Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 04 сар 29
・ 1

Төрөөс сүүлийн жилүүдэд барилгын компаниудад их хэмжээний хөнгөлттэй зээл өгч, нөгөө талаас ипотекийн найман хувийн хүүтэй зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлснээр барилгын зах зээлийг их хэмжээгээр тэлсэн билээ. Хөрөнгөтэй гэж тооцож болох Монголын томоохон компаниуд бүгд энэ салбарт хүчээ сорьж, их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн нь эргээд өөрсдөд нь хавх бэлдэж өглөө.
Эдийн засаг их хэмжээгээр хумигдаж, энэ хэрээр борлуулалт зогсонги байдалд орж, компаниуд мөнгөө энэ салбарт түгжээд байна. Өөрсдийн хөрөнгийн эх үүсвэр болон арилжааны өндөр хүүтэй зээл авч барилга барьсан компаниуд “Эдийн засаг сайжирна хэмээн итгэж хэдэн жилээр барилгаа хав дарж суух уу, эсвэл зээлээ төлж чадахгүйд хүрч хөрөнгөө банк эсвэл зээлдэгчдээ алдах уу” гэсэн ацан шалаанд ороод буйг барилгын компаниудын төлөөлөл өчигдөр Барилга, хот байгуулалтын яаманд болсон уулзалтын үеэр уламжилсан.
Монгол банкны холбоо болон банкуудын төлөөлөл, барилгын компаниуд, яамны төлөөлөл энэ уулзалтад оролцож, салбарт үүсээд буй хүндрэлээс гарах ямар боломж байгааг хэлэлцэв. Компаниудын зүгээс Хөгжлийн банкнаас авсан зээлийн хугацааг сунгаж өгөх, тав, найман хувийн ипотекийн зээлийг олгоход бодлогын дэмжлэг үзүүлэх боломж буй эсэхийг яамнаасаа тодруулсан. Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Болортуяа “Барилгын компаниудын байрны урьдчилгаа төлбөрийн 20 хувийг банкуудад байршуулснаар тав, найман хувийн хүүтэй зээлд хамрагдах ямар боломж байгааг бид судалж байна” хэмээв. Их хэмжээний зээлийн дарамтад орсон, орлого нь тэг рүү дөхөөд буй барилгын компаниуд энэ хэмжээний мөнгийг банкинд 16- 20 жил байршуулна гэдэг итгэхэд бэрх сонсогдож байгаа юм.
Улстөрийн шийдлийн үүднээс харвал төрөөс ипотекийн зээлийг хүүг тав, найман хувиар нь олгож, зөрүүг Монголбанк эх үүсвэрээсээ гаргасаар байж болох ч эдийн засгийн нөхцөл байдлаа харвал энэ арга удаан оршин тогтнохгүй. Нөгөө талаас 30 хувийн урьдчилгаагаа төлж найман хувийн хүүтэй орон сууцны зээл авах чадамжтай иргэдийн тоо ханасан болохыг зарим компанийн төлөөлөл хэлсэн. Орон сууцны зээддэгчийн тоо 2010 оноос хойш тав дахин өсчээ. МИК-ийн мэдээлж байгаагаар, ипотекийн найман хувийн хүүтэй зээлийг 2013 оны зургаадугаар сард олгож эхэлснээс хойш 78000 орчим өрх авчээ. Нэг өрх дунджаар 49 сая төгрөгийн зээлийг 16.6 жилийн хугацаатайгаар авсан байна.
Эрх барьж буй Ардчилсан намын зүгээс шинэ суурьшлийн бүсэд таван хувийн хүүтэй ипотекийн зээлийн хөтөлбөрийг сонгуулийнхаа гол “хөзөр” болгож буйг зарим судлаач хэлж байна. Тиймээс эдийн засаг хүндэрч буйг үл ажран ипотекийн санхүүжилтийн системээ сонгууль дуустал үргэлжлүүлэхээр шийдсэн бололтой. Засгийн газар, Монголбанктай хамтарч өнгөрсөн сард тав, найман хувийн хүүтэй ипотекийн зээлийн эх үүсвэрт 240 тэрбум төгрөг гаргаж өгснийг Монголын барилгын үндэсний ассоциацийн тэргүүн дэд ерөнхийлөгч Н.Баярсайхан саяхан болсон “Барилгын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн”-ий үеэр онцолсон.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.