Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 03 сар 24
・ 4
Өчигдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж твиттерийн жиргээчдийн болоод нүүр номны идэвхтэй хэсгийн төлөөлөл болох 150 хүнтэй уулзлаа. Төрийн тэргүүн энэ уулзалтаараа хэд хэдэн ноцтой мессеж хаялаа.
- Эхнийх нь мэдээж Монголын улстөрд байгаа хуулиас зугатдаг хоёр хүний тухай.
- Дараагийнх нь "би Тавантолгойг Х.Баттулгад өгөөгүй" гэдэг мессэж байлаа.
Түүний уулзалттай зэрэгцээд хэвлэлүүдээр УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболдод баярлалаа хэмээх зулгуйдсан бичвэрүүд ч тархлаа. Үүний гол утга нь З.Энхболд Тавантолгойг Монголын ард түмэнд үлдээсэн юм гэв. Ийнхүү Тавантолгойг би л авч үлдлээ хэмээн булаацалдах нөхдүүд тодорсоор байна.
Ц.Элбэгдорж: "Би Тавантолгойг авъя гэж надад Баттулга хэлж байсан. Гаднын хөрөнгө оруулагчид чамайг итгэлтэй найдвартай түнш гээд сонгоод явбал чи ав л гэсэн" гэв. Эндээс харвал Тавантолгойг Ц.Элбэгдорж мэдээд хэн нэгэнд өгчих боломжтой мэт. Үнэхээр Ц.Элбэгдорж Тавантолгой дээр Х.Баттулгыг дэмжээгүй бол түүнтэй тэмцэлдэж буй ММС буюу “Энержи ресурс”-ын Ж.Оджаргалыг дэмждэг бололтой.
Тэр "Төр рүү орох гэж байгаа бол хулгай л битгий хий. Хулгай хийвэл хуулийнхныг зогсоох гэж явахгүй ээ. Ганцхан хулгай л битгий хий.
Намайг хуулийн хяналтыг зогсоосонгүй гэж баахан хэлж байна. Би зогсоохгүй ээ. Тэгэж яривал Х.Баттулга, Ж.Оджаргал хоёулаа Баянхонгорынх шүү дээ.
Хэрэв нүүрсээ ашигласан бол 60 гаруй мянган хүн ажилтай болж, Монголын ард түмний орлого ийм хэмжээнд очихгүй байсан. Одоо энэ тухай яриад яах юм бэ. Улстөрч нь улс төрөө, бизнесмэн нь бизнесээ л хий л дээ. Одоо алдагдсан боломжийг яриад яах юм бэ...” гэж бас хэллээ.
Уг нь Тавантолгойн эзэд нь Монголын ард түмэн гэж бүгд ярьдаг ч цагаа тулахаар ийм л юм ярьдаг нь анхных биш ээ. Тэгвэл бидний хувьд алдагдсан боломжийнхоо тухай ярьж, өөрийнх нь хэлдгээр төр, засгаас энэ мэт нөхдүүдийг явуулмаар байна шүү дээ.
Ерөнхийлөгч цааш нь “Би зөндөө ярилцаж байсан. Надад Тавантолгойг би авъя гэсэн. Энд тодорхой шалгуур тавьж байгаа. Тэр шалгуурыг нь Монголын хүссэн компани болгон хангаж чаддаггүй. Уул уурхайн салбарт туршлагатай байх, хийсэн бүтээсэн ажилтай байх гээд олон шалгууртай.
Гаднаас орж ирэх хөрөнгө оруулагчид нь өөрсдөө хамтарч ажиллах компаниа сонгодог. Хөрөнгө оруулагчид нь тэднийг сонгохгүй байна шүү дээ” гэв. Ийнхүү монголчуудын бүгдийнх нь ганц өмч гэгддэг Тавантолгойг зөвхөн Ерөнхийлөгч мэднэ гэдгээ удаа дараа илэрхийллээ.
Ерөнхийлөгчийнхөөр бол ММС буюу "Энержи ресурс" л Тавантолгойд шалгуур хангаж байсан бололтой. Өнгөрсөн жил Ц.Элбэгдорж "Тавантолгойг УИХ-аар битгий хэлэлц" гэж байсныг ингэж тайлах хүн цөөнгүй байдаг билээ.
Тэгвэл АН-ын дарга З.Энхболд УИХ-ын даргын суудлаа ашиглаад Тавантолгойг таг гацаагаад байгаа. Үүнийг нэг хэсэг хүмүүс гавьяа гээд, түүнийгээ сонгуулийн пиар болгон ашиглаж эхлэв бололтой.
Нээрээ ч бид анх Н.Алтанхуягийн “Шинэчлэлийн” Засгийн газар Тавантолгойг эргэлтэд оруулах тухай тогтоол гарган, түүнийхээ дагуу сонгон шалгаруулалт зарлах үед л Монголоос ганц “Энержи ресурс” л шаардлагыг нь хангах юм байна гэж бичиж байлаа. Нээрээ ч тийм л юм болсон учраас эсрэг талынхан хөдөлж УИХ-аас ажлын хэсэг гарган уг асуудлыг зогсоосон. Тэгвэл эдүгээ “Энержи ресурс” буюу ММС дампуурах гээд зогсож байна. Үүнийг далимдуулаад "...би л Тавантолгойг..." гэж ярих эрх мэдэлтэн олширсон нь энэ.
Тэгэхээр Тавантолгой хэнийх болж таарч байна вэ. Тавантолгой 1072 хувьцаа эзэмшиж байгаа гэж боддог та биднийх лав биш бололтой. Элбэгээ ч өөрөөсөө өгч байгаа юм шиг өгчих боломжтой л байж. З.Энхболд ч санаанд нь таарсан бол өгч л орхих байж гээд бодоход тэр шүү дээ.
Тавантолгойг 14 олигархи хамтраад авчихсан байсныг С.Баяр Ерөнхий сайд, Н.Энхбаяр Ерөнхийлөгч байх үедээ буцааж төрийн мэдэлд авч байсан.
Ингэснээр бид худлаа ч гэсэн 1072 хувьцаа эзэмших эрхтэй болсон гэсэн үг.
Тэгвэл энэ цагийн төрийн "өндөрлөгүүд" хувийнх юм шиг л санадаг ажээ. Ингэхэд Тавантолгой нээрээ хэнийх вэ?
О.Хуяг
gereg.mn
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.