Танилц: АН-аас нэр дэвшигчид тодорч эхэллээ

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 05 сар 26 ・ 1

        АН-аас УИХ-ын сонгуульд Дархан-Уул, Өмнөговь, Булган, Хэнтий, Говьсүмбэр болон Дорноговь, Орхон, Сүхбаатар, Дорнод аймаг, Нийслэлийн Баянгол, Хан-Уул  дүүрэгт нэр дэвшигчид тодорчээ.

 

Дээрх тойргуудад нэр дэвшихээр эхний даваагаа амжилттай давсан хүмүүсийн хэн нь, хэн бэ?

 

 

Р.БУРМАА ДОРНОДЧУУДААС БУЛТАВ

 

УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө, аж ахуйн сайд Р.Бурмааг Дорнод аймагт нэр дэвшинэ гэж байсан ч тэрбээр Дарханд рүч үзэхээр болжээ. Учир нь түүнийг дорнодчууд сонгох байтугай чөлөөт бүс байгуулах асуудлаас үүдэлтэйгээр нутагтаа ч хөл тавиулаагүй билээ. Мөн өнгөрсөн хугацаанд Дорнодын тойргийг олигтой усалж чадаагүй юм. Тиймээс ийн тойргийг нь өөрчилж, мөрийг нь буруулж буй аж. Р.Бурмаа гишүүний хувьд сонгогчдын боловсролоор гаршсан болохоор тойргоо сольж, холих бол юу ч биш санагдаж, дараагийн парламентад гулсаад ороод ирнэ хэмээн найдаж байгаа биз. Гэвч намынхаа анхан шатны байгууллагаас эрхээ авсан ч бямба гарагт ҮЗХ чухам хэрхэн шийдэх бол.

 

М.СОНОМПИЛ АН-д ЭЛССЭНИЙ ШАГНАЛАА ХҮРТЛЭЭ

 

Нэг сарын өмнө  Н.Батцэрэгийн хамтаар МҮАН-аас АН-д элссэн М.Сономпил тойрог хуваах бялуунаас хүртэж чадсан байна. М.Сономпилийн хувьд АН-ын угшилтай хүн ч 2012 оны сонгуулийн өмнө М.Энхсайханы нам МҮАН-д орсон юм. МҮАН-аас Эрчим хүчний сайдад  томилогдон ажиллаж байсан удаатай. Харин 2016 оны сонгуульд нам нь оролцохгүй болсон учир эргэн АН-даа орсон юм. АН-ынхан түүнийг өөрсдөд дээр нь гүйж ирснийг нь шагнаж Дорнодын тойргийг гаргаж өгсөн нь энэ.

 

ӨМНӨГОВЬД ХУУЧЧУУЛ ХҮЧ ҮЗНЭ

 

АН-ынхан Өмнөговь руу тойргоо сайн мэдэх хууччуулыг явуулжээ. Тодруулбал, одоогийн аймгийн Засаг дарга Б.Бадраа, УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ нарын нэрийг санал болгосон байна. УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийн хувьд Өмнөговь аймгийн унаган хүүхэд, нутгийн зөвлөлийн даргаар нь олон жил ажилласан. Өнгөрсөн дөрвөн жилд Өмнөговьд цэцэрлэг, сургууль барихаас эхлээд тойргоо сайн усалсан гэдэг. Харин Засаг дарга Б.Бадраагийн хувьд аймгийн өдөр тутмын үйл амьдралд оролцож яваагийн хувьд иргэдийн дунд нэр хүнд сайтай аж.

 

ХЭНТИЙГ ХЭСҮҮЧЛЭГЧИД ТОДОРЛОО

 

Хэнтий аймагт УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар, Засаг дарга Ж.Оюунбаатар, Ерөнхий сайдын зөвлөх асан М.Хүдэрбаатарын нэрийг тойргийн намын хороо нь дэвшүүлжээ. АН-аас тус тойрогт 2012 онд Б.Гарамгайбаатар, М.Хүдэрбаатар нар өрсөлдсөн. Б.Гарамгайбаатар ялалт байгуулж, улмаар УИХ дахь АН-ын бүлгийн даргын албыг хашиж байна. Тэрээр улаан тойргийг цэнхэртүүлсэн гэдгээрээ намдаа нэр хүндтэй нэгэн. Б.Гарамгайбаатарын хувьд аймгийн намын хорооны даргын алба хашдаг. Мөн “Монроуд” компанийг үүсгэн байгуулагч юм. Түүний үүсгэн байгуулсан компани бондын хөрөнгөнөөс санхүүжиж орон нутагт зам тавьсан ч хэдхэн сарын настай байсан гэх шүүмжлэлийг хүлээгээд буй. Харин М.Хүдэрбаатарын хувьд Ерөнхий сайд Н.Алтанхуягийн зөвлөхөөр ажиллаж байсан. Өдгөө Ч.Сайханбилэгийн зөвлөхөөр мөн ажиллаж буй юм. Мөн Хэнтий аймгийн Үндэсний бөхийн холбоо болон Хан Хэнтий хөгжлийн сангийн тэргүүнээр ажилладаг.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: