МАХН-ын дарга Н.Энхбаярыг АТГ-аас сэжигтнээр татаж, хуулиин хүрээнд мэдүүлэг авахаар таван ч удаа албан бичиг хүргүүлээд ирүүлж чадсангүй. Н.Энхбаярыг Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ нар батлан даалтад авсан хэдий ч дарга нь “Өмгөөлегчгүй очиж мэдүүлэг өгөхгүй” гээд гүрийчихсэн учраас яаж ч чадахгүй байгаа юм.
Тиймээс өнгөрсөн долоо хоногт АТГ-аас Н.Энхбаярт дахин хууль сануулан байж албадан байцаалт авах тухай бичгийг гардуулах үеэрээ батлан даалтад авсан хүмүүст ч хариуцлага хүлээлгэнэ гэж мэдэгдсэн. Албан бичгийн хариуд тэрбээр “Намайг өмнө нь хууль, шүүхийнхэнтэй үгсэн тохирч хилс хэрэгт ялласан. Тиймээс энэ удаагийн дээдэс, прокурор, шүүхийнхний хамтарч “дэглэсэн жүжиг”-т оролцохгүй.
Та нарын хууль бус үйлдлээс болж надад өмгөөлөгч олдохгүи байна. Хуульчдын холбоонд чадварлаг өмгөөлөгч авах тухай хүсэлт хүргүүлсэн. Намайг 2009 оноос хойш хэлмэгдүүлэхийн тулд мөрдөн байцаалтын ажиллагааг хууль бус явуулсан, үндэслэлгүйгээр ял төлөвлөсөн” гэх байр сууринд бат зогсч байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр “АТГ нь ганцхан Н.Энхбаяртай тэмцэх газар болсон” хэмээж сонгууль дөхсөн энэ цаг үед МАХН-ыг сонгуульд оролцуулахгүй гэсэндээ ийм хууль бус үйлдэл гаргаж’ байгаа хэмээн мэдэгдэж, АТГ-ын мөрдөн байцаагч нарыг хуулийн дагуу ажилладаггүй гэж буруутгаж байгаа юм.
Харин АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн Н.Энхбаярыг өмнөх ялтай хугацаа нь дуусаагүй төдийгүй мөрдөн байцаалтын шатанд түүнийг дахин хэд хэдэн хэрэгт сэжигтнээр татан шалгаж байгаа гэдгийг дуулгасан. АТГ-аас Н.Энхбаярт хоёр ч асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Тухайлбал, МАХН-ын байрны асуудалтай холбоотойгоор түүнийг шалгаж байгаа.
Сүхбаатар дүүргийн I хороонд байрлах “Империал Гоулд” ХХК-ийн өмчлөлийн 900 ам метр талбай бүхий байрыг АНУ-ын иргэд Гинсбургээс худалдан авахдаа залилан мэхлэх арга ашигласан хэрэгт сэжигтнээр татаад байгаа юм. Түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148.4-т зааснаар бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх аргаар авсан гэж эрүүгийн хэрэг үүсгээд буй. Харин дараагийх нь нийслэлийн Прокурорын газрын хянаж байгаад нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан их хэмжээний мөнгөний хэрэг.
АТГ-аас Г.Шийлэгдамбыг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард ажлын өрөөнөөс нь баривчилж, ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид түр саатуулсан. Түүнийг ажпын өрөөндөө 500 сая төгрөг авлигад авах гэж байхад нь үйлдэл дээр нь саатуулсан. Гэвч тэрбээр хоригдож байхдаа биеийн байдал нь муудаж эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн бөгөөд хоёр оны зааг дээр батлан даалтад гарсан юм. Үүнийхээ дараа тэрбээр ил захидал илгээж, мөнгийг авах байсан “цаад эзэн” хэн байсныг илчилж орхисон.
Гэтэл намын дарга нь “Г.Шийлэгдамба авлигын хэрэгт уначихаад нам болон даргынхаа нэрийг барьж хэргээс мултрахыг оролдож байна” гэж үзэж байгаа. Намын санхүүжилт гэх дээрх мөнгөний асуудал шийдэгдээгүй байтал дахиад УИХ-ын гишүүн Л.Цог намын дарга нь мөнгө олох даалгавар өгсөн тухай мэдээлсэн нь түүнийг шалгах бас нэг сэжүүр болсон болов уу.
Б.Дэлгэр
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.