Нийгэм
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2016 04 сар 29

ШӨХТГ-аас өнөөдөр ээлжит хэвлэлийн хурлаа хийлээ. Хурлаар сонгуулийн тухай хуулийг зөрчиж байгаа зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд ямар арга хэмжээ авах болон банкнуудын найман хувийн зээлтэй холбоотой асуудлаар ШӨХТГ-ын дарга Д.Мөнхтөр мэдээлэл хийлээ. Тэрбээр,
Говь-Алтай аймагт дизель түлшний үнийг 260 төгрөгөөр буулгалаа
Орон нутагт бензиний үнэ 10 төгрөгөөс 260 төгрөгөөр буурсан гэсэн баримттай мэдээлэл хийлээ. ШӨХТГ-ын мэдээлж буйгаар Улаанбаатар хотын хувьд 160 төгрөг хүртэл буурсан байна. Тухайлбал, Говь-Алтай аймагт Дизель түлшний үнийг 260 төгрөгөөр буулгаж чаджээ.
Эрээн хотод борлуулагдаж байгаа бараа бүтээгдэхүүнийг монгол хаяг шошготой болгоно
ШӨХТГ-ынхан Чойр, Сайншанд, Замын үүд, БНХАУ-ын Эрээн гэсэн аймаг хотуудаар хяналт шалгалт хийгээд иржээ. Шалтгалтаар Эрээн хотод "Бат зүү компанид үйлдвэрлэв" хэмээн хүүхдийн дүрэмт хувцсыг 8 юаниар зарж байсан аж. Мөн Монголд үйлдвэрлэв гэсэн нэрээр Хятадад үйлдвэрлэсэн хувцас, эд зүйлсийг зарж байсанд тус тус хариуцлага тооцжээ. Мөн Эрээн хотод борлуулагдаж байгаа бараа бүтээгдэхүүнийг монгол хаяг шошготой болгохоо тэд мэдэгдлээ. Түүнчлэн Монгол Улсын иргэн Эрээн хотод худалдан авалт хийхэд бараа нь дутуу байх, чанарын шаардлага хангахгүй гэх мэт асуудлууд их гардаг учраас Хятадын төрийн байгууллагатай хамтарч эдгээр асуудлыг шийдэх тогтолцоог бий болгосон. Тиймээс Монгол иргэн та Эрээн хотоос худалдан авалт хийгээд хохирсон бол ШӨХТГ-т хандаж, хохирлоо барагдуулах боломжтой гэдгийг тэд мэдэгдлээ.
Автозамын цэгүүдэд бичиг баримтгүй хүмүүс ажиллаж байжээ
Автозамын төлбөр хураах цэгүүдэд ШӨХТГ-ынхан гэнэтийн хяналт шалгалт хийлээ. Гурван бүс, зургаан цэг буюу 22-ын товчоо, Нисэхийн цаад талын товчоо, Өлзийт хорооллын товчоо, Тэрэлжийн товчоо зэрэг газруудад хийжээ. Энэ үед зарим ажилтнуудад бичиг баримтгүй хүмүүс ажиллаж байсан аж. Мөн иргэдээс хураамж авсан төлбөр баримт дээр ямар нэгэн код байхгүй байх, хураамжийг бүртгүүлэх систем нь баталгаатай биш гэсэн зөрчлүүд илэрчээ.
Сонгуулийн хууль зөрчсөн хэвлэлийнхэнд хатуу хариуцлага тооцно
Сүүлийн сар орчмын хугацаанд намууд, сонгуулийн ерөнхий хороо болон иргэдээс гомдол, санал ШӨХТГ-т ихээр ирэх болжээ. Бусдыг гүтгэн доромжлох, улс төрийн чансааг тогтоох гэх мэт мэдээллүүд их гарах болсон. Энэ нь зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүд "Сонгуулийн тухай хууль"-ийг тав гаруй мэдээллийн хэрэгслүүд зөрчиж байгаатай холбоотой юм. ШӨХТГ-ийн зүгээс мэдээлэл өгөөгүй учраас өнөөдрийг хүртэлх гарсан асуудлуудад анхааруулга, зөвлөмж өгөхөөр болжээ. Хэрвээ дахин зөрчил гаргавал хуулийн дагуу хариуцлага тооцно.
Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйл, 70.1,6-д ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал хурааж дуустал аливаа этгээд сонгогчдын саналыг татах зорилгоор "хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орон зай, мессэж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт зохион байгуулах, бусдыг гүтгэн доромжлох, хуурамч мэдээлэл тараахыг хориглоно" 70 дугаар зүйл, 70.7-д "аливаа хэвлэл мэдээллийн байгууллага сонгуулийн сурталчилгааны үеэр сонгуульд оролцогч аль нэг талын талаар бүх төрлийн мэдээ, мэдээлэл гаргах, гаргахгүй байхаар амлалт авах, гэрээ байгуулахыг хориглоно" гэж заасан.
Дээрх заалтыг зөрчсөн хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг зургаан cap хүртэл, цахим хуудасны хандалтыг зургаан сарын хугацаагаар шударга өрсөлдөөний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дүгнэлтийг үндэслэн тухайн зөвшөөрөл олгосон байгууллага түдгэлзүүлэхээр хуульчилсан байна.
Юни Газ компанийн захиралыг 5 сая төгрөгөөр торгожээ
"Юни Газ" компанийн бизнесийн албаны захирал н.Батсүрэн нь сошиалаар Дашваанжил, "Горгаз" гэсэн компанийн талаар ор үндэслэлгүй мэдээллийг тараасан нь тогтоогдсон тул хуулийн дагуу таван сая төгрөгөөр торгожээ.
Монголын Банкны холбоо хууль бус үйл ажиллагаа явуулсан нь тогтоогджээ
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард иргэний гаргасан гомдлын дагуу ШӨХТГ-ынхан арилжааны банкуудыг шалгажээ. Тухайн үед Монголын Банкны холбооноос гаргасан мэдэгдлийн дагуу Хаан Банк, Хас Банк, Голомт Банк, Капитал Банк нь зээл олгохоо зогсоосон аж. Энэхүү нэгэн зэрэг зогсоох үйлдэл нь өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн бөгөөд улмаар Монголын Банкны холбоо нь хууль бус үйл ажиллагааг явуулсан гэж шалгалтаар тогтоогджээ. Гэхдээ энэ оны хоёрдугаар сараас арилжааны 11 банк нь хэвийн зээлийг олгож байгаа учраас энэ удаад хариуцлага тооцоогүй байна. Харин банкнуудыг цаашид хуулийн дагуу үйл ажиллагаа явуулахыг хатуу анхааруулав.
О.Сайхан
zaluu.com
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.