Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 04 сар 27
Өнгөрсөн жилийн “Үндэсний өгөх өдөр”-өөр тархины саажилттай хүүхдүүдийн “Энэ бол Би” үзэсгэлэнгээс сурвалжлага бэлтгэн, тэдэнтэй ойр танилцах боломж тохиож билээ. Тэр үеэс эдгээр хүүхдүүдэд ямар нэгэн байдлаар тус хүргэх юмсан гэсэн итгэл, сэтгэл өвөрлөн өдийг хүрэв. Бодож, санасаар яваа ч эхлээд тархины саажилттай хүмүүст бидний дэм яагаад тийм чухал хэрэгтэй байдгийг уншигчидтайгаа хуваалцахыг хүслээ. “Таны инээмсэглэл” төвийн захирал Э.Болорчулуунтай холбогдон, сэргээн засах эмчилгээний тус төвөөр зочлохоор болов.

Төвийн үүдээр ормогц, инээмсэглэсэн хүмүүс, халуун дулаан уур амьсгал угтан, танилынхаа гэрт зочилж буй мэт сэтгэгдэл төрөв. Тэдний үйлчлүүлэгч бололтой ахимаг насны эр хувцсаа солингоо бусдыгаа хөгжөөн, хошигнох нь орчинтойгоо танилцах гэж нааш, цааш хөлхөх миний хараанд өртөв. Тус төвийнхөн ч түүнийг манай төвийн “хамгийн яриа” нь гэж танилцуулсан юм. “Хамгийн яриа” М.Мөнхтогтох ах. Өнгөрсөн оны есдүгээр сард тал цус харважээ. “Хүн чинь цагаа тулж, аминдаа хүрэхээр сайн гэсэн болгоныг хайдаг юм билээ. Эрж, хайн, судалсны эцэст энэ төвийг олсон юм. Харвалтын дараа олон ч эмнэлгээр явсан. Эднийх шиг сэтгэлд нийцсэн газар байгаагүй. Уг нь улсын бүх эмнэлэгт хөдөлгөөн заслын кабинет бий. Гэхдээ эмч, мэргэжилтнүүд нь цалин авахын тулд л ажилладаг юм шиг санагддаг. Эднийх шиг хүн бүртэй тулж ажилладаггүй. Тэгээд ч би чинь илүү дутуу үг их хэлдэг хүн. Та нар тэгээч, ингээч гээд л бурууддаг” гэв. Та тулж ажиллана гэлээ. Энэ талаараа дэлгэрүүлж ярихгүй юу гэхэд “Нэг хүнтэй нэг л хөдөлгөөн засалч ажилладаг. 100 айлд байрладаг “Хөдөлгөөн заслын үндэсний төв” ямар гоё төхөөрөмжтэй гээч. Бараг л хүнийг босгоод ирмээр. Харамсалтай нь, хөдөлгөөн засалчид нь үнэхээр сэтгэлгүй. Тэр, энэ төхөөрөмж дээр суу гээд л боллоо. Харах тоолонд фэйсбүүк ухаад л сууж байдаг” хэмээн гомдоллонгуй хэлэв. Түүний биеийн зүүн тал цус харвалтын дараа саажиж, гараа атгаж, тэнийлгэх, өргөх, алхах, гишгэхэд хэцүү болжээ. Тэрээр харвалт өгснөөс хоёр сарын дараа “Таны инээмсэглэл” төвд хандсан гэнэ. Тус төвийн босгоор орж ирэхдээ ярьж, хоол идэж, босч, явж чадахгүй тэргэнцэр дээр суудаг байсан тэрээр өдгөө таяг тулаад өөрөө явдаг болжээ. “Үүнийг зарна шүү” хэмээн таягаа заан хошигнох нь бие даан босч явна гэсэн их итгэл, сэтгэл өвөртөлж буйг нь илэрхийлэх шиг. Түүний зорилго хөл дээрээ босч гэр бүл, “Таны инээмсэглэл” төвийнхнөө баярлуулах. Тэрээр эмчилгээндээ орохоор ирж, хувцсаа солингоо бидэнтэй хөөрөлдсөн нь энэ. М.Мөнхтогтох ах гутлаа пүүзээр сольж өмсөн, баруун талынхаа үдээсийг түвэггүй үдэв. Зүүн талынхаа үдээсийг үдэхэд бага зэрэг хүндрэлтэй түүртэхийг хараад үдэж өглөө. Эндээс л тэдний бэрхшээл эхэлдэг байхдаа гэж бодон зогстол тус төвийн захирал Э.Болорчулуун эмчилгээгээ дуусгаад дээд давхраас бууж ирэв. Түүнтэй уулзан, эмчилгээний өрөө болоод үйлчлүүлэгчидтэй танилцахаар болов. Биднийг очиход нэлээд олон үйлчлүүлэгч байсан юм. Тэдний нэг бол Т.Урантөгс. Тэрээр тус төвд 2014 оны наймдугаар сард дөрвөн мөч саажсан оноштой ирж, өдгөө түүний их бие, гар, түнхний булчин сэргэж, булчингийн хүч нь сайжирчээ.

Түүгээр зогсохгүй хөл дээрээ тасралтгүй хоёр цаг зогсч, хөлөө зөөж эхэлсэн гэнэ. Гэхдээ энэ бүх амжилтад хүрэхийн тулд нэг жил гаруй хугацаа зарцуулж, 180 удаагийн сэргээн засах эмчилгээ хийлгэжээ. Үүний дээр босно, чадна гэсэн итгэл, сэтгэлээр зүтгэсээр ирсэн аж. Үүнийг ч баталж тус төвийн захирал Э.Болорчулуун “Тархины саажилт гэлтгүй аливаа өвчнөөр шаналан хэвтэж буй хүн босно, хөл дээрээ зогсоно, чадна гэсэн сэтгэл өөрөөс нь гарахгүй л бол гэр бүл, ойр дотныхон нь мянга тэр хүний төлөө гүйгээд ч хэрэггүй. Дургүйд хүчгүй гэдэг шүү дээ” хэмээн Т.Урантөгс бүсгүйгээс сэтгэлийн их хүч, зориг гарч байгааг ойлгуулах шиг болсон.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.