Ж.Батсуурьт дайх Дорноговийн “Ардын үг”

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2016 03 сар 29 ・ 3

УИХ-ын олонхи гишүүн дарааллын дагуу өөрсдөд нь оногдсон минутад тааруулж үгээ хэлчихээд бусдыгаа сонсолгүй утсаа оролдоод суучихдаг, эсвэл гараад явчихдаг юм.

Түүнээс болж үг хэлж байгаа гишүүн нь нөгөөдүүлийнхээ анхаарлыг татах гэж босч зогсох, дуугаа өндөрсгөх гээд олон арга хэрэглэдэг. Энэ жишгийн дагуу нэгэн удаагийн чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ж.Батсуурь үг хэлэхдээ бусдынхаа анхаарлыг татахын тулд “Гишүүд ээ! Намайг хараарай” хэмээн хашгирч байсан удаатай. Тэгвэл одоо зөвхөн гишүүд гэлтгүй, ард түмэн тэр дундаа Дорноговийн иргэд ч түүн рүү харж, хүссэн хүсээгүй анхаарах цаг болжээ. Цаг хугацааны хувьд ч өөрсдийг нь төлөөлж, төр барилцаж байгаа түүний дөрвөн жилийн ажилд нь дүн тавина.

Дорноговийнхны “гүүр” 
Гүүр. Энэ үгийг хоёрдогч утгаар нь ард түмэн өөрсдийнх нь хэлэхийг хүссэн үг, хийхийг хүссэн үйлдлийг бодит ажил болгохын төлөө тэмцэгч хэн нэгэн хэмээн ойлгож хэрэглэх болсон. Дөрвөн жил тутам шинэ “гүүр” барих уу, эсвэл хуучин “гүүр”-ээ дахин ашиглах уу гэдгээ шийддэг. Эсвэл бүр нураадаг. 
Тэгвэл дорноговьчууд найман жилийн  турш Ж.Батсуурь хэмээх “гүүр” барьж, өөрсдийгөө төлөөлүүлэн төрд илгээсэн. Харин Ж.Батсуурь үүргээ хэр гүйцэтгэв. 2008 онд Дорноговь аймаг хоёр мандаттай байхад хоёр Батсуурь парламентад сонгогдож байсан. Харин түүний дараа 2012 оны сонгуулийн өмнө Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулснаар энэ тойрог нэг мандаттай болсон юм. Сонгогчид энэ удаа “Я”-г нь үлдээж, Ж.Батсуурьт дахин нэг удаа итгэлээ. Ингэж итгэл хүлээлгэснийг нь харвал 2008-2012 оны хооронд Ж.Батсуурь гайхалтай сайн биш юм аа гэхэд бусдаас олон санал авах хэмжээний ажиллажээ гэж дүгнэхээр байна. Нөгөөтэйгүүр улс төрийн бас нэгэн шалтгаан түүнийг дахин сонгогдоход хүргэсэн байдаг. Тодруулбал, МАН-ын Бага хурал дээр ялалт байгуулж, 2012 оны сонгуульд өрсөлдөх эрхээ аваад байсан Ц.Анандбазар тодорхой шалтгааны улмаас цагдан хоригдсон юм. Харин түүний оронд Ж.Батсуурьт хүрд эргүүлэх боломж олдсон.

Тэгвэл дорноговьчуудын итгэлийг хоёронтоо хүлээсэн Ж.Батсуурь өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд итгэлийг нь хөсөрдүүлэхгүй ажиллаж чадав уу. Энэ асуултад хариулахын тулд хамгийн түрүүнд түүний амлалтын нэхэн саная. 2008 онд “амьдаа” нар гарч ирэхэд Ж.Батсуурь “Иргэн бүрт 500 мянган төгрөг өгнө” хэмээн амласан байдаг. Энэ нь хоёр намын тараасан мөнгөөр халхлагдаад нэг тийш болсон юм. Харин 2012 онд амлалт болгож мөрийн хөтөлбөрт ямар нэгэн зүйл шингээгээгүй, шингээх ч боломж байгаагүй. Яагаад гэвэл 2012 оны сонгуулийн өмнө батлагдсан хуулиар бэлэн мөнгөний амлалтыг хориод байсан юм. Өөрөөр хэлбэл, нэр дэвшигчид өнгөрсөн сонгуульд намын нэгдсэн мөрийн хөтөлбөрөөр өрсөлдөцгөөсөн. Гэсэн ч амлалтаар сонгогддог сонгодог жишээг мэдэрсэн олон гишүүн тойргоо тойрон аялахдаа амласаар л байсан. Ийм жишээ ч олон байдаг. Түүний нэг нь УИХ-ын гишүүн Ж.Батсуурь юм. 

Олон амлалтаас нь сонгон нэг жишээг л энд сийрүүлье. 2014 онд юм. Дорнын говьчуудын УИХ-д томилсон Ж.Батсуурь гишүүн аймгийнхаа Хатанбулаг сумын 90 жилийн ойд оролцсон байна. Баярын тайзан дээр үг хэлэхдээ тус сумынхнаас талархал хүлээсэн амлалт хэлсэн юм. Тэрээр “Өчигдөрхөн болсон Засгийн газрын хуралдаанд өөрийн биеэр оролцсон. Ерөнхий сайд болон Эрчим хүчний сайдтай уулзаж, Хатанбулаг сумыг энэ онд багтаан төвлөрсөн цахилгаанд холбох асуудлыг шийдүүлчихээд ирлээ” гэв. 
Алга ташилт нижигнэсэн энэ үйл явдлаас хойш харин хоёр жил өнгөрчээ. Хатанбулаг сум төвлөрсөн цахилгаанд холбогдоогүй хэвээр. Тэгээд ч Ж.Батсуурь гишүүний амлалт өгсөн тэр өдрийн “өчигдөр” нь Засгийн газар хуралдаагүйгээс гадна, тухайн үеийн эрчим хүчний салбарыг хариуцан ажиллаж байсан УИХ-ын гишүүн М.Сономпил олон хоногийн томилолттой хөдөө явж байсан байдаг. 
Зөвхөн Хатанбулаг бус Мандах сум ч мөн төвлөрсөн цахилгаангүй байна. Салхин сэнсээр цахилгаан авдаг ч худалч хүнд тэр нь бараг индүү ч залгаж дийлэхгүй эрчим хүч алдаг оног гаргадаг хэмээн иргэд ярьж байлаа. Харин хийсэн ажлыг нь Дорноговь аймгийн иргэдээс асуухад зам, дэд бүтцийн асуудлыг нь голчлов. Нэг ёсондоо Засгийн газрын ажлыг өөртөө наадаг гэж дүгнэхэд хүргэлээ. 
Хоёр сар гаруйхны дараа болох сонгуульд тэгвэл дорноговьчууд хэрхэн оролцох бол. Ж.Батсуурь гэдэг “гүүр”-ээ нураах болов уу, эсвэл засаад дахин ашиглах болов уу. Харин энэ асуултад Ж.Батсуурь гишүүн өөрөө хариулах ёстой. Хийсэн ажлаа тайлагнаж, онц дүн авах ёстой. Эс бөгөөс асуудал өөрийнх нь эсрэг эргэнэ. 
Нөгөөтэйгүүр, улс төр судлаачид, энэ салбарын мэргэжилтнүүд парламентын гишүүн сонгогдсон дөрвөн жилдээ юм хийгээгүй бол гол хоёр шалтгаантай гэж үздэг. Нэгдүгээрт, улс төрийн карьераа өндөрлүүлэхээр эргэлт буцалтгүй шийдсэн хүн, хоёрдугаарт, сонгуулийн тогтолцооноос хамаарсан буюу дараагийн сонгуульд тойрогт бус намын жагсаалтад орохоор болсон хүн ажил хийдэггүй ажээ.  

ДОРНОГОВЬЧУУДЫН “АРДЫН ҮГ”
“Монголын медиа корпорац”-аас санаачилсан “Ардын үг” зөвлөлдөх аян Дорноговьд үргэлжилсээр. Уг аян албан ёсоор хэрэгжиж эхлээд долоо хонож байна. Дорноговийнхонд тулгарсан асуудал, сэдвийг хөндөхөөс гадна иргэдийн санал санаачилга, үзэл бодол, үгийг нутгийн удирдлагууд, шийдвэр гаргагчдад хүргэх нь аяны гол зорилго юм. Тиймээс зорилгынхоо хүрээнд энэ удаа дорноговьчуудыг төлөөлөн парламентад суугаа Ж.Батсуурь гишүүн хэрхэн ажилласан бэ гэдэг асуултад хариулт хайлаа. Иргэд ч энэ тухай санал бодол “Ардын үг”-ээ, “Ардын эрх”-д илэрхийлэхийг хүссэн юм. 

ДОРНОГОВЬ АЙМГИЙН МАНДАХ СУМЫН ЗАСАГ ДАРГА Н.ОТГОНБАЯР: ӨДӨРТ НЭГ ЦАГ Л ЦАХИЛГААНТАЙ БАЙДАГ
-Дорноговь аймгийн Мандах сум төвийн эрчим хүчинд холбогдсон уу?
-Одоог хүртэл холбогдоогүй байна. 
-Одоо тэгэхээр тоггүй байгаа гэсэн үг үү?
-Тийм. Гэхдээ өдөрт нэг цагийн л тог авч байгаа. Японы тусламжаар нэлээд хэдэн жилийн өмнө дизелиэр ажилладаг 100 квт-ын генератор цахилгаанд холбогдоогүй сумдад өгсөн байдаг. Тэр нь орон нутгийн өмч болоод үлдсэн. 
-Салхин сэнс байгуулсан санагдаж байна?
-Тэр нь Багануурын харьяанд байдаг. Одоо харин эвдэрчихсэн. Засч өгөх олон хүсэлт тавьсан. Улаанбаатар хотоос мэргэжилтнүүд авчирч засах гэсэн боловч чадаагүй л дээ. 
-Орон нутгийн удирдлагууд болон УИХ-д төлөөлөн суугаа Ж.Батсуурь гишүүнд санал хүсэлт хүргүүлсэн үү. Үгүй бол юу гэж хэлэх вэ?
-Хүргүүлсэн. Хоёр жилийн өмнө байна уу даа, ирээд удахгүй цахилгаантай болгоно гээд амласан юм. Гэтэл одоог хүртэл тог, цахилгаантай болсон зүйл алга. Тэрнээс хойш нэг удаа ирсэн. Амласандаа хүрээгүй болохоор манай сумын иргэд бараг л хөөгөөд явуулсан даа. 
-Тоггүй газар хүн амьдарна гэдэг одоо цаг үед хэцүү болсон. Мандах сум одоо хэдэн хүн амтай байгаа вэ. Шилжилт хөдөлгөөн их байна уу?
-1560 гаруй хүн амтай. Тоггүй газар ер нь хэн амьдрах вэ дээ. Залуу хүн гэж бараг л байхгүй болсон. Уг нь их, дээд сургууль төгссөн боловсон хүчнүүд нутагтаа ирж ажиллаж, хөгжүүлэх ёстой. Гэтэл тог, цахилгаангүйгээс болж залуу хүн ирж амьдрахаа байлаа. 
-Сургууль, цэцэрлэг, эмнэлэгт боловсон хүчин нэн тэргүүнд хэрэгтэй байх?
-Энд, тэндээс багш нар гуйж авчирдаг. Эмч нарын хувьд тэтгэвэрт гарах гэж байгаа настай хүмүүс л байна даа. Тэгэхээр Мандах сумыг яаралтай цахилгаанд холбож өгөөч гэж хүсмээр байна.  

ДОРНОГОВЬ АЙМГИЙН САЙНШАНД СУМЫН IV БАГИЙН ИРГЭН Ч.ТӨМӨРБААТАР: 
-2012 оны сонгуулиар хэнд санал өгч байв?
-Ж.Батсуурьт саналаа өгсөн. 
-Өмнөх дөрвөн жил нь сайн ажилласан болохоор нь уу, эсвэл дахин нэг боломж олгоё гэж бодсон юм уу?
-Дахин нэг удаа итгээд үзье л гэж бодсон юм. 
-Итгэлийг чинь хэр дааж ажилласан гэж дүгнэж байна?
-Хөсөрдүүлсэн.
-Ер нь өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд дорноговьчуудын аж амьдралыг сайжруулах тал дээр ямар ажил хийсэн хүн бэ?
-Би Дорноговь аймагт насаараа амьдарч байна. Уугуул хүн. Одоо энэ хүн найман жил биднийг төлөөлж, УИХ-д суулаа. Харамсалтай нь юу ч хийсэнгүй. Дорноговь бахь байдгаараа л байж байна даа. 
-Өмнө нь Засаг дарга байсан байх аа?
-Тийм. Уг нь юм хийгээд байна даа гэж хардаг байсан. Гэтэл тийм биш юм билээ. Өөрөө нэг барилгын компанитай. Аймаг орон нутаг биш тэр барилгын компани нь л хөгжсөн байх. Ер нь Засаг дарга болж мөнгөтэй болж байгаад УИХ-д ордог юм биш үү. Одоогийн Засаг дараг П.Ганхуяг ч гэсэн нэр дэвших сурагтай байна лээ. 
-П.Ганхуяг тэгвэл сайн ажилласан уу?
-Эд нар чинь ялгаагүй улсууд. Юу ч хийгээгүй ээ. 
-Ирэх сонгууль боллоо. Дорноговьчуудыг төлөөлсөн гишүүнд ард түмэн дүн тавина?
-Ирэх сонгуульд би Ж.Батсуурьт санал өгөхгүй. Одоо болно гэж хэлмээр байна. Дорноговийг хөгжүүлэх чин сэтгэлтэй хүнд зайгаа тавьж өгөх хэрэгтэй. Угаасаа ямар нүүрээрээ нэр дэвших юм тэр. 

