Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 05 сар 05
・ 7

Чоно борооноор, хулгайч сиймхийгээр гэдэгчлэн Үндсэн хуулийн цэц намын жагсаалтыг хүчингүй болгох шийдвэр гаргаж, түүнийг нь хүлээн зөвшөөрнө, зөвшөөрөхгүй хэмээх бужигнааны сиймхийгээр эрх баригчид Хууль сахиулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд, Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж баталсан. Анхнаасаа зохион байгуулалттайгаар бэлтгэж, сиймхийгээр хүч түрэн батлах зорилготой байсан энэхүү хуулийн цаана эрх баригчид өөрсдийн хийсэн гэмт хэргийн мөрдөлтийг хяналтандаа байлгахыг санаархаж байна.
Ашиг сонирхлын зөрчилтэй улстөрчдийн төрийн нууцад халдах эхлэл болсон Хууль сахиулах тухай хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудын шинэчилсэн найруулга нь өөрөө эрх мэдэлтнүүдийг хууль, хүчний байгууллагын нууцыг гартаа оруулах арга зам нь болж байна. Хүний эрх, эрх чөлөөгөөр халхавчилсан шинэ хуулиар хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаа нэг хүний гарт төвлөрөх бөгөөд энэ нь хууль хяналтын байгууллагыг улстөрөөс ангижруулах бус харин ч улстөрийн нөлөөнд бүрэн утгаар нь оруулах эхлэл болж байна. Эрх баригчдын Үндсэн хууль зөрчиж, Монгол Улсын тусгай албаны эрх ашигт халдсан шинэ хуулийг эсэргүүцэж тусгай албад Ерөнхий сайдад хандаад байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Хууль сахиулах тухай хуулийн шинэ өөрчлөлтөөр гүйцэтгэх ажиллагаа явуулдаг байгууллагуудыг Хууль зүйн сайд буюу цаад утгаараа Засгийн газар хянадаг болох юм.
Тиймээс Хууль зүйн сайд Ерөнхий сайдад хандав. Хэрвээ энэ хууль энэ чигээрээ батлагдвал хууль хяналтын байгууллагуудын үйл ажиллагаа улс төрийн нөлөө, хараанд орж, улстөрчид өөрсдийнхөө үйлдсэн авлига, албан тушаалын гэмт хэргийг шалгах үйл явцад хөндлөнгөөс нөлөөлж, гэмт хэргийн мөрдөн байцаалтыг хянах боломж бүрдэнэ. Ингэснээр гүйцэтгэх ажил явуулах эрх бүхий байгууллагын үйл ажиллагааны чадамж суларч, зохион байгуулалттай, нууц далд аргаар үйлдэгддэг гэмт хэргийн илрүүлэлт буурч, улмаар гаарахыг ч үгүйсгэх аргагүй.
Иймээс цагдаа, авлигатай тэмцэх газраас Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж, дээрх хоёр хуулийг татаж авахуулах саналтай байгаагаа илэрхийлжээ. Өнгөрөгч 2015 оны 6 сард АТГ-ын "араа шүдгүй болгох” хуулийн төслийг Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг санаачлан хэлэлцүүлсэн ч азаар амжилт олоогүй. Тэгвэл энэ удаад эрх баригчид яасан юм бүү мэд өнгөрөгч долоо хоногийн пүрэв гаригт өөрсдийгөө хамгаалах хуулийг "баталлаа”. Ингэхдээ ард түмнээ хууран байж хэлэлцэж баталсан явдал юм. Телевизийн камерын өмнө гишүүдийн ирцийг 40 гаруй байгаа мэтээр харагдуулсан ч үнэн хэрэг дээрээ дээрх хуулийн төслүүдийг ердөө 15-хан гишүүн хэлэлцэж баталсан юм.
Түүнчлэн өнгөрөгч долоо хоногт твиттер, фэйсбүүкээр их явж, шүүмжлэл дагуулсан Ц.Оюунгэрэл, Х.Тэмүүжин нар бусад гишүүдийн кнопыг дарсан асуудал энд холбогдож хуулийг "гууль” болгосон явдлыг санах хэрэгтэй. Өөртөө хэрэгтэй хуулийн төслийг арав гаруйхан хүн сууж байгаад хээвнэг баталчихаж байгаа нь цагаандаа гарсны илрэл бус уу. Зарим гишүүд ирц бүрдээгүй гэдгийг хурал даргалагчид сануулсан ч үл тоомсорлосон. Мэдээж тухайн өдрийн хурлыг хамаг "хуйвалдаан"-ы эзэн гэгддэг Р.Гончигдорж гишүүн даргалж байсан нь хардлагыг бүр ч бататгаж байна.
Ингээд ажлын хэсгийн гишүүн Ц.Оюунгэрэл гишүүн ойр хавынхаа 7-8 гишүүний саналын кнопыг дарж харагдсан. Х.Тэмүүжин гишүүн ч мөн адил цөөнгүй хэдэн кноп дарж явсан. Эцэст нь иргэдээ мэхэлсэн хуулийн төслийг 40 хүн баталсан мэтээр "жүжиг" зохиож ард түмнийг басамжиллаа. Уг нь, онцгой дэгээр хэлэлцэгддэг дээрх хуулийн төслийг хэлэлцэх эсэх болон эхний хэлэлцүүлгийг хийх нь хамгийн чухал байдаг. Хэрвээ хэлэлцэх эсэхийг нь шийдвэрлэж эхний хэлэлцүүлгийг нь хийвэл шууд эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлдэг.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.