Д.Цолмон: Зөвхөн надад зориулж тэргэнцэр бүтээж байгаад баяртай байна

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2014 11 сар 04

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамддаг гол асуудал бол тэргэнцэр юм. Иймд “Улс төрд шинэ манлайлагч” зорилтот телевизийн төслийн “Хорьт” багийн залуус өөрсдийн хэрэгжүүлж буй “Дэм дэмэндээ ...” төсөлдөө дээрх сэдвийг хөндсөн.

Манай улсын хэмжээнд 6000 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд байдаг гэсэн судалгаа бий. Хэдийгээр залуус тэдгээр иргэдэд бүгдэд нь туслаж чадахгүй ч гэлээ өөрсдийн боломжыг дайчлан “Хөгжлийн бэрхшээл – Хүнлэг сэтгэл” төлсийг санаачлан, ажилаа хэдийнэ эхлүүлсэн юм.

Тэдний санаачлагаар Монгол хүний ур ухаан шингэсэн, өөрийн улсад үйлдвэрлэгдсэн тэргэнцэр удахгүй үйлдвэрлэлээс гарах гэж байна.

“Хорьт” багийн гишүүн Ариунаа "Бид “Хөгжлийн бэрхшээл – Хүнлэг сэтгэл” төслийн хүрээнд хийгдэж байгаа тэргэнцэрийн үйлдвэрлэлийн явцтай танилцахаар “Никель Гамбаа” компаний байранд ирлээ. Залуучууд бид өнөөдөр өөрсдөө хийж бүтээж, сэтгэж чадна гэдгийг эдгээр залуус харуулж чадаж байна. Монгол хүн өөрийн ур ухаанаа шингээж гадаадын улс орноос маш үнэтэй худалдаж авдаг тэр тэргийг хамаагүй бага өртөгт багтаан чанартай хийснээр манай улсын олон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамддаг гол асуудал шийдэгдэх боломж нээгдэж байгаа юм" гэлээ.

“Хорьт” багийн гишүүн Т.Ариунболд "Бидний санаачилсан энэ төсөлд эхний ээлжинд 5 хөгжлийн бэрхшээлтэй иргэн хамрагдаж байгаа. Тэдний төлөөлөл болон Цолмон өнөөдөр хамт ирж, өөрийн тэргэнцэр дээр сууж үзэн, ахин хэмжээ өглөө. Ингэснээр тэргийг тухайн хүнд нь илүү тохиромжтой болгож, засаж сайжруулах дараагийн үйлдвэрлэлийн ажил явагдах юм. Хэдийгээр цөөхөн хүнд зориулж төсөл хэрэгжиж байгаа ч гэлээ Монголд үйлдвэрлэсэн тэргэнцэртэй болох боломжыг бид эхлүүлж байна гэж ойлгож болно" хэмээн өөрийн сэтгэгдлээ бидэнтэй хуваалцсан юм. 

“Хаанбанк сан”-гийн менежер Ц.Энх-Өлзий "Манай сангийн зүгээс энэ төсөлд хөрөнгө оруулалт хийн, дэмжин ажиллаж байгаадаа баяртай байгаа. Учир нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамддаг гол асуудлыг шийдэх гарцыг залуучууд санаачлан гаргаж, түүнийг бодит ажил болгон хэрэгжүүлсэнээр удахгүй 5 иргэн өөрт нь зориулж хийсэн, стандарт хангасан тэргэнцэртэй болох гэж байна. Бидний зүгээс цаашдаа тэргэнцэр үлдвэрлэх энэхүү жижиг дунд үйлдвэрлэлийн үйл ажиллагааг дэмжин ажиллах хүсэлтэй байгаа" гэдгээ мөн энэ үеэр онцлов.

Иргэн Д.Цолмон "Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс өвчний шалтгааны тухайд харилцан адилгүй байдаг. Иймд нэг загвараар хийгдсэн тэргэнцэр тухайн хүнд шууд тохирох нь тун ховор байдаг тул тэргэнцэрт тохируулж суух, биеэ авч явах гэдэг эрүүл мэндийн хувьд эрсдэл дагуулдаг. Гэхдээ би удахгүй зөвхөн надад зориулж хийсэн тэргэнцэртэй болох гэж байна. Төсөлд хамруулж, үр дүнг нь хамтдаа харах гэж байгаа “Хорьт” багийн залуус, “Хаанбанк сан” болон Монгол хүний чадварыг харуулан ажиллаж байгаа “Никель Гамбаа” компанийн зохион бүтээгч нартаа баярлалаа. Энэ үйл ажиллагаа Монголын олон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд баяртай мэдээ байх болно" хэмээн сэтгэлийн үгээ биднээр дамжуулан илгээлээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх