Улстөр
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2016 05 сар 09
・ 1

Парламентын бүрэн эрхийн хугацаанд УИХ дахь МАН, АН-ын бүлэг тус бүр нэг удаа даргаа сольсон. МАН-ын бүлэг Н.Энхболдыг чөлөөлж, С.Бямбацогтыг томилсон бол АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат Засгийн газрын гишүүн болсноор түүний орыг Б.Гарамгайбаатар өвлөж авсан юм.
Харин УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл дэд даргаа сольсноос биш Н.Батцэрэг саяхныг хүртэл бүлгээ толгойлсоор байв. Саяхныг гэсний учир нь өнгөрсөн баасан гаригт тус бүлэг ээлжит бусаар хуралдаж Н.Батцэрэгийг чөлөөлж УИХ-ын гишүүн О.Баасанхүүг сонголоо.
МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүд 100 хувь дэмжиж О.Баасанхүүг даргаараа томилсон энэ явдлыг олон хүн янз бүрээр тайлбарлах гэж оролдож байна. Гэхдээ түүнийг яагаад эвслийн бүлгийн дарга болгосон нь одоогийн нөхцөл байдалтай уялдуулахад үнэндээ сонин биш. Харин шинэ дарга эвслийн бүлгээ хэр удаан удирдах вэ, эвслийн бүлэг задрах уу гэдэг л асуудал болоод байна.
Тэгвэл УИХ дахь МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлгийн дарга О.Баасанхүүгийн энэ албан тушаал тав хоногийн настай байх магадлал өндөр боллоо. Өөрөөр хэлбэл, эвслийн бүлэг энэ долоо хоногт задарч магадгүй. Хэд хэдэн үндэслэлээр үүнийг тайлбарлаж болно. Нэгдүгээрт, тус бүлгийн хамгийн туршлагатай гишүүдийн нэг болох Д.Тэрбишдагва эвслийн бүлгээс гарч МАН-д элсэнэ гэсэн яриа саарал ордноос хальж, Тусгаар тогтнолын ордонд хүчтэй салхилж эхэллээ. УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва өөрөө албан ёсны мэдэгдэл хийгээгүй. Гэхдээ сүүлийн үед МАН-ын гишүүдээс эхлээд генсек нь хүртэл түүний өрөөгөөр орж гарах болсон нь дээрх яриа үнэнээс нэг их хол зөрөхгүй гэдгийг баталж байна. “Шударга ёс” эвслийн бүлгээс гарах гишүүний нэр ганц Д.Тэрбишдагваар тогтохгүй. УИХ-ын гишүүн Ч.Улааныг мөн намаа сольж хуучин намдаа элсч магадгүй гэсэн мэдээлэл хэвлэлээр тасралтгүй гарсаар байна.
Эвслийн бүлгийн гишүүдээс нэг л хүн гарахад задарна. Өөрөөр хэлбэл, УИХ дахь аливаа нам, эвслийн бүлэг найм буюу түүнээс дээш гишүүнтэй байх ёстой. Уг нь анх 11 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдаж байсан ч энэ бүлгээс хамгийн эхэнд УИХ-ын гишүүн Д.Батцогт гарч, АН-д орсон. Харин хэдхэн хоногийн өмнө Г.Уянга, Л.Цог нар албан ёсоор эвслийн бүлгээсээ гарснаар найман хүнтэй үлдэж, одоо задрах үгүй дээрээ тулжээ. Аль нэг гишүүн нь гэнэтийн шийдвэр гаргахад л хангалттай гэсэн үг.
Хоёрдугаарт, УИХ-д суудалтай МҮАН энэ удаагийн сонгуульд оролцохгүй, харин АН-ыг дэмжиж ажиллана гэсэн нь мөн л МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг задрахын дохио болов. Өөрөөр хэлбэл, МҮАН-ынхан АН-ыг сонгуульд дэмжинэ гэсний цаана УИХ-ын гишүүн М.Сономпил, Н.Батцэрэг нар АН-д орж тус намын нэрийн өмнөөс нэр дэвшихээр тохирсон байна. Ингэхдээ М.Сономпилыг Дарханд, Н.Батцэрэгийг Өвөрхангайд АН-аас нэр дэвшихийг зөвшөөрчээ. Н.Батцэрэгийн хувьд бүлгийн даргын суудлаа шилжүүлсэн нь үүнтэй холбоотой байж мэднэ. Эвслийн бүлгийн дарга байж байгаад бүлгээсээ гарах, гишүүн байж байгаад бүлгээсээ гарах хоёр нь ёс зүйн хувьд ялгаатай юм.
Нэр дэвшигчдийг хуулиараа тавдугаар сарын 9-нд баталгаажуулж зарлана. Тэгэхээр энэ хугацаанаас өмнө УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл задрах нь бараг л тодорхой боллоо.
Нөгөөтэйгүүр МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн задрал УИХ-ын гишүүн О.Баасанхүү болоод нэр дурдсан дээрх гишүүдийн асуудлаар хязгаарлагдахгүй. Цаашлаад Засгийн газрын бүрэн бүтэн байдалтай холбогдоно. Өөрөөр хэлбэл, эрх баригч АН олонхи болоогүй. Тэр утгаараа Засгийн газраа МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэлтэй хамтарч байгуулсан юм. Тэгэхээр эвслийн бүлэг задарвал дагаад "Шийдлийн" Засгийн газар задрах аюулд орно.
Г.Балжинням /АРДЫН ЭРХ/
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.