"Дуулиант-7"

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2014 10 сар 31

Өнгөрсөн долоо хоногийн "Дуулиант 7" үйл явдлыг энд онцолж байна. Энэхүү дуулиант долоогийн жагсаалтанд улс төр, эдийн засаг, нийгэм, спорт, соёл урлагт өрнөсөн үйл явдлаас түүвэрлэн буулгалаа.


1.-АН-ын дараагийн дарга хэн бэ?-

Их тэнгэрийн аманд байрлах "Их тэнгэр" цогцолборт Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд, АН-ын дарга Н.Алтанхуяг, УИХ-ын дарга З.Энхболд нар бүтэн өдрийн турш хуралдсан тухай эх сурвалжууд өгүүлж буй.

Өглөө эхлээд орой дууссан тэдний уулзалт Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаар үлдээн, АН-ын даргаас нь чөлөөлөх шийдэлд хүрсэн гэнэ.

Тэр бүү Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг шийдэхээс өмнө буюу зэрэгцэн АН-ын ҮЗХ хуралдах ёстой гэсэн тохиролцоо хүртэл хийсэн байна. Ийнхүү тун удахгүй АН-ын дараагийн дарга тодрох болоод буй аж. АН-ын хувьд ажлаа өгч буй дарга нь дараагийн даргаа санал болгодог "уламжлалтай".

Энэ дагуу Ерөнхий сайд Н.Алтанхуяг ЗГХЭГ-ийн дарга Ч.Сайханбилэгийг АН-ын даргад нэр дэвшүүлнэ гэдгээ зарласан байна.

Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хувьд Улсын Ерөнхий Прокурор Д.Дорлигжав байвал зүгээр биш үү? гэж санал болгосон бол УИХ-ын дарга З.Энхболд өөрөө нэр дэвшинэ гэдгээ зарласан аж.

Ийнхүү Ч.Сайханбилэг, Д.Дорлигжав, З.Энхболд нарын аль нэг нь АН-ын дарга болох хувилбар эхний байдлаар яригдаж эхэлжээ.

Эхний байдлаар гэсний учир нь АН-ын дүрмийн дагуу ҮЗХ-ы хурлын үеэр гишүүд нь танхимаас АН-ын даргад нэр дэвшигчийг зарлах боломжтой билээ.


Эх сурвалж: www.sonin.mn /М.Ариун/

2.-Цонхоор унах гэж байсан хүүхдийг аварлаа-

Эцэг эхчүүд бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос болж бэртэх явдал гарсаар байгаа. Өчигдөр бага насны хүүхдийг өндрөөс унах гэж байхад нь Онцгой байдлын албан хаагчид аварсан байна.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Шинэ Монгол хотхоны зүүн талд 19 дүгээр байранд бага насны хүүхэд цонхоор унах гээд байна гэсэн дуудлагаар Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн Аврах шуурхай салбарын бүлгийн албан хаагчид ажиллаж Т /5 нас, эр/ цонхон дээр унах гэж байсныг аюулгүй болгож ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ. Бага насны хүүхэдтэй эцэг эхчүүд хараа хяналтаа сайжруулж, анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна.

3.-Дөнгөж төрсөн нярайгаа гудамжинд хаяжээ-

Энэ сарын 25-ны өглөө  нийслэлийн Сүхбаатар дүүргийн Шүүхийн байрны ар талд дөнгөж төрсөн нярай хүүхдийн цогцос хаясан байсныг олжээ.

Нярайн цогцосыг шүүхийн шинжилгээний газарт өгч, Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс хэргийг шалгаж эхэлсэн байна. Нярай хүүхэд амьгүй төрсөн, гудамжинд хаяснаас амь алдсан эсэх нь тодорхойгүй байгаа юм.

4.-Их хотын хямдралаар “НВЦ” компани иргэдийг мэхэлжээ-

Нийслэлийн 375 жилийн ойн өдөр өнгөрөгч сарын 29-нд тохиосон. Энэ өдөр Их эзэн Чингис хааны талбайд "Их хотын хямдрал" үзэсгэлэн худалдаа болсон юм. Хямдрал 10-50 хувь гэсэн учраас иргэд хямдралтай худалдааг ихээр зорьж очсон. Талбай дээр болсон хямдарсан худалдааны асаруудаас хоёр асар бусдыгаа бодвол хамгийн их хөл хөдөлгөөнтэй байлаа. Тухайлбал, манхны асар тэнд ясгүй үхрийн мах 1 кг 5500 төгрөгөөр худалдаж байсан учраас манхны асарт дугаарлан зогссон нь содон харагдсан. 

Мөн "НВЦ" компанийн барьсан “Баян” асар хүн гэж их байлаа. Ихэнхи хүмүүс нь өндгийг 1 ширхэг нь 180 төгрөг гэдгийг сонсоод сет сетээр нь авч байгаатай таарсан. Гэвч тус компани нь мөн чанартаа хямдрал зарлаагүй байжээ. Тодруулбал, тус компанийн өндөг 180 төгрөгөөр худалдаанд гардаг аж. Харин дэлгүүрийн лангуун дээр очихоороо хэрэглэгч бид нарт 300-400 төгрөгийн үнэтэй ирдэг юм байна. 

Их хотын хямдрал нэрийн дор НВЦ компани иргэдийг мэхэлсэн бололтой. Нэгэн иргэн тус компаний утас руу холбогдоход “Угаасаа жижиг өндөг 180 байдаг шүү дээ. Уучлаарай” гэжээ. 

5.-2015 онд эдийн засаг хүндэрч, компаниуд дампуурна-

Засгийн газраас ирэх оны төсвийн төслийг боловсруулж УИХ-д өргөн барьсан билээ. Төсвийг хуулийн дагуу ирэх сарын 15-ны дотор батлах ёстой. 

Байнгын хорооны хуралдаанаар ирэх оны төсвийн төслийг хэлэлцэхийг дэмжин, чуулганы нэгдсэн хуралдаанд шилжүүллээ. Эдийн засаг хүндхэн байгаа. Үүнийг эдийн засагчид хүлээн зөвшөөрч ирэх онд тансаглах биш бүсээ чангалах хэрэгтэй гэдгийг онцлов. 

Уг төсөлд төсвөөс гадуурах бонд зээлийн өрийн төлөх хэмжээ нэмэгдсэн нь төсвийн хуулийг боловсруулахад зөрчил үүсгээд байгааг байнгын хорооны гишүүд хэлж анхааруулсан. 

-Төлбөрийн балансынхаа дарамтыг яаж шийдэх вэ, зальтай заалтууд байна-

УИХ-ын гишүүн Р.Амаржаргал: Энэ хэлэлцээд байгаа төсвийн төслийг үндэслэлтэй гэж хэлэхэд хэцүү байна. Төсөв дандаа тасраад байгаа. Ийм нөхцөлд хүргэсэн нь УИХ, ялангуяа эрх баригч хүчин. 2013 оны улсын төсвийг байхад “яах вэ, үүгээр нь батлаад он гарангуут хоёр сард багтаагаад төсвийн тодотгол хийнэ гэж Д.Эрдэнэбат дарга хэлж байсан. Хоёр сар нь болоход дөрөвдүгээр сард засварлана гэж байлаа. Сүүлдээ наймдугаар сард ажлын хэсэг байгуулж, шуугиан болж байлаа. Өнөөдөр эрх баригчид “яах вэ, дараа нь янзалъя” гэж өөрсдийгөө хуурч, хоног өнгөрөөсөн арга барилаар хандаж байна. Улс орноо худалдъя гэсэн философиор боловсруулсан төсөв оруулж ирснийг Төсвийн байнгын хорооны дарга өөрчлүүлсэн байна. Өнөөдөр улс орны эдийн засгийг хар л даа. Бүх зүйл хаагдаад байна. Юун хөгжил вэ, дотоод, гадаад эдийн засгийнхаа тогтвортой байдлыг хангаж ажиллах чинь чухал байна. Төлбөрийн балансынхаа дарамтыг яаж шийдэх гээд байгаа юм. Зальтай заалтууд орсон байна.

 -Эдийн засаг онол, дүрэм, хуулийг зөрчиж явснаас өнөөдөр Монгол Улсын эдийн засаг дампуурсан-

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар "Бид одоо мөрдөгдөж байгаа хуулиа чанд сахиж ажиллах хэрэгтэй байна. Өнөөдрийн эдийн засгийн хямралыг бий болгосон зүйл чинь хууль зөрчиж явснаас болсон. Хэрвээ анхнаасаа төсвийн сахилга батыг сайн баримтлаад Монгол Улсынхаа төсвийн бодлогыг сахисан бол өнөөдрийн эдийн засгийн хямралд орохгүй. Энгийн боловч үнэн үг. Ийм байдалд орсны дараагаар өнөөдрийн байдалд нийцүүлж асуудлыг шийдэж өгөөч гэж байгаа нь үндсээрээ зарчимгүй. Төсвийн бодлогын алдагдал нь ДНБ-ний гурван хувьд хүрэх юм бол улаан гэрэл асч байна гэсэн үг. Түүнээс бус 1,5 тэрбум төгрөгийн Чингис бондыг аваад Монгол Улс өсвөл өсөхөөр байсан. Эдийн засаг онол, дүрэм, хуулийг зөрчиж явснаас өнөөдөр Монгол Улсын эдийн засаг дампуурсан. Мөнгө байсан боловч үр дүн нь алга. Ирэх жил эдийн засаг бүүр хүндэрнэ. Энэ хямралыг ард иргэд халааснаасаа төлнө. Бизнес эрхэлж байгаа компаниуд дампуурна. Тийм учраас бид өнөөдөр хуулиндаа нийцүүлж, төсвөө батламаар байна. 2015 онд Монгол Улс 1,2 тэрбум ам.долларын зээлийн өрийн төлбөр хийгдэнэ. Өөрөөр хэлбэл 2014 оныхоос даруй дөрөв дахин их зээлийн төлбөр хийнэ. Эрх баригчид хоног өнгөрөөсөн байдлаар хандаж байна.

-Нэрлэсэн үнэ, өнөөгийн үнэ гэхэд л зөрөөтэй байна-

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Төсвийг уншлаа. Нэрлэсэн үнэ, өнөөгийн үнэ гэхэд л зөрөөтэй байна. Улсын өр гэхэд хоёр янз байна шүү. Нийгмийн хүрээний, ажлын байрны, үйлдвэрлэлийн, халамжийн бодлогууд уялдахгүй байгаа. Уялдааг хангаж ажиллах шаардлагатай байна. Ажлын хэсэг гаргаад ярихгүй бол ямар ч бодлогын уялдаагүй болох нь. Төсвийн бодлого хоорондоо уялдаж байж хэрэгжинэ. Бид өөрсдөдөө шүүмжлэлтэй хандах хэрэгтэй.

-Өрийн хуулийг өргөн бариад хэлэлцэхгүй байна-

УИХ-ын гишүүн С.Баярцогт: Өнөөдөр гоё сайхан зүйл яриад хэрэггүй. Төсвийн алдагдал таван хувьд хүрсэн. Долоон хувь руу орох нөхцөлд хоёр байна гээд яриад сууж болохгүй. Амьдрал дээр өөр байгаа. Өрийн хуулийг өргөн бариад хэлэлцэхгүй байна. Хэлэлцэж байгаа асуудал дээр бодлогын ямар өөрчлөлт хийх вэ гэдгээ бид ярихгүй байгаа. Энэ нь УИХ-ын буруу. Төсвийг дагалдуулж оруулж ирсэн хоёр хуулийг хэлэлцэх хэрэгтэй. 

Гишүүдийн байр сууриас харахад Монгол улсын эдийн засаг улсын төсвийн хуулиа чанга сахиагүй нь улмаас өнөөгийн эл хямралд өртсөн гэдгийг харж болохоор байна. Түр зуур аргацаасан байдалтай төсвийг оруулж ирж хуулийг батлах цаг боллоо гэж үдэш хүртэл сууж тасарсан төсөв баталчихдаг жишээ бий. Ирэх жилийн төсвийг өнгөрсөн онд баталсан шигээ шөнө дөлөөр батлаад бүү хаячихаасай билээ дээ. 

Улсын  төсвөөс эдийн засаг хамаарч сэхэх, мөлхөх нь шийдэгддэг гэдгийг гишүүд мэдэх биз. Түүнчлэн 2016 оноос бондын өрөө төлж эхэлнэ. Бондын мөнгийг бүтээн байгуулалтанд зарцуулсан хэмээн Н.Алтанхуяг мэдэгдсэн. Тэгвэл ирэх онд бүтээн байгуулалтын ажил хийгдэх байхаар улсын төсөв тусгагдсан гэх. Ингэхлээр жирийн ард иргэд бүүр "чанга" бүстэй болох нээ.

6.-Хошин урлагийн "Нэгдсэн шоу" тоглолт энэ сарын 09-нд болно-

Үзэгчдийн хамгийн ихээр хүсэн хүлээдэг томоохон шоу тоглолт хэдхэн хоногийн дараа хөшгөө нээхээр зэхэж байна. 

Хошин урлагийн хамтлаг, продакшнуудын "Нэгдсэн шоу" тоглолт 11 сарын 09-ны 19:30 цагт "UB Palac"-ийн концертын их танхимд болно. Тэгвэл тоглолтын тасалбар өчигдрөөс эхлэн "UB Palace"-ийн кассаар худалдаалагдаж эхэллээ. Тасалбарын үнийн хувьд 20 мянга, 15 мянган төгрөгийн үнэтэй.

Тоглолтонд, "Шинэ үе" продакшн, "Шилдэг өнгө" продакшн, "Х Түц" продакшн, "Мөрөөдлийн театр", "Эмоци" продакшн, "Чапи & Суурь", "Параоди" хамтлаг нар бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож, шилдгийн шилдэг үзүүлбэрээ үзэгчдийн хүртээл болгож олон мянган фэнүүддээ "инээмсэглэл", "бодрол", "урам"-ыг бэлэглэх нээ.  Урилгаар олны хайр, хүндлэлийг хүлээсэн дуучид оролцоно. Түүнчлэн "Нэгдсэн" шоу тоглолтыг "Захиалгат инээд" хамтлагийн авьяаслаг уран бүтээлчид хөтлөх юм. 

Дашрамд дуулгахад, монголын хошин урлагийнхан 20 гаруй жилийн түүхнээ 46000 гаруй удаа тайзнаа тоглож, 26 сая гаруй хүнд инээд бэлэглэж, 300 орчим удаа хандивын тоглолт зохион байгуулж үзэгч түмэндээ инээд хөөр, баяр баясал, аз жаргалыг бэлэглэжээ.

7.Машин мөргөсөн мориноос мөнгө нэхэмжилнэ гэнэ үү-

Фэйсбүүкд олон сонирхолтой материал нийтлэгдэж байдгийг харуулсан энэ нэг "Тэнгэр даатгал" ХХК-ны нэхэмжлэлийг барагдуулах "Эй Эс Партнерс"ХХК гэсэн сонин нэртэй байгууллагын  мэдэгдэл өнөөдөр их сонирхол татлаа.

Ийм мэдэгдэл бичиж гарын үсгээ зураад сууж байдаг даргатай ХХК өөр байдаг болов уу? Учирч болох хохирлоос урьдчилан сэргийлж, иргэн хүн сонгосон даатгалын байгууллагадаа сар бүрээр гэрээнд заасны дагуу зохих хэмжээний мөнгийг шилжүүлж эд хөрөнгөө даатгуулах тогтолцоо хаана ч байдаг зүйл. Гэнэтийн тохиолдлоор даатгуулагч нь гадны нөлөөгөөр даатгуулсан эд хөрөнгөндөө хохирол амсвал уг даатгалын компани төлөөлөгчөө илгээж хохирлын шалтгааныг үнэн зөв тогтоож учирсан хохиролын үнэлгээнд дүйцэх хэмжээний мөнгөн төлбөрийг даатгуулагчдаа төлөх үүрэгтэй.

Гэтэл энэ мөнгийг айлгаж үргээсэн ч юмуу эсвэл давхиж явсан адуун сүргийн зам дээр ч юм уу бүү мэд, байсан машины эзний үйлдлийг тогтоогоогүй байж адуу эзэмшигчээс нь хохирлын мөнгийг нь гаргуулах нэхэмжлэл бичээд тэрийгээ бас  нэг хачин тодотголтой ХХК-д өгч (авлага барагдуулах үйлчилгээ гэнэ үү): тэр нь бас нэмж мэдэгдэл бичээд сүрдүүлээд сууж байдаг, мөн таарч дээ. Боловсон РЭЭКИТ хэлбэр юм биз дээ?

Инээдэмтэй бөгөөд эмгэнэлтэй төрх энэ процессоос харагдаж байгаа биз. "Тэнгэр даатгал" ХХК-ны захирлаа: даатгуулагчийнхаа хохирлыг эхлээд төлчих, тэр мөнгөө өөр аргаар олж авах гэж байвал шүүхэд ханд, шүүхийн дараа бас шүүхийн өр барагдуулах алба гэж бас бий. Гэхдээ  шүүхэд  арай ийм гоомой нэхэмжлэл, мэдэгдэл бичээд сууж байх мэдлэггүй хүн дүүрчихээгүй байлгүй дээ.

 

Тоймыг бэлтгэсэн: Х.Даваа


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх