг. Мөн Viber, Dropbox, S Health зэрэг апп-уудыг онцолъё.

Та ажлын өрөө, орчноо дүрсэлнэ үү?

 

Цаг хэмнэх хамгийн сайн арга тань юу вэ?

Замд, машинд явж байх үедээ уншиж, танилцах ёстой зүйлсээ унших, явуулах ёстой имэйлүүдээ түргэн бичих нь өнөөдрийн түгжрэлтэй Улаанбаатарт шалгарсан арга болж байх шиг байна. Мөн төлөвлөсөн ажлаа ямар ч үнээр хамаагүй, шөнө орой болсон ч ажралгүй дуусгах дуртай. Энэ нь ажлаа зөв төлөвлөж, цагаа зөв хуваарилахад хэрэгтэй байдаг.

Та хийх ажлын жагсаалтаа хэрхэн хөтөлдөг вэ?

Самбар их ашигладаг. Самбар дээр асуудлаа тодорхойлж, түүнээсээ хийх ажлын жагсаалтаа гаргах дуртай. Мөн өмнө дурдсанчлан гар утсан дээрээ их зүйл тэмдэглэдэг. Гэвч яг үнэндээ холыг харж төлөвлөх боломж өнөөгийн нөхцөлд хомсхон байна. Урт хугацааны төлөвлөгөө гаргаж болох ганцхан зүйл нь “Зөв хүн байх, буруу зүйл хийхгүй юмсан” гэсэн үзэл санаа юм байна гэж бодогдох болсон.

 

Та бусдаас юугаараа давуу байж чаддаг вэ?

Тэвчээр. Ямар ч үед тэвчээртэй байж чаддаг нь л миний давуу тал даа. Ер нь хэнд ч давуу тал болно, тэвчээр бол. Ялангуяа залуучууд тэвчээртэй байж сурах хэрэгтэй. Шууд л амжилтанд хүрч, богино хугацаанд зорилгодоо хүрэх гээд улайран дайрдаг. Гэвч бүх зүйл хүслээр болохгүй нь элбэг. Тийм үед тууштай, шантралгүй байж, хамгийн гол нь өөрийгөө сайн бэлдэх нь чухал. “Өглөө хурдан болоосой” гээд хичнээн их хүсэвч нар гардаг цагтаа л гарч, өглөө болдгоороо л болдог шүү дээ. Сэтгэл хөдлөлөө дарж, элдэв зүйлд баясаж догдлолгүй, тэвчээртэй байж ажлаа ахиулах нь чухал.

Ахуйн хувьд хоол гайгүй хийдэг байх гэж боддог. Австралид оюутан байхдаа хичээлийнхээ хажуугаар хагас цагийн ажил хийж, гэртээ ихэвчлэн хоол хийдэг байсан. Гэрийнхэн онгироогоод ч байгаа юм уу, гололгүй амтархан иддэг байсан юм. Гэхдээ би хоол хийхдээ уламжлалт орцоор биш, бодож байгаад л байгаа зүйлсээ хольж, холион бантан шиг, өвөрмөц хоол хийдэг.

Таны хийж буй ажлын онцлог юу вэ? Эерэг сайн ба хэцүү бэрхшээлтэй талууд?

Төрийн албанд ажиллаж байгаа хүмүүсийн чадавх ерөнхийдөө суларч байгаа юм уу даа гэж хардаг. Төрд мэргэшил, мэргэжлээрээ өрсөлдөж, түүндээ суурилж урамшуулагддаг тогтолцоо алга. Шийдвэрүүд нь хэтэрхий их дарга нараас хамаардаг болж. Хуулинд захирагдсан зах зээлийн эдийн засаг, хуулийг дээдлэх тогтолцоо гэж манайд алга болчихоод байна. Хурган дарга болгон хүнд сурталдаж, тэр суудалдаа мөнх суух юм шиг аашлах нь ихэд эмзэглүүлдэг. Энэ байдал эдийн засгийг нэлээн хэдэн функтээр хойш татаж байна. Энэ бүгд ёс суртахууны асуудал гэж хэлж болно. Мөнгө л хийж байвал, ажил нь бүтэж байвал гэсэн шиг хандлага хавтгайрчээ. Дараа нь уулзана, ахиж хамтарна, ажил хийнэ гэдгээ “ухаж” боддоггүй нэг удаагийн хэлцлүүдээр л эдийн засаг “амьдарч” байна шүү дээ.

Нийгэм, эдийн засагтай холбоотой асуудлуудыг бол засаж болно. Гэтэл ёс суртахууныг төлөвшүүлнэ гэдэг ганц нэг арга хэмжээгээр зохицуулчихдаг зүйл биш, суурь зан төлөвтэй холбоотой урт хугацааны ажил. Гэр бүлийн хүмүүжил, сургуулийн хүмүүжил, хуулийн үйлчилгээ бүгд нийлж байж, хүний ёс суртахуунд нөлөөлж чадна. Энэ бол төрөлхийн биш төлөвшиж байдаг зүйл. Ийм байдал гадны хөрөнгө оруулалтад бүр ч сөргөөр нөлөөлж байна. Аль аль тал нь жаахан асуудал гарах юм бол “мурьчихна даа” гэж бодоод байхаар чинь яаж ажил явах вэ дээ. .

Эерэг сайн тал мэдээж бий. Монгол улс эрх чөлөөт ардчилсан орон. Энэ бол маш том үнэт зүйл. Тусгаар тогтносон, ардчилсан, иргэд нь эрх чөлөөтэй байна. Иргэдийн суурь боловсрол өндөр, ажиллах чадвар сайн, шинэ зүйл сурах, сэтгэх нөөц бололцоо ч давгүй. Монголчуудыг ажилсаг биш, залхуу л гэдэг. Гэтэл гадаадад хамгийн сайн ажиллаж байгаа хүмүүс нь монголчууд л байдаг. Зөв зохион байгуулж чадахгүй, хүний хүчин зүйл л байх шиг байна.

 

Та яг одоо юун дээр төвлөрөн ажиллаж байна вэ?

Австралид сургууль төгсөж ирээд байгуулсан Xillion компани маань хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээ үзүүлдэг. Гадны хөрөнгө оруулагчдыг татаж, хэд хэдэн шинэ салбарыг нээж, шинэ төслүүд хэрэгжүүлэхээр хичээн ажиллаж байна. Гэхдээ уул уурхай руу биш, жижиг бизнес, үйлдвэрлэл, үйлчилгээ рүү төвлөрч байгаа.

Саяхан СБД-ийн МАН-ын хорооны дарга болсон. Ажлаа хүлээж аваад зохион байгуулалт дээр төвлөрөн ажиллаж байна. Шинэлэг сэтгэлгээ, эв нэгдэл, идэвх санаачилга дээр ахиц гаргах зорилго тавиад л ажиллаж байна.

Та төрийн албанд олон салбарт хариуцлагатай алба хашиж явсан. Өөр өөр салбарт амжилттай ажиллаж байсны нууц юунд байна вэ?

Сурсан сургууль, олж авсан боловсрол минь ямар ч салбарт ажралгүй, дасан зохицох боломж олгодог гэж боддог. Миний хувьд Москвагийн Олон Улсын Харилцааны Дээд Сургуулиас гадна Австралийн Үндэсний Их Сургуульд хуулийн зэрэг хамгаалсан. Харвардаас эхлээд Герман, Швейцарь, Голландад мэргэжил дээшлүүлж, үргэлж өөрийгөө хөгжүүлэх гэж зорьж байдаг.

Та ажиллаж байх үедээ ямар хөгжим сонсдог вэ? Ямар төрлийн хөгжим таныг эрч хүчтэй болгодог вэ?

Оюутан байхдаа бол манайд төдийлөн дэлгэрч амжаагүй байсан барууны хөгжимд хорхойсч, рок голдуу дуунд дурлаж байлаа. Төрд ажиллаад тэмүүлж сонирхохоо больсон ч дуу сонсож, амрах дуртай. Болд, Ариунаа, Хурд, Харанга зэрэг хамтлаг дуучдын дуунууд аятайхан санагддаг. Гаднаас бол Жэймс Блантын дуунууд их зүгээр шүү.

 

Та яг одоо ямар ном, нийтлэл уншиж байна вэ?

Хамгийн сүүлд Билл Брайсоны “Шинжлэх ухааны товч түүх” номыг уншлаа. Шинжлэх ухааны талаарх цэгцтэй мэдлэгийг их сонирхолтой байдлаар хүмүүст хүргэсэн ном. Мөн Израйл улсын стартап, гарааны бизнесийн экосистемийг хэрхэн хөгжүүлсэн, хөгжүүлж байгаа тухай “Startup Nation” номыг уншсан юм байна. Яг одоо бол эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан дэлхийн түүхэнд гарсан сургамж, жишээ кэйсүүдийг агуулсан “I Told You So“, “History of The Worst Predictions“, “Poor Economics” зэрэг номуудыг судалж байна.

Олон улсын харилцаа сонирхож буй залууст энэ чиглэлийн классикууд болох С.Хантингтоны “Clash of Civilization“, Х.Никольсоны “Diplomacy“, Ф.Фукуяамагийн “The End of History and The Last Man” номуудыг заавал уншихыг зөвлөе.

 

Дипломатч хүнд гадаад хэлний өндөр мэдлэгтэй байх нь чухал ач холбогдолтой байдаг. Таны хувьд ямар ямар хэлийг эзэмшсэн бэ?

Би англи, орос, герман хэлээс гадна тайланд, камбож хэлээр чөлөөтэй ярьдаг. 1988 онд Гадаад явдлын яамнаас надад камбож хэлний ангид томилолт өгч явуулсан юм. 5 жилийн төлөвлөгөө ёсоор би сургуулиа төгсөж ирээд, Камбож дахь элчин сайдын яам руу явах байсан хэрэг. Гэтэл засаг солигдож, тэр төлөвлөгөө ч байхгүй болсон. Надад ангиа өөрчлөх боломж байгаагүй ч гэсэн энэ нөхцөл байдлаа хэрхэн давуу тал болгож болох вэ гэдэг утгаар нь бодож тай хэлийг нэмж сурах шийдвэр гаргасан юм. Тэгэхээр Монгол хэлээ оруулбал зургаан хэлээр ярьдаг гэж хэлж болно.

 

Та илүү нээлттэй хүн үү, эсвэл дотогшоо хүн үү? Энэ нь таны ажилд яаж нөлөөлдөг вэ?

Ер нь бол нээлттэй хүн. Гэхдээ дипломат хүн ямар нөхцөлд ямар байх шаардлагатайг маш сайн мэддэг, цаанаасаа бэлтгэгдсэн байх ёстой байдаг юм. Гадныхантай хэлэлцээр хийж байх үед уур амьсгалаа маш сайн мэдэрч, түргэн сэтгэж хурдтай шийдвэр гаргах хэрэгцээ их гардаг. Дипломат хэлэлцээрт нэг ч илүү үг хэрэглэгдэггүй, үг бүр асар их утга агуулсан байдаг онцлогтой. Үг гэдэг бол бодлын толь. Ямар үед ямар үг хэрэглэгдэв, түүний цаана ямар утга илэрхийлэгдэв гэдэг утгаар нь үргэлж тооцоолол хийх шаардлага гарна. Шаардлагатай үед уур амьсгалыг зөөллөж ярианы сэдэв өрнүүлнэ, эсрэг тохиолдолд нөгөө талын “довтолгооноос” бултаж, өөрийгөө татаж, үгийг нь шингээж, сонсох хэрэг ч гарна.

Та хэдээс хэдэн цагийн хооронд унтдаг вэ?

Яг одоогоор төрд ажиллахгүй байгаа учир харьцангуй чөлөөтэй байна. Шөнийн нэг цагаас наана унтахгүй дээ. Хийх ёстой ажлаа дуусгаж байж л амарна. Өглөө бол найм гээд босно. Ямар ч үед түргэхэн хугацаанд “дуг” хийгээд сэргэдэг зуршил надад бий. Үнэхээр их ажилтай, ачаалалтай үед яг л 15 минутанд тархиа амраагаад сэргэчихдэг.

Таныг ажиллаагүй үед тань хаанаас олж болох вэ?

Тийм үедээ гэрийнхнээсээ өөр хүмүүст олдохыг хүсдэггүй. Тэгэхээр гэрээсээ л олдох байх даа. Ер нь бол долоо хоногтоо нэг удаа жүдо барилдаж, хөлсөө гаргадаг. Бүр багаасаа сонирхож, барилддаг болсон.

Та хэнээс, юунаас урам зориг, эрч хүч авдаг вэ?

Гэр бүлийнхнээсээ хамгийн их урам зориг авдаг. Ойр дотныхон маань надад үргэлж эрч хүч өгдөг.

Таны амьдралдаа авч байсан хамгийн сайхан зөвлөгөө юу вэ?

Аавын минь “Ажилсаг бай” гэж байнга хэлдэг байсан нь миний баримталдаг зарчим болж тогтсон. Аав минь их ажилсаг, зогсоо зайгүй хөдөлмөрлөдөг хүн байсан юм. Бүтэхгүй байсан ч ажиллаад л байвал бүтдэг гэсэн санааг толгойд минь бат суулгаж өгсөн. Үүнийг л үргэлж санаж, хэрэгжүүлэх гэж хичээж явдаг даа.

Та энэ буланд хэнийг урьж, ажлын арга барилтай нь танилцахыг хүсч байна вэ?

Б.Наранзуны ажлын арга барилтай танилцвал их сонин байна. Маш бүтээлч, зүгээр суухгүй, үргэлж л шинийг сэдэж

Эх сурвалж: www.unread.today


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

7 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 03 сар 30/

    сайн бэлтгэдсэн мундаг дипломатч салбарын сайдаа хийвэл өгөөж нь илүү.таныг дэмждэг шүү.амжилт хүсье.бурхан болсон миний ахын найз

    Хариулах
  • Зочин / 2016 03 сар 28/

    Энхбаярын дотнын зөвлөгч байсан, Сү.Батболд хорймоноос салдаггүй, эхнэр нь нөгөө Оджаргалын компанийн нээх үнэтэй эмнэлгийн дарга, өөрөө бага зэргийн зальтай гэхдээ орчин үеийн луйварчдын нэг шүү дээ,

    Хариулах
  • Зочин / 2016 03 сар 27/

    Ирээдүйн Ерөнхий сайд, Ерөнхийлөгч байж чадах залуу

    Хариулах
  • Зочин / 2016 03 сар 27/

    Энэ чинь блиц анкет юм уу. Сурталчилгаа эхэлчихсэн юм уу аан.

    Хариулах
  • Батбаяр / 2016 03 сар 25/

    Маш ирээдүйтэй улс төрч гэж боддог.. Байгаль орчны яаманд ажиллаж байхдаа Арьс ширний үйлдвэрүүдийн цэвэрлэх байгууламжуудын хоцрогдсон технологи нь хэрхэн туул голыг бохирдуулж буй талаар хэлэлцүүлэг зохион байгуулж тэдэнд шинэ дэвшилтэт технологууд судлан санал болгож байсан нь маш их таалагдсан..

    Хариулах
  • Зочин / 2016 03 сар 25/

    Маш ирээдүйтэй залуу туйлширдагүй баримтанд тулгуурлан ярихыг нь нэг биш сонсож бхйлаа

    Хариулах
  • Зочин / 2016 03 сар 24/

    Боловсролтой мэдлэгтэй сайн дипломатч залуу сайдаа хийж байсан бол их зүйлийг хийх байсан гэж иргэн хүний хувьд дүгнэж явдаг

    Хариулах