ДОРНОГОВЬ АЙМГИЙН САЙНШАНД СУМЫН II БАГИЙН ИРГЭН Г.ЧИМЭД-ОЧИР: 
-УИХ-ын гишүүн Ж.Батсуурь Дорноговь аймгаас сонгогдоод найман жил болж байна. Найм битгий хэл дөрвөн жилд олон зүйл хийж болдог л баймаар юм. Манай аймаг уг нь зам харгуй, дэд бүтцээ харвал маш хурдан хугацаанд хөгжих боломжтой шүү дээ. Энэ хүмүүст сэтгэл гэж алга даа. Аймгийн Засаг дарга ч ялгаагүй. Удахгүй уг нь сонгууль болно. Сонгууль ойртохоор нэр дэвшигчид юм хийж эхэлдэг санагдаж байна. Гэтэл Ж.Батсуурь хаана байгаа нь мэдэгдэхгүй таг болсон. Засаг дарга байхдаа арай л өөр байсан. Гэтэл УИХ-д ороод бүр тасраад алга боллоо. УИХ-ын гишүүн болсноосоо хойш гарт баригдаж, нүдэнд үзэгдэх нэг ажил, нэг ч бүтээн байгуулалт хийгээгүй. Одоо дахиж л итгэнэ гэж байхгүй. Сонгуулийн өмнө ирж тайлангаа тавих байх. Ямар ажил хийсэн нь тэнд л харагдана даа. Гудамжаар явахад л харагдаж байгаа биз дээ. Ажилгүйдэл, архидалт газар авсан байна. Хандаж хэлэх зүйл ч алга даа. Юм хийсэн бол талархахсан. Хийгээгүй хүнтэй юу ярьж, юу хэлэх билээ. Тэртээ тэргүй сонгууль болоод УИХ-аас буух гэж байгаа хүн. 
Энэ мэтчилэн хэд хэдэн хүн өөрсдийг нь төлөөлөн төрд суугаа УИХ-ын гишүүн Ж.Батсуурьт сэтгэл дундуур байгаагаа илэрхийллээ. Зөвхөн Ж.Батсуурь бус Дорноговь аймгийн Засаг даргыг ч хангалтгүй ажилладаг хэмээсэн юм. Мөн нэг иргэн “Дорноговь аймгийн удирдлагууд, төрд төлөөлөн сууж байгаа хүнд сэтгэл алга. Дорноговь толгойгүй, эзэнгүй байна” гэв.

 

С.НАЧИН /АРДЫН ЭРХ/


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Золбин / 2016 04 сар 28/

    Миний ардын сэтгэл цагаан Дахин дахин сонгоорой ах дуу нараа. Сайн гишуун дээ. Дахин дахин сонгох хэрэгтэй

    Хариулах
  • Зочин / 2016 03 сар 30/

    Батсуурь мэтийн хоцрогдсон хүмүүс яаж УИХ-д суудаг байнаа, залуучуудад биш гэхэд үе тэнгийнхэн арай өөдтэй, юм үзсэн, ядаж нэг гадаад хэлээр мэдээллээ авчихдаг хүмүүсийг сонговол таарна

    Хариулах
  • Зочин / 2016 03 сар 29/

    HOHI CHINI DEE IIM HUN 2 TOO SONGSONDOO !!!!!!!!!!!!!!!!!!!!!

    Хариулах