Б.Ганзоригийн тарьсан хэрэгт ял оноох нь

Нийгэм ・Нийтэлсэн: Баярмаа 2014 09 сар 22

Тендер нэрийн дор төсвийн мөнгөөр гараа угаасан хэргээр “Нийслэл-Өргөө”-гийн Б.Ганзоригийг цагдан хориод байгаа бол энэ сард багтаж, түүнийг шүүх хурал болно гэсэн мэдээлэл байна.

Б.Ганзоригийн хувьд ард олон, нийгэмд хэрэгтэй олон зүйлийг нураасан нь баримтаар нотлогдсон юм. Хамгийн энгийн жишээ гэвэл Б.Ганзоригийн буруутай үйлдлээс болж Яармагт баригдаж байгаа 300 ортой IV амаржих газар ашиглалтад орохгүй өнөөдөртэй золгож байгаа. Тэрээр захиалагчаас 95 хувийн санхүүжилт авсан хэрнээ “санхүүжилт хаана ч хүрэлцэхгүй байна” гэх шалтгаанаар тендерт хүлээсэн үүргээ мартаж, даруй гурван жил өнгөрчээ.

 

      Түүнчлэн Баян-Өлгий аймагт 2012 онд “Багийн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд  тус аймгийн 13 сумын 30 багийн байрыг шинээр бариулахаар болсон тендер зарлахад “Нийслэл өргөө” компани шалгарсан байдаг.

Тус компани  30 багийн оффисын барилгыг нэг тэрбум 504 сая 430 мянган төгрөгөөр барих санал өгч ялалт байгуулжээ. Харин тендер шалгаруулах комиссынхан эдгээр барилгыг улсын төсвийн нэг тэрбум 505 сая төгрөгийн төсөвт өртгөөр бариулах болзолтой тендер зарласан байдаг ажээ. Өөрөөр хэлбэл, “Нийслэл өргөө”  0.5 сая төгрөг хэмнэхээр тендерт оролцож ялсан байгаа юм. Гэвч  “Нийслэл өргөө” компани барилгын ажлыг хангалтгүй гүйцэтгэж, үүний үр дүнд 30 барилга барих мөнгөөр ердөө 19 барилгын ажил гүйцэтгэсэн болохыг тогтоогоод буй.

 

     Түүний шалгаж буй өөр нэг үндэслэл бол Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны харъяа “Үндэсний архив”-ын барилгын асуудал юм. Энэхүү тендерт “Нийслэл өргөө” компани нь батлагдсан хяналтын төсвөөс нэг тэрбум төгрөгөөр бага буюу 7.7 тэрбум төгрөгөөр барилгын ажлыг гүйцэтгэх дүн ирүүлсэн байна. Ингэхдээ тендерийн үнийн дүнгээ багасгах зорилгоор тендерийн баримт бичгийг хуурамчаар бүрдүүлж, илт бага үнийн санал ирүүлсэн аж. Түүний хууль бусаар буюу хууль зөрчин барьж байсан Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны харъяа “Үндэсний архив”-ын барилгаас гурван хүн унаж амь насаа алдсныг иргэд мартаагүй байгаа нь лавтай. Хэдийгээр тухайн үед мэргэжлийн хяналтын байгууллагаас тус барилгын үйл ажиллагаа явуулах эрхийг зогсоосон гэж мэдэгдэж байсан ч тун удалгүй энэ шийдвэр “үлгэр” болж, одоо хууль бус барилга дээр 50-иад ажилчид ажиллаж, барилгын ажил үргэлжилсээр байгаа аж.
 

      Юутай ч нийгэмд багагүй хохирол учруулсан “Нийслэл-Өргөө”-гийн Б.Ганзоригт ял оноох нь.

 

Н.Дөл 

эх сурвалж: www.Unen.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх