Д.Лүндээжанцан: Монголын парламент дээд, доод хоёр танхимтай байсан бол ийм будлиан гарахгүй

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 05 сар 03

Сонгуулийн тухай хуулийн 120 дугаар зүйлийн гурав дахь хэсгийнУИХ-ын 48-аас илүүгүй гишүүнийг олонхын сонгуулиар, 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар тус тус сонгоногэсэн заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг Үндсэн хуулийн Цэц өнгөрсөн баасан гаригт дунд суудлын хуралдаанаараа хэлэлцсэн. Ингээд Цэцээс дээрх заалтыг Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзэж түдгэлзүүлээд байгаа. Тус маргаанд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан ажилласан юм. Түүнтэй ярилцлаа.

-Намын нэрсийн жагсаалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн Цэц 2012 онд хуралдаад Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзсэн байдаг. Энэ удаа яагаад зөрчсөн гэсэн дүгнэлт гаргачихав аа?

-Үндсэн хуулийн Цэцийн хуралдаан эхлээд “Бүрэлдэхүүнээс асуух асуулт байна уу” гэхэд би энэ асуултыг тавьсан. “Үндсэн хуулийн Цэц 2012 оны тавдугаар сарын 2-ны өдөр их суудлынхаа хуралдаанаар хэлэлцэн шийдвэр гаргасан. Энэ дотроо бол пропорционалийг үгүйсгээгүй байна. Тэгэхээр энэ шийдвэр чинь өмнө нь гарчихсан гэж бид ойлгож байгаа” гэсэн. Үндсэн хуулийн Цэцийн гишүүд “Мэдээлэл гаргагчийн тавьсан асуудлын хүрээнд бид маргааныг шийдсэн. Түүнээс хальдаггүй” гэсэн хариулт өгнө лээ. Одоо бол үндсэндээ сонгуулийн үйл ажиллагаа эхэлчихээд, мөрийн хөтөлбөрөө Аудитын ерөнхий газарт тушаачихаад явж байгаа үе л дээ. Тийм учраас би “Сонгуулийн тухай хууль хэрэгжээд явж байгаа ийм их цаг тулсан үед энэ асуудлыг тавих нь хэр зэрэг зохимжтой вэ” гэж сонгууль цагтаа явах, төрийн тогтвортой байдалтай холбоотой асуудлаар асуулт тавьсан. Тэгэхэд Үндсэн хуулийн Цэц бол асуудлыг хэд хоногийн өмнө ч хэлэлцээд шийдэж болно. Энэ хугацаанд УИХ-аас Үндсэн хуульд заасан хугацааны дотор сонгуулиа явуулах орчноо өөрсдөө бүрдүүлээд хийх ёстой. Үндсэн хуулийн Цэц бол шүүх юм. Харин гишүүд өөрсдөө хууль санаачлаад өөрчлөлт оруулж байгаа бол болохгүй. Үндсэн хуулийн Цэц эцэслэн шийддэг шүүх учраас шүүхийн шийдвэрийг ямар ч хугацаанд гаргасан түүнийг хэрэгжүүлэн биелүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авах ёстой гэдэг утга санаагаар хариулт өгнө лээ. Тэгэхээр бидэнд яаралтай Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хэлэлцэж нэг тийш нь тодорхой болгох шаардлага туллаа.

-УИХ Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хүлээгээд авчихвал жижиг намууд шахагдах дүр зураг байна. Намын жагсаалт ямар давуу талтай байсан юм бэ?

-Би онол судлаачийнхаа хувьд юу гэж үзэж байгаагаа хэлье. Монгол Улс олонхын ардчиллаас зөвшилцлийн ардчилал руу явах ёстой гэсэн байр суурьтай байдаг. Харамсалтай нь өнөөдөр зөвшилцлийн ардчилалд хүрч чадахгүй байна. Ер нь бол засаг төрийн тогтвортой байдал ороо бусгаа, их сонин болчихоод байна л даа. Тийм учраас олон түмэн мэдээж хэрэг жагсаалтад их тааламжгүй хандаж байна. Би бол жагсаалтад буруу байхгүй гэж үздэг хүн. Гэтэл жагсаалтад орохыг хэт тэмүүлэгсэд буюу улс төрийн намуудад мөнгө төгрөг өгч намаа санхүүжүүлэх байдлаар түүнд багтахыг хүсэгчид их байгаа. Үүнд олон түмний дургүйцэл төрж байна. Хоёрдугаарт, дэвшүүлж байгаа намд ч бас их буруу байна. Улс төрийн нам олон түмэнд хүлээн зөвшөөрөгдсөн үнэхээр төрд, парламентад хэрэгтэй гэж ард түмний хүсэн хүлээж байгаа хүмүүсийг дэвшүүлбэл жагсаалтын нэр хүнд сайжрах ёстой шүү дээ. Гэтэл харамсалтай нь тийм биш байна. Гуравдугаарт, тэгээд шүүмжлээд байгаа мөртлөө ард түмэн сонгож байгаа шүү дээ. Тэгэхээр сонгогч буюу ард түмэн, нэр дэвшүүлж байгаа нам, нэр дэвшигч гурвуулантай нь л холбоотой асуудал байгаа юм.

Энэ жагсаалтыг бий болгосон пропорциональ системийг оруулж ирсэн нь нэг талаар дэвшил болсон. Сонгогчдын санал хаягдахгүй байх асуудлаар л гол нь гарч ирсэн шүү дээ. Намын жагсаалт бол улс төрийн намуудын төлөвшилд ч хэрэгтэй байгаа юм. Гэтэл тэр жагсаалтыг хийхдээ хандив мөнгөний хүчин зүйлийг ч юм уу голлосоор байгаад нэр хүндийг нь ихээхэн хэмжээгээр унагаж байгаа явдал гарлаа. Тэгэхээр жагсаалтдаа буруу биш. Тооны хувьд наашаа, цаашаа авч үзэх зүйл бий. Харин жагсаалтыг гаргаж байгаа намын үйл ажиллагаа, арга барил буруу байна гэж миний хувьд боддог. Ер нь бол мажоритар руу, тэр дотроо 76 жижиг тойрог руу явж байгаа бол ухралт боллоо гэж бодож байгаа.

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